Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКазУ)-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Тасжуреков Ербол Куанышевич тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун тэргүүтэй удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй бодлогын хүрээнд экспортын баримжаатай төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдээлэл өглөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрийг дэмжих “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын газар тариалангийн тогтвортой хөгжлийн “Атрын IV аян”-г амжилттай эхлүүлсэн. Эдгээр үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснэр Монгол Улс хөдөө аж ахуйн түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэн, экспортын орлогоо нэмэгдүүлэхээр зорьж буйг тодотгов.
БНКазУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Тасжуреков Ербол Куанышевич Казахстан Улс Монгол Улсын мөн адил хөдөө аж ахуйн салбараа төрийн нэгдсэн бодлогоор дэмжиж буйг онцлоод, хөнгөлөлттэй зээл, татаас өгч боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэхээр ажиллаж эхэлснийг онцолсон юм. Сүүлийн жилүүдэд БНКазУ-ын Засгийн газраас хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэдээ жилийн 5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн байна. Энэ ажлыг БНКазУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэмжээнд манлайлан ажиллаж буйг тодотголоо.
Улмаар хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, худалдааг өргөжүүлэн, Монгол Улсын ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн сайн туршлагаас судлахаар айлчилж буйгаа дуулгалаа. Энэ хүрээнд дэлхийн туршлагыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах нь айлчлалын гол зорилго гэдгийг хэлэв.
Айлчлалын бүрэлдэхүүнд БНКазУ-ын Хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэр, барилгын яамны удирдах албан тушаалтнууд болон тус улсын арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн холбоо тэргүүтэй бизнес эрхлэгчид багтаж байгаа юм.
Сэтгэгдэл (1)