Өнөөдөр бол намрын номын баяр. Тиймээс энэхүү нийтлэлийг уншигч танд хүргэж байна.
"Шүлэг гэдэг амьдрал атал
Амьдрал даанч шүлэг биш"...
Хэдэн жилийн өмнө Г.Лхагвадуламын "Дотно алс" хэмээх шүлгийн түүврийг нээсэн даруй учирсан мөр билээ. "Тагтаа Паблишинг"-ийн орчуулагчаар ажилладаг Г.Лхагвадулам гэх эгэл, бодь амьдрагч, яруу найрагч бүсгүйн тухай хүүрнэх зүйл минь ховор. Гэвч түүний орчуулсан номуудаас нь уншиж, далдхан биширч явдгийн учир эдгээр орчуулгын шүлгүүдийг нь нийтэлж байна.
1. Чамайг үнссэний дараа
Мики Рофү (1889-1964) - Япон
“Унтаж байна уу?”…
“Үгүй” гэж чи хариулна.
Тавдугаар сарын цэцэгс
Дэлгэрэх үд дунд…
Нуурын эрэг дээр,
Нарны дор
“Ингээд нүдээ аниад
Энд би үхэж чадна” гэж чи хэлнэ.
2. Хайр гэдэг...
Адриан Хенри (1932-2000) - Англи
Хайр гэдэг…
Хайр гэдэг бүхээгтэй тэрэгний ард даарах
Хоёрхон гишүүнтэй фэн клуб байгуулах
Хайр гэдэг будагтай гарыг чинь атган алхах
Хайр гэдэг
Хайр гэдэг өвлийн шөнө загас, хатсан төмс идэх
Хачин соргог мэдрэмжээр дүүрэн хөнжил нөмрөх
Хажуулахаар хэвтэхдээ чи гэрлээ унтраахгүй байх
Хайр гэдэг
Хайр гэдэг дэлгүүрийн лангуун дээрх Зул сарын бэлгүүд
Хайр гэдэг чи хөгжмийн нэвтрүүлэг шимтэн үзэх
Хайр гэдэг хөгжим зогссоны дараа болдог явдал
Хайр гэдэг
Хайр гэдэг орхигдсон охин шиг хэвтэх цагаан дотоож
Хайр гэдэг илчээ дөнгөж алдсан унтлагын ягаан даашинз
Хайр гэдэг үүр цүүрээр чи явахаар босох
Хайр гэдэг
Хайр гэдэг чи бас би
Хайр гэдэг шорон бас эрх чөлөө
Хайр гэдэг явсны чинь дараа байгаад л байдаг тэр нэг юм
Хайр гэдэг…
3. Уран гоёор шоонуудаа хаяж...
Кайфи Азми (1919-2002) - Энэтхэг
Уран гоёор шоонуудаа хаяж
Уриалгахнаар Цаг хугацаа өшөөгөө авлаа.
Урьдын чи одоо алга, би ч алга.
Эгшин ч холдоогүй мэт
Эргээд учирсан ч чи бидэн
Эцэст нь ав адилхан төөрлөө.
Анх учирсан зам дээрээ одоо хоёулаа алга.
Адилхан сонсогдох бидний алхаа л
Алсарч цуурайтсаар замхарлаа.
Эндээс хаа хүрэх вэ? Хариулт алга.
Эцтэлээ алхах уу? Хүрэх газар алга.
Эрж юу хайгаа вэ? Мэдэх юм алга.
Эмзэглэж дурсамжаа сөхөх бүрт бидний сэтгэл
Эрт урьдын зүүдэндээ олзлогддог -
Энэ үнэнээс өөр үнэн алга.
4. Наманчлал
Чарльз Буковски (1920-1994) - АНУ
ор луу үсрэхээр
гэтэх муур шиг
одоохон ирэх
үхлээ хүлээнэм.
эхнэрээ бодохоор л
харамсаж байна, би.
эхнэр минь
энэ хөшүүн
цонхигор
биеийг
эгээ л могой шиг
ганц, эсвэл хоёр удаа
татваганахыг харж
“Хэнк!” гэж дуудна.
Хэнк нь гэвч
хариу дуугарахгүй.
үхнэ гэхээс
санаа зовж байгаа юм биш.
эхнэрт маань л
ор хоосон
овоорч үлдэнэ гэхээс
онцгүй байна.
дэргэд нь унтсан
өчнөөн олон шөнө,
дэмий баахан
хэрүүл маргаан хүртэл
сайхан байсныг
хэлмээр байна.
хэлэхээс эмээдэг
хэцүүхэн үгийг ч одоо
хэлж болно:
Хайртай би
чамд.
5. Чамтай л хуваалцсан өдрүүд, хэдэн ном, өнөөх хөгжим...
Ингеборг Бахман (1926-1973) - Австри
Чамтай л хуваалцсан өдрүүд, хэдэн ном, өнөөх хөгжим.
Чиний хэрэглээд орхисон түлхүүр, цайны аяга,
талхны сагс, цагаан хэрэглэл, ор.
Чиний юу ч үлдээлгүй үрж дуусгаад явсан
үгс болоод үйл хөдлөлийн минь инж.
Дагах л ёстой, дагаж л орхисон
дүрэм журмууд.
Дурлуулж орхисон өвөл, зун, Венын аялгуу,
далайн эрэг, газрын зураг, уулан дахь овоохой.
Бидэнд л хамаатай өдрүүдийг тэмдэглэсэн
цаг тооны бичиг, буцаашгүй амлалтууд-
миний шүтээн.
Шүтээндээ мөргөхдөө өөр юмсыг биширсэн минь тоотойхон,
сүсэглэсэн минь үгүй.
Шашнаас ч сүрдэж явсангүй, гэрт маань
ариун дуган байсан нь бидний ор.
Тэнгис рүү хандсан цонх намайг зураач болгосон.
Тагтан дээрээсээ би хөршүүдтэйгээ мэндэлдэг болсон.
Задгай галын дэргэд, чиний хажууд үс минь хүртэл
хамгийн тодоор гялалзан байсан.
Зол, жаргалын минь сэрүүлэг чиний дардаг
хаалганы хонх байсан.
Гарз минь тэгэхээр
ганц чи биш.
Ахуй ертөнцөө бүхлээр нь
алдчихаад байна, би.
6. Тэр нэгэн цагт танд би хайртай байлаа...
Кэрол Рюмэнс (1944) - Англи
Танд би хайртай байлаа...
- Пушкин
Тэр нэгэн цагт танд би хайртай байлаа.
Аргагүйн эрхэнд тааралдах бүртээ одоо ч
бичилхэн “Би танд хайртай”-г минь та сонсдог уу?
Битгий тавгүйт, битгий нуугд!
Навч нахиагүй ч өгөршсөн мод ургахдаа л ургана.
Дотор нь үхэж буй, бүжих л байсан ногоон өнгийг нь
нээж үзэх гэж мөчрийг минь хугалах хэрэггүй.
Амраг хайрт тань болохгүйгээ мэдсээр байж л
таныг хайрласан би.
Аа, харин одоо юу? Гэрэл, сүүдэрт навчсыг
алаглуулагч олон зуныг,
амгалан зүүдэндээ таны дэргэдээс олж хардаг
өөрийнх шигээ
ариун гэнэн, эмзэг дөлгөөн төрхтөнийг танд ерөөе!
7. Чин үнэн хайр
Шэрон Өүлдс (1942) - АНУ
Хурьцаж дуусаад шөнө дунд хамтдаа өндийж
хэн хэнийхээ дөнгөж үйлдсэн бүхнийг мэдэх учир
харилцан итгэлцэх анд нөхөд шиг
биесээ удаан ширтэлцсэн бид
бүсэлхийгээрээ холбогдчихоод оргилоос уруудах
уулчид шиг ариун цэврийн өрөө тийш
урт хонгилоор ханьсан алхана.
Алхах биш юм аа, би л гэхэд
агаарт сүүдрээ ч үлдээлгүй хөвөхдөө
аниатай нүднийхээ цаана чамайгаа
аанай л над шиг жингүйдэхийг харж,
аварга том үл үзэгдэх олсоор чирүүлэн
асан дүрэлзэх хүслээ дуу ч гаргалгүй
амьсгал хураан дэвслүүлэхийг мэдэрнэ.
Амьдралын минь хамгийн
аз жаргалтай мөч энэ гарцаагүй мөн.
Хүүхдүүд минь олдоо нь үгүй ашигт малтмал шиг
хувь заяагаа тэврээд өрөө өрөөндөө унтана.
Бие засаж суухдаа
энүүхэнд чи намайг хүлээж байгааг мэдэх,
гараад цонхоо нээхэд цас
эгц шулуухан унжиж хоцорсныг харах хэчнээн сайхан.
Хайруу болрон хана тэртээд
нам гүмхэн гялтганахыг
хараг гэхдээ чам руу сэм дохиход
дэргэд ирээд чи гараас минь атгана.
Чамайг налж зогсоод би
“Цаана нь юу байгааг харж чадахгүй нь,
үүнээс цааш ер нь
юу ч харагдахгүй нь” гэж шивнэнэ.
8. Цаг хугацаа тайвшрал авчирдаггүй...
Эдна Сент-Винсент Миллей (1892-1950) - АНУ
Цаг хугацаа тайвшрал авчирдаггүй, шаналлыг минь
цаг хугацаа эдгээнэ гэж хэлсэн та нар бүгд худалч!
Уйлагнах борооноор би түүнийгээ санаж,
угалзат давалгаа хумигдахад түүнийгээ хүсдэг.
Түрүүчийн цас уулын энгэр бүрээс хайлж
түүдгийн утаа болжээ, хуучин оны навч ч...
Ноднин жилийн гашуун хайр гэвч сэтгэлд минь
овоороостой байна, хуучирсан бодлуудын минь дэргэд.
Түүнийг минь санагдуулж, өөдөөс мэлтийх зуун газарт
очихоосоо би айдаг болж. Гэлээ ч
түүний хөл хүрээгүй, төрх нь гэрэлтэхгүй газарт
түр ч атугай тайвширюу гэж очихдоо
“Түүнийг минь санагдуулах юм энд алга аа” гэж
түгшиж, мэгдэхдээ түүнийгээ л саначих юм.
9. XVII Сонет
Пабло Неруда (1904-1973) Чили
Утаат молор, өргөст нохойн хошуу,
Улалзах галын дөл адил улаан лиш шиг санаж
Чамайг хайрладаггүй би.
Сүүдэр болоод сүнснийхээ хооронд нууцаар
Чандлан дээдэлдэг
Бараг л үл баригдам
Бараан зүйлсийн адил чамайг хайрладаг би.
Дэлбээгээ нуусан цэцэгсийн гэрэл гэгээг дотроо тээгч
Дэлгэрэх нь үгүй ургамалтай адилтгаж
Чамайг би хайрладаг.
Хөрс шорооноос амилсан замхаршгүй нэгэн анхилан
Хувиршгүй хайрын чинь ачаар л
Харанхуй адил биед минь шургадаг.
Хэрхэн, хэзээ, хаанаасаа ч гэдгээ мэдэлгүйгээр
Хайрладаг би чамайг.
Эргэлзээ, ээдрээ, бардамналгүйгээр
Эрс шулуун, ил тодоор хайрладаг би чамайг.
Цээжин дээр минь тавьсан гар чинь
Өөрийнх минь юм шиг санагдах,
Зүүрмэглэн нүдээ анихад минь чи
Зэрэг нүдээ аних тийм ойр ахуйд,
Би үгүйд чи ч үгүй тийм газарт
Байхаас өөрийг мэдэхгүй учир
Чамайг хайрладаг би.
10. Яаж хайрладаг билээ, би чамайгаа...
Элизабет Баррет Браунинг (1806-1861) - Англи
Яаж хайрладаг билээ, би чамайгаа? Тоочих гээд нэг үзье.
Хараа хүрэх хамгийн алс хязгаараас
Оршихуйн төгсгөл, Бурханы ивээлийг эрэх энэ л сэтгэлийнхээ
Хүрч болох хамгийн гүн, хамгийн уудам, хамгийн өндөрт чамайг хайрланам.
Өдрийн наран хийгээд лааны гэрэл тэргүүтэн-
Өдөр бүрийн хамгаас эгэл хэрэглээ шигээ энгүүнээр хайрланам.
Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгчид шиг эрээгүй хайрланам,
Эрхэм сайшаалаас тэд татгалзах шиг энгүй ариунаар хайрланам.
Урьдын шаналал, унаган багын итгэл үнэмшилд л хамаатай
Ухаангүй хүслээр чамайгаа хайрланам.
Ор мөргүй болсон гэгээнтнүүдээ хайрладаг асан
Одоо надад үгүй мэт тийм хайраар чамайг хайрланам.
Энэ л амьдралынхаа амьсгал бүрээр,
Инээмсэглэл, нулимс бүрээр чамайг хайрланам, би.
Энэрч, Бурхан болгоовол үхэл ирсний дараа ч
Илүү, бүр илүү ихээр чамайг хайрлана аа, би.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)