Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 21-нээс 2024 оны арваннэгдүгээр сарын 25-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр 24-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна. 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.