Канадын парламентын сонгуулийн урьдчилсан санал хураалтад 7 сая гаруй иргэн саналаа өгсөн нь тус улсад сонгогчдын ирц урьд өмнө байгаагүй шинэ дээд амжилт тогтоосон гэж Канад улсын сонгуулийн хороо мэдэгдэв. Урьдчилсан санал авах байрууд Улаан өндөгний баярын урт амралтын өдрүүдээр баасан гаргаас даваа гараг хүртэл дөрвөн өдрийн турш орон даяар ажиллав.
Санал асуулгын байрууд урт дараалалтай байсан бөгөөд зөвхөн өнгөрсөн баасан гарагт л гэхэд хоёр сая хүн саналаа өгсөн тооцоо гарчээ. Дөрөвдүгээр сарын 28-нд болох сонгуулийн өдөр хүртэл долоо хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байгаа тул холбооны удирдагчид сонгуулийн кампанит ажлынхаа эцсийн шатанд байна.
Канад улсыг АНУ-ын 51 дэх муж болгох талаар АНУ болон Доналд Трамп удаа дараалан хэлсэн энэ үед сонголтоо зөв хийх нь Канад хүн бүрийн саналаас ихээхэн хамааралтай болоод буй. Тэд улс орноо аль намаар удирдуулах ёстойг шийдэх чухал цаг мөчтэй тулгараад байна.
Холбооны сонгуулийг зохион байгуулдаг Канадын сонгуулийн байгууллага 7.3 сая канад хүн буюу нийт иргэдийн дөрөвний нэг орчим нь саналаа өгсөн нь өмнөх 2021 оны урьдчилсан сонгуулийн санал хураалтаас даруй 25 хувиар өссөн үзүүлэлт юм.
Мөн шуудангаар санал хураалт явагдаж, 754 мянга гаруй хүн саналаа илгээжээ. Энэ нь 2021 оны 660 мянгаас өндөр тоо байв. Хамгийн сүүлийн санал асуулгын дүнгээс харахад либералууд гол сөрөг хүчин Консерватив намаас 5 оноогоор илүү байна.
Л.Баяр