АН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Нийслэлээс агаар орчныг бууруулах хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулахаар ирсэн. Манай намын бүлгийн зүгээс нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг мэдээллээ танилцуулаач гэсэн ч Х.Нямбаатар дарга тодорхой шалтгааны улмаас ирэх боломжгүй буюу томилолттой гэх шалтгаан хэлсэн. Ингээд нийслэлийн орлогч болон бусад хүн ирж мэдээлэл өгсөн ч тун хангалтгүй байсан. Тиймээс Х.Нямбаатар даргыг өөрөө байлцаж, мэдээллээ өгөх учиртай гэсэн үүднээс мэдээлэл хийсэн хүмүүсийг буцаан явуулсан. Нийслэлийн Засаг даргад аливаа асуудлыг хэлээд, хариу арга хэмжээ авч чадахаа больсон. НЗДТГ-аас УИХ нь мэдээллээ авч чадахаа больсон байна. УИХ-ын гишүүд болон миний зүгээс ажлын санал, албан бичгийг хүргүүлсэн ч 20 хонож байна. Өмнө нь явган хүний зам засвартай холбоотой ажил дээр очиж танилцъя гэхэд эрүүл мэндийн шалтгаантай байна гэж гэсэн ч худлаа байсан. Өнөөдөр бас үнэн, худал нь мэдэгдэхгүй байгаа. Тэгэхээр хариуцлагагүй байгааг нь олон нийтэд хэлэх нь зөв болов уу. Тэгэхгүй бол дөнгөж томилогдсон орлогчоо явуулаад, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, одоо хийх гэж байгаа ажлыг тэр хүмүүсээс асуух хэцүү, байх хэцүү. Тиймээс УИХ-ын үйл ажиллагаанд битгий саад болооч гэдгийг хэлье" гэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)