Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй монголын "Гэрэл зургийн долоо хоног" цогц арга хэмжээ "Монголын түүх гэрэл зурагт" уриан дор өнгөрөгч даваа гарагт нээлтээ хийжээ. Арга хэмжээ бүтэн долоо хоног үргэлжилнэ. Дэлхийд 1830-аад оны дунд үед гэрэл зураг үүсэж хөгжсөнөөс хойш тун удалгүй монголчууд гэрэл зурагт анх дүрсээ үлдээсэн түүхэн баримтын он цагийг тодруулсан "шинэ" зураг болон урьд өмнө дэлгэгдэж байгаагүй ховор нандин зургуудаар мэлмий гэрэлтүүлсэн долоо хоног ийн үргэлжилж буй. Үүнтэй холбогдуулан бид та бүхэнд уг үзэсгэлэн, арга хэмжээнд саатах таван чухал шалтгааныг онцолж байна.
ШАЛТГААН нэг
Монгол улсад албан ёсоор 1935 онд гэрэл зургийн алба байгуулагдсанаас өдгөө 90 жилийн ой тохиож буй хэдий ч монголчууд анх 1845 онд гэрэл зурагт дүр төрхөө үлдээж, гэрэл зургийн түүхээ эхлүүлсэн нь дахин 90 жил урагшлан 180 жилийг үдсэн болохыг монгол нутагт гэрэл зураг авсан түүхэн баримт, тухайн зураг, хэвлэгдсэн ном бүтээлээр гэрчлэн олон нийтэд танилцуулж буй нь "Mongolian Photo Week 2025" арга хэмжээний онцлох үйл яюдал гарцаагүй мөн билээ.
ШАЛТГААН хоёр
Арга хэмжээгээр түүх, байгаль, орчин үеийн сэдэвт гэрэл зургийн уран бүтээлийг олон нийтэд хүргэх, танин мэдүүлэх, үзэсгэлэнт эх орон, түүх, өв соёлоороо бахархах үзэл, хандлагыг нэмэгдүүлэх, гэрэл зургийн хөгжил, нийгмийн үүрэг, нөлөөллийг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжэнд зохио байгуулж, үндсэн, тусгай, салбар үзэсгэлэнгүүдийг нийслэлд Монголын уран зургийн галерей, Театрын музей, бусад арт галерейнууд, аймаг орон нутгийн музей, галерейдэд тус тус толилуулж байна.
ШАЛТГААН гурав
Үндсэн үзэсгэлэн болох "Монголын түүх гэрэл зурагт", "Монголын сайхан орон", "Гэрлээр зурсан сэтгэлгээ" үзэсгэлэнгүүд Монголын уран зургийн галерейд байрлаж, баримтат гэрэл зургийн "Өв" үзэсгэлэн "Улаан гэр" галерейд, "Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2024" олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд, "Нарт тэнгэрийн орон" гэрэл зургийг үзэсгэлэн Монгрлын театрын музейд, "Тал нутгаас тавхай чинээ" гэрэл зургийн үзэсгэлэн Уран зургийн галерейд тус тус тавигджээ.
ШАЛТГААН дөрөв
Гэрэл зургийн долоо хоногийн хүрээнд "Монголын түүх гэрэл зурагт", "Go Mongolia Day", "Хэвлэлийн гэрэл зураг", "Баримтат гэрэл зураг, гэрэл зураг сонирхогчид", "Залуу гэрэл зурагчин уран бүтээлчид", "Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй зурагчид"-ын тус тусын өдөрлөгүүдийг зохион байгуулах бөгөөд мэдээлэл, танилцуулга, сургалт, сурталчилгаа, эрдэм шинжилгээ, судалгааны илтгэл, хэлэлцэүүлгүүд нээлттэй болно.
ШАЛТГААН тав
Энэ үеэр "AI технологийн гэрэл зурагт үзүүлэх нөлөө, эерэг ба сул тал" яриа, Хар цагаан фото лабораторид хэрхэн ажиллах вэ? үзүүлэх ажил, Комтемпорари уран бүтээлч залуусын "Гэрлээр зурсан сэтгэлгээ" тусгай үзэсгэлэнд тавьсан зургуудын тухай яриа, "Тусгай сонирхлын гэрэл зургийн аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэх нь" санал, ярилцлага, "Сэтгүүлзүйн тайлбар шаардсан мэдээллийн тухай", "Монголын фото сэтгүүлзүйн хөгжлийн судалгаа", "Монголын анхны гэрэл зургийн он цагийг тогтоох нь", "Маршал Чойбалсангийн түүхэн гэрэл зургийн тухай" сэдэвт илтгэлүүд тавигдана. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулж буй залуу гэрэл зурагчдын "Улсын анхдугаар уралдаан"-ы шалгаруулалт, шагнал гардуулах ёслол арга хэмжээний сүүлийн өдөр болж өндөрлөх ажээ.
Л.Баяр