БАРИМТ 1
Дөрөвдүгээр сарын 22-нд болдог “Эх дэлхийн өдөр” нь 1970 онд АНУ-д байгаль орчны доройтлын талаарх мэдээ мэдээллийг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулсан үеэс эхлэлтэй. Тэр цагаас хойш энэхүү өдрийг дэлхийн 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлэх болжээ.
БАРИМТ 2
Манай дэлхий дээр 8 тэрбум гаруй хүн амьдардаг. Тэгвэл жил бүрийн хавар тохиодог Эх дэлхийн өдөр нь оршин амьдарч буй гараг ертөнцдөө анхаарал халамж тавих хэрэгтэй гэдгийг тэдэнд сануулдаг билээ.
БАРИМТ 3
Энэ өдөр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын тулд хүн төрөлхтөн юу хийх ёстойг сануулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд гарсан ахиц дэвшлийг сайшаан урам өгдөг. Мөн уур амьсгалын асуудлаарх гэрээ хэлэлцээрүүд байгуулах, байгаль орчны агентлагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц болдог.
БАРИМТ 4
Эх дэлхий өдрийг Сенатын гишүүн санаачилжээ. Висконсин муж улсаас сонгогдсон сенатч, Ардчилсан намын гишүүн Гэйлорд Нельсон АНУ-ын байгаль орчны байдалд ихээхэн санаа зовнидог нэгэн байв. 1969 оны нэгдүгээр сард Калифорни муж улсын Санта-Барбара хотод их хэмжээний газрын тос асгарсны дараа коллежийн хотхонуудад хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр сургалт явуулах санаа түүнд төржээ. Г.Нельсон энэ санаагаа олон нийтэд хүргэхийн тулд залуу идэвхтэн Денис Хэйсийг эгнээндээ элсүүлсэн байна.
БАРИМТ 5
Эх дэлхийн өдрийг тэмдэглэх санаа нь хэд хэдэн байгалийн хөнөөлт үзэгдлийн дараа гарч иржээ. Эх дэлхийн өдрийг санаачлан зохион байгуулагчдын нэг болох Д.Хэйс өмнө нь “Тайм” сэтгүүлд ярилцлага өгөхдөө, энэхүү тэмдэглэлт өдрийн цаад санаа нь Рэйчел Карсоны 1962 онд бичсэн “Silent Spring” ном, 1969 онд болсон Кайохога голын түймэр зэрэг байгаль орчинд олон нийтийн анхаарлыг хандуулсан хэд хэдэн үйл явдлын дараа төрсөн хэмээн ярьж байжээ. Түүний хэлснээр, АНУ-д агаарын бохирдлыг бууруулах, фермийн ажилчдад үзүүлэх хортон шавжны хорны нөлөөнд анхаарал хандуулах гэх мэт янз бүрийн асуудлаар ажилладаг хэд хэдэн бүлгүүд ажиллаж байсан боловч хоорондоо огт хамтран ажиллаж байгаагүй юм.
БАРИМТ 6
Эх дэлхийн өдрийг анх тэмдэглэхэд 20 сая гаруй хүн оролцсон. 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр болсон Эх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх анхны үйл ажиллагаанд олон сая хүн оролцжээ. Хүмүүс жагсаал хийж, гудамж цэвэрлэх ажилд гар бие оролцсон уг үйл явдлын үеэр Манхэттений Тавдугаар өргөн чөлөөний хөдөлгөөн зогсож байжээ.
БАРИМТ 7
Эх дэлхийн өдрийг коллежийн хуваариас шалтгаалан дөрөвдүгээр сарын 22-нд тэмдэглэдэг болсон. Эх дэлхийн өдрийг тэмдэглэх өдрийг товлоход коллежийн оюутнууд болох Хейс, Нельсон нарын хичээлийн хуваарь нь ихээхэн нөлөөлжээ. Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нь хаврын амралт, төгсөлтийн шалгалтын хоорондох ажлын өдөр байсан бөгөөд цаг агаарын хувьд тохиромжтой байжээ.
БАРИМТ 8
Автомашин үйлдвэрлэлийн салбарын ажилчдын нэгдсэн эвлэл Эх дэлхийн өдрийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Автомашин үйлдвэрлэлийн салбарын ажилчдын нэгдсэн эвлэлийн /UAW/ тэргүүн асан 1970 онд 2000 ам.доллар /одоогийн 15500 гаруй доллартай тэнцэх/ хандивласнаар Эх дэлхийн өдөрт хамгийн их хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг болж байлаа.
БАРИМТ 9
АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг Эх дэлхийн анхны өдрийн дараа байгуулагдсан. Байгаль орчныг хамгаалах механизмуудыг зохицуулдаг Байгаль орчныг хамгаалах агентлаг /EPA/ 1970 оны 12 дугаар сарын 2-нд байгуулагджээ. Улс орон даяар өрнөсөн Эх дэлхийн өдрийн жагсаалд асар олон хүн оролцсоны дараа АНУ-ын Конгресс ийм агентлаг байгуулах шийдвэрийг гаргасан байна
БАРИМТ 10
Эх дэлхийн өдрөөр олон арван сая мод тарьсан. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр, жил бүр 7 сая гаруй га ой мод устаж байна. Үүнтэй тэмцэхийн тулд “earthday.org” байгууллага 2010 онд “Canopy” төслийг санаачилсан бөгөөд тэр цагаас хойш дэлхий даяар олон арван сая мод тарьжээ.