Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй уулзаж ярилцлаа.
“Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох" ажлын зорилго, ажлын үр дүнг танилцуулна уу?
Манай ажлын хэсэг Монгол Улсын 3.5 сая иргэний эрүүл мэндтэй шууд хамааралтай хүнс, хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн зохистой тээвэрлэлт, хадгалалт зэрэгт анхаарал тавьж, шаардлагатай зохицуулалтыг хуульд тусгах үүрэгтэй ажиллаж байна. Ажлын хэсгийн хоёр дэмжих бүлэг хүнс, хүнс түүний аюулгүй байдал, эм, эмийн судалгаа, лавлагааны чиглэлээр судалгаа хийж байна. Татан буугдсан мэргэжлийн хяналтынхантай адил хүнсний аюулгүй байдлаа, эм, эмийн бүтээгдэхүүнээ хянадаг бодлогын тогтолцоо буюу агентлаг байгуулах шаардлагатай гэж үзсэн. Тус агентлагийг “Хүнс, хөдөө аж ахуйн яам”-ны дэргэд байгуулах нь зөв гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн.
Тусдаа агентлаг байгуулахын давуу талыг Та хэрхэн харж байна вэ?
Нэн тэргүүнд бие даасан хөндлөнгийн судалгааны байгууллагаар тусдаа агентлаг байх эсэхээр судалгаа гаргуулна. Өөрөөр хэлбэл, хүнс, эмийн агентлаг ямар зохион байгуулалтай байх хийгээд давуу болон сул талыг тодорхойлох юм. Өнөөдрийн байдлаар нийслэл, дүүрэг, аймгуудад хүнсний хяналт хэвтээ тогтолцоотой ажиллаж байна. Ер нь бол бодлогын хувьд тусдаа бүтэц байх шаардлагатай гэдэгт ажлын хэсэг болон дэмжих баг нэг байр суурьтай байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, стандартыг хангуулахад хэрхэн ажиллаж байна вэ?
Эм, эмийн хэрэглэгдэхүүний шинэчилсэн найруулгын тухай хуульд эм, эмийн чанарыг бүрдүүлэх чухал заалтууд тусгагдсан. Эрүүл мэндийн яамнаас хуулийн дагуу 30 гаруй стандартыг гаргасан байх ёстой. Монгол Улсын хилээр орж ирж байгаа эмийг тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх, хадгалах зэрэг тээвэрлэлтийн стандарт дутагдалтай байна. Мөн лавлагаа шатлалын лабораториуд зах зээлд байгаа эмүүдийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар үйлдвэрлэсэн дугаар, эмийн найрлага дахь агууламж зэргийг нарийн шинжлэх шаардлагатай байна. Ийм түүврийн шинжилгээ хийхэд 1.2 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай атал дөнгөж 20 хувь буюу 220 сая төгрөгийг төсөвлөсөн. Үүний ард Эрүүл мэндийн яам эмийн өрсөлдөөн, чанарыг сайжруулах хүсэл эрмэлзэлгүй байна хэмээн хардахаас өөр аргагүй. Манай ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу ажиллаж чадвал хаврын чуулганаар үр дүнгээ УИХ-д танилцуулж, эрх зүйн өөрчлөлтийг хийхээр зорьж байна.
Сэтгэгдэл (2)