БАРИМТ 1
1960 оны шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах үүргийг МАХН-ын Төв хорооны Улс төрийн Товчоонд хүлээлгэж, комиссын даргаар Төв хорооны нарийн бичгийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалыг тохон томилж байв.
БАРИМТ 2
Ардын Их Хурлын дөрөвдүгээр сонгуулийн анхдугаар чуулганаар 1960 оны долоодугаар сарын 06-нд БНМАУ-ын гурав дахь Үндсэн хууль батлагдав.
БАРИМТ 3
Энэхүү Үндсэн хууль 10 бүлэг, 94 зүйлтэй ба “Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол В.И.Лениний сургаалыг мөрдлөг болгон феодализмаас капиталист хөгжлийн шатыг алгасч социализмд шилжих замдаа нийгэм, эдийн засгийн хувьсгалт их үндсэн өөрчлөлт хийж социалист шинэ эдийн засгийг байгуулж, социалист үйлдвэрлэлийн харилцааг бүх улс ардын аж ахуйд ялуулж, хөдөлмөрчин ард түмний аж амьдрал, соёлын хэмжээг дээшлүүлэх талаар түүхэн их амжилт олов.” хэмээн оршил хэсэгт тэмдэглэгдсэн нь улс орныг хөдөө аж ахуйн орноос аж үйлдвэрийн орон болгох хувьсгал эрчимжсэн, хот байгуулалтын хөгжлийн онцлог үе эхэлсэн түүхтэй.
БАРИМТ 4
Хэдийгээр ангийн ялгаварлал агуулсан ч гэлээ улс орны үндсийг хүн ард, иргэд рүү чиглүүлсэн нь энэхүү Үндсэн хуулийн дэвшил гэж дүгнэж болох юм. Ангийн бүрэлдэхүүнийг ажилчин, хоршоолсон ард, хөдөлмөрч сэхээтэн хэмээн тогтоож, улсын үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо байхыг зааж өгчээ. “Үйлдвэрлэх хүчийг байнга өсгөн өрнүүлж, социалист төрийн өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах” чиглэлийг тодорхойлсноор Монголын нийгэмд ажилчин ангийн тэргүүлэх үүрэг Үндсэн хуульжсан байна.
БАРИМТ 5
Ухаан солиотойгоос бусад 18 нас хүрсэн бүх хүн сонгох, сонгогдох, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, хурал цуглаан, жагсаал хийх, шүтэн бишрэхийн зэрэгцээ шашныг эсэргүүцэх эрхтэй байхаар хуульчилж, хувийн нууцыг “халдашгүй” болохыг Үндсэн хуулиар баталгаажуулсан юм. Түүнчлэн, иргэн хүний боловсрох эрхийг онцгойлон үзэж, үнэ төлбөргүй суралцах, тусгай мэргэжлийн дунд болон дээд сургуулийн оюутнуудад улсаас цалин олгохоор хуульчилсан.
БАРИМТ 6
Арван гуравдугаар зүйлд, “иргэний хөдөлмөрлөж олсон орлого, хадгаламж, орон сууц, амины туслах аж ахуй, амины хэрэгцээт зүйлс, гэрийн эд хогшлыг аминдаа өмчлөх эрх, түүнчлэн амины өмчийг өвлөх эрхийг хуулиар хамгаалах”-аар заасан ч уг өмчөө иргэн “нийгмийн эрх ашигт харшаар ашиглах”-ыг хоригложээ. Нэгэнт хоршоолж гүйцсэн, социалист аж ахуйг бүтээн байгуулсан тул өмчийн харилцаа гагцхүү социалист өмчид тулгуурлахаар, дотроо улсын болон хоршооллын гэх хоёр хэлбэртэй байхаар тогтоосон нь гуравдугаар Үндсэн хуулийн “цөм утга” нь байсан юм.
БАРИМТ 7
Засгийн бүх эрхийг ард түмэн Ардын депутатуудын хурлаар уламжлан барина гэж заагаад, засаглалын бүтцийг гурван жилийн хугацаатай Ардын Их Хурал, түүний Тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөл, яамд, тусгай газрууд, орон нутгийн Ардын депутатуудын хурлууд, гүйцэтгэх захиргаад гэсэн дэс дарааллаар тогтоосон нь нэр томъёоны хувь өмнөх Үндсэн хуулиудаас өөр боловч зарчмын хувьд анхдугаар Үндсэн хуулиар тогтоосон байгууллыг хэвээр хадгалсан байв.
БАРИМТ 8
Улс орны туйлын зорилгыг энэ Үндсэн хуулиар “коммунист нийгэм байгуулах” хэмээн тодорхойлоод, ах, дүүгийн харилцааг хөгжүүлж буй социалист орнуудын ард түмний нэгдэл нягтралыг бэхжүүлэхийн төлөө тэмцэл бол БНМАУ-ын “ариун дээд үүрэг” болохыг онцолжээ. Эдүгээ Монгол Улс дэлхийн 150 шахам улстай димломат харилцаатайн 90-ыг 1960-1989 оны хооронд буюу гуравдугаар Үндсэн хуулийн хугацаанд тогтоосноос үзвэл уг хууль үүргээ хангалттай хэрэгжүүлжээ гэж дүгнэж болохоор.
БАРИМТ 9
Манай улс 1961 онд НҮБ-ын жинхэнэ гишүүн болсныхоо дараахан санаачилга гаргаж 1970-аад оныг “Нийтээр бичиг үсэгтэн болох 10 жил” болгон дэлхий дахинаа зарлуулж байсан зэргээс үзвэл тухайн үед гадаад харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн идэвхтэй байсныг харуулдаг юм.
БАРИМТ 10
1960 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Ардын Их Хурлын IX удаагийн III чуулганаар (1978.12.26) БНМАУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “БНМАУ-д гагцхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Бүгд Найрамдах Монгол Улсын Сайд нарын Зөвлөл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын байнгын комисс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатууд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурор хууль санаачлах эрхтэй гэж заасан байдаг.