АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины талд АНУ-аас нийлүүлсэн алсын тусгалтай пуужингуудыг Орост цохилт өгөхөд ашиглаж болох зөвшөөрөл олгожээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэдэн сарын турш АТАКМС гэгддэг пуужингийн хязгаарлалтыг цуцалж, Киевт өөрийн хилийн гадна цохилт өгөх боломжийг олгохыг шаардсан.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь барууны орнуудад ийм алхам хийхээс сэрэмжлүүлж, энэ нь Украины дайнд НАТО-гийн цэргийн эвслийн "шууд оролцоо"-ыг илэрхийлнэ гэж мэдэгэж байлаа. Тэрбээр ням гарагт гарсан мэдээлэлд тайлбар хийгээгүй байгаа ч Кремлийн бусад өндөр албан тушаалтнууд үүнийг ноцтой хурцадмал байдал гэж тайлбарлав.
АТАКМС-ын талаарх Вашингтоны шийдвэр нь Киев наймдугаар сард гэнэтийн дайралт хийсэн Оросын Курск муж дахь Украины хүчнийг хамгаалахад үр дүнгээ өгөх зорилготой. Үнэн хэрэгтээ Байдены засаг захиргаа Украинд одоогийн эзэмшиж буй Оросын нутаг дэвсгэрийн багахан хэсгийг ч хамаагүй үлдээж, ирээдүйд хийх боломжтой хэлэлцээрт ашиглах хүчин чармайлтыг нь дэмжих хүсэлтэй байгаа.
Киевт төвтэй Украины Аюулгүй байдал, хамтын ажиллагааны төвийн дарга Серхи Кузан ВВС-д өгсөн ярилцлагадаа Жо Байдены шийдвэр тус улсын хувьд "маш чухал" байгааг онцлоод, "Энэ бол дайны явцыг өөрчлөх зүйл биш, гэхдээ энэ нь манай хүчийг дайсны талтай тэнцүү болгоно гэж би бодож байна" гэжээ.
ATACMS нь 300 км зайд хүрэх тусгалтай. АНУ-ын нэрээ нууцалсан албаны хүмүүс Нью-Йорк Таймс, Вашингтон Пост сонинд хэлэхдээ, Байден Украиныг АТАКМС ашиглахыг зөвшөөрсөн нь Умард Солонгосын цэргүүдийг Украинд байлдахыг зөвшөөрсөн ОХУ-ын шийдвэрийн хариу болсон гэж мэдэгджээ.
Шинжээчдийн үзэж буйгаар уг шийдвэр нь Украины цэргүүдийг Оросын Курск мужаас гаргах зорилготой байгаа Орос, Умард Солонгосын цэргүүдийн хүлээгдэж буй дайралтаас өмнө гарсан нь Украиныг Оросын нутаг дэвсгэрт хэвээр үлдээх гэсэн оролдлого гэж хараах байна.
Украин өмнө нь Курск хотод Хойд Солонгосын 11 мянган цэрэг байна гэж тооцоолж байсан. Ерөнхийлөгч Байдены шийдвэр нь эцэстээ Их Британи, Францын засаг захиргаа Украинд Оросын нутаг дэвсгэрт алсын тусгалын "Storm Shadow" пуужинг ашиглах зөвшөөрөл олгох боломжтойг харуулж байгаа. Гэвч уг шийдвэрт Их Британи, Франц аль аль нь хариу өгөөгүй байна.
Ирэх нэгдүгээр сард Цагаан ордноос гарах Жо Байден Украинд үзүүлэх тусламжаа түргэтгэхийг эрэлхийлсээр байна. Түүний залгамжлагч Доналд Трамп цаашдын дэмжлэгийг удаашруулах эсвэл зогсоох вий гэсэн болгоомжлол бий. Д.Трамп цэргийн тусламжийг АНУ-ын нөөцийг шавхаж байна гэж тодорхойлж, энэ нь хэрхэн өрнөхийг тайлбарлаагүй ч дайныг дуусгана гэдгээ мэдэгдээд байгаа юм.
АНУ бол Украинд хамгийн их зэвсгийн нийлүүлэгч байсаар ирсэн. Германы судалгааны байгууллага болох Дэлхийн эдийн засгийн Киелийн хүрээлэнгийн мэдээлснээр дайн эхлэхээс 2024 оны зургадугаар сарыг дуустал 55.5 тэрбум ам.долларын стерлинг зэвсэг, техник нийлүүлсэн буюу илгээх үүрэг хүлээсэн.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)