Дэлхийн агаарын чанарыг хянадаг "IQAir" байгууллагын мэдээлснээр энэ долоо хоногт Энэтхэгийн Дели хотын зарим хэсэгт бохирдлын түвшин Агаарын чанарын индексээр 1750-аас давсан байна. Агаарын чанарын индексээр 300-аас дээш давах юм бол эрүүл мэндэд аюултай гэж үздэг аж.
Лхагва гарагт хамгийн жижиг, хамгийн аюултай бохирдуулагч PM2.5-ын үзүүлэлт нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон аюулгүй хэмжээнээс 77 дахин их байгааг тогтоожээ.
Амьсгалах үед PM2.5 нь уушигны эдэд гүн нэвтэрч, цусанд уусан, астма, зүрх, уушигны өвчин, хорт хавдар, амьсгалын замын бусад өвчин, түүнчлэн хүүхдийн танин мэдэхүйн сулралтай холбоотой эмгэг, зулбалт зэргийг үүсгэдэг аж.
Дели хотын захиргаа сүүлийн 20 гаруй жилийн турш агаарын бохирдолтой тэмцэж байна. Зуны аагим халуун саруудад агаарын чанар улам бүр дорддог. Салхигүй бүгчим өдрүүдэд хог хаягдлын түймэр, нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас үүдэлтэй утаа, автомашины угаар зэрэг нь хотыг бүхэлд нь бүрхдэг аж.
Энэтхэгийн бохирдлын албаныхан Ням гарагт Дели хотын хэд хэдэн хэсэгт агаарын чанар хүнд түвшинд байгааг тогтоож, утааг арилгахын тулд ачааны машины хөдөлгөөн, барилгын ажлыг зогсоох зэрэг яаралтай арга хэмжээ авчээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар манай гаргийн өөр хаана ч ийм аюултай агаар байхгүй гэж дэлхийн агаарын чанарын ажиглагчид мэдээлсэн байна.
Ташрамд, Улаанбаатар хотын өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээгээр PM2.5, PM10 зэрэг хорт бодисыг хотоор жигд тархсан аюултай хэмжээнд буюу 100-300 хэмжээнд байгаа билээ. Энэ тоо өвлийн эд саруудад хэд дахин их байдаг.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)