УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Их хурал стратегитай ажиллана гээд шинэ хууль гаргачихсан. Үүнийхээ дагуу ажиллаж байна. Парламентын ардчиллыг хөгжүүлж, төлөвшүүлэх асуудал бол ҮАБ-ын үзэл баримтлалд заасны дагуу чухал бүрэлдэхүүн хэсэг болж явдаг. 126 гишүүнтэй болоод илүү мэтгэлцээнтэй, илүү олон ургальч болох чиглэл рүү явж байгаа. Нэг зүйл анзаарагдаад байгаа юм. УИХ дарга их л олон ажлын хэсэг гаргаад байгаа юм. Одоо 60 гарсан байх. Олон хуулийн төслийг санаачилж боловсруулах чиглэлд УИХ-ын гишүүд идэвх санаачлагатай ажиллаж байгаа нь сайшаалтай. Өмнө нь Байнгын хороонд тухайлан харьяалуулах боломжгүй асуудлаар ажлыг хэсэг гаргадаг байсан. Миний санаа зовж байгаа зүйл бол энэ олон ажлын хэсэг хэрэг дээрээ УИХ-ын дотоод бүтэц буюу Байнгын хороодыг хүчгүй болгож байгаа юм. Үндсэндээ Байнгын хороог ажлын хэсэг гаргах шаардлагагүй болгосон. Хоёрт, Засгийн газар, сайд нарын эрхлэх асуудлын хүрээний бодлогын асуудлыг парламент хариуцах юм уу, Засаг хариуцах юм уу? гэсэн асуултыг үлдээгээд байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг Ч.Лодойсамбуу хариуцах юм уу, Хууль зүйн сайд О.Алтангэрэл хариуцах юм уу гэсэн асуудалтай ижил. Бие биедээ найдаад байгаа юм биш биз дээ?
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж: УИХ-ын тухай хууль байгаа. УИХ-ын түвшинд, Байнгын хорооны түвшинд ажлын хээсг байгуулах гэсэн хоёр асуудал бий. УИХ-ын дарга ямар ч асуудлаар ажлын хэсэг байгуулах эрхтэй. Ажлын хэсгүүд хуулийн төсөл дээр ажиллаад, судалгаа хийгээд санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл гишүүд эрхийнхээ дагуу хууль санаачилж болно. УИХ болон Байнгын хороод Засгийн газарт чиглэл өгөх нь нээлттэй. Үүгээр зохицуулагдаад явна гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Урд нь бол тухайн гишүүнээс асууж, ярилцдаг л байсан. Намайг бол 7 ажлын хэсэгт оруулчихсан байна билээ. Би хоёр ажлын хэсгийг ахалж байгаа юм билээ. Тендерийн хууль гэх мэт.
Би тендерийн хуулийг шүүмжилсэн болохоос ажлын хэсгийг нь ахалъя гэж хэлээгүй шүү дээ. Энэ чинь даргын тушаал, шийдвэрээр ажилладаг байгууллага биш. Юун дээр ажиллах, ажиллахгүйг нь дарга заадаг газар бол парламент биш.
Ард түмний төлөөлөгч байгаа шүү дээ. Ямар ч асуудал дээр УИХ-ын гишүүн хууль санаачилж болно. Тэр байтугай, ямар ч ажлын хэсэгт орох эрхтэй. Тэгэнгүүт 8 жил судалгааг нь хийж байгаа өмч, компанийн засаглалын асуудалд оруулдаггүй. Дур зорго, үзэмж яваад байгаа юм уу?
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Сүүлийн үед барин тавин гөрддөг л болчихоод байгаа юм. УИХ-ын Тамгын газар зар тавьж, УИХ-ын гишүүдтэй биечилж уулзаад бүгдээс нь аль ажлын хэсэгт орж ажиллах вэ? гэдэг саналыг нэгд нэгэнгүй авчихсан. Одоо ч улаан, цагаан гөрдөж ярьдаг байдал хэрээс хэтэрлээ л дээ. Нотлогдоогүй янз бүрийн асуудал дээр гөрдөнө. Яах вэ, попроод яваад байж болно, гишүүний эрхийн асуудал. Гол нь ажлын хэсгүүдийн зорилго нь Монгол Улсад хэрэгжиж буй хуульд аливаа талаар доголдол, дутагдал байгаа эсэхийг судалж, дүгнэлт гаргаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулах, санаачлах асуудал. Нэгт, УИХ онцгой бүрэн эрхээрээ хууль хэлэлцэн батална. Хоёрт, УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа юм. Харин өнгөрсөн хугацаанд Хууль тогтоомжийн хуулиар УИХ-ын гишүүдийн зарим төрлийн хууль санаачлах эрхийг хязгаарлачихсан. Хуулийг салбарын яам Засгийн газраар дамжуулж санаачилж, орж ирж байгаа. УИХ-ын зарим гишүүд үүнийг учир дутагдалтай, салбарын эрх ашгийг хэт зохицуулаад хүний эрхийн болон цаг хугацаатай холбоотой зөрчил үүсээд байна гэж буй. Тийм учир судлах нь зүйтэй гэж үзсэн.
Мэдээж, УИХ-ын гишүүд ажлын хэсэгт заавал ажиллах албагүй. 60 орчим ажлын хэсэг байгуулагдсанаас 9 ажлын хэсэг идэвх султай явж байгаа. Түүн дотроо 3 ажлын хэсэг огт хуралдаагүй байна. Ахалж ажиллах шаардлагагүй, орж ажиллахгүй гэж байвал санал хүсэлтээ өгөх, өөр ажлын хэсэгт орж ажиллах боломж байгаа.
Хийе гэвэл арга нь олддог, хийхгүй гэвэл шалтаг олддог. Иргэдийнхээ төлөө ажиллах үйлс бол бүтэх боломжтой зүйл" гэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)