"Халзан бүрэгтэй"-н ажил урагшлахгүй гэдгийг өнгөрсөн өдрүүдэд улс даяараа харлаа. Манай төрийн шийдвэрүүд хоорондын ямар ч уялдаа холбоогүй, толгойн шийдсэнийг сүүл нь тасалдаг жишигтэй. Тухайлбал, Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйд үйл ажиллагаа явуулж байсан компанийн үйл ажиллагааг томилогдоод удаагүй "шинэхэн" Засаг дарга М.Амарсанаа чанга яригч барьж, иргэдийн дунд зогсож байгаад зогсоочихсон. Гэтэл тус “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК зөвшөөрлийн ямар ч асуудалгүй гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Ц.Туваан хэлчихсэн.
Галыг түр аргацааж намжаасан М.Амарсанаа үүнээс хойш амар заяагаа үзэхгүй л болов уу. Учир нь Ц.Туваан газрын ховор элементийг чухал ашигт малтмалын жагсаалтад оруулж, ойрын хугацаанд УИХ-аар батлуулна гээд ихэд шийдэмгий байр суурийг илэрхийлсэн байв. Угаас тухайн компанийн зөвшөөрлийг М.Амарсанаа цуцлах боломжгүй нь нэг хэрэг. Харин энэ төсөл зогсох боломж, магадлал тун бага. Монгол Улсын “Алсын хараа" үүнийг чиглэж байгаа.
Урт хугацааны хөгжлийн бодлогод “Газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлнэ” гэж заасан нь аймгийн Засаг дарга нь өөр цаасан дээр тамгаа дараад, дараад арилахгүй үг шүү дээ.
Гэхдээ төр дандаа л шийдвэрээсээ ухарч, мэлзэж байдаг. Нохойн дуу ойртов уу, үгүй юу л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бүсчилсэн хөгжил" ярьж, иргэдийн саналыг сонсоно гээд хэлчихсэн нь гэрч олонтой.
Үнэндээ 27 жил ажил болоогүй "ураны төсөл" эрчийг аван яригдаж байгаа 2024 оноос цааш газрын ховор элементийн хайгуул, олборлолтыг явуулахгүй гэдэг шийдвэр тун инээдэмтэй болж ирнэ.
Газрын ховор элементийн ордыг ураны орд мэтээр ойлгуулж, иргэдийг төөрөгдүүлж байгаа зарим нэг "сошиалчид" физикчийн хатуухан үгийг тоох нь юу л бол. Газрын ховор элемент нь ХХI зуунд хүн төрөлхтний хэрэглээний “гол түүхий” эд юм. Учир нь гар утас, дагалдах хэрэгслүүд, цаашид үйлдвэрлэл нь улам тэлэх цахилгаан машин батарей гэх мэт зүйлсийн элемент болно. Үүгээр ч зогсохгүй пуужингийн эд анги, GPS гээд дэвшилтэт технологийн эрин үе түүнийг тойрон эргэж байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тонны нөөцтэй, зургаан орд илрүүлсний дөрөв нь том орд. Гэвч Халзан бүрэгтэй дахиад л иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулна.
Чухамдаа энэ төсөл зогсоход ганцхан иргэдэд бурууг өгөх нь өрөөсгөл юм. Төслийг явуулж байгаа компани мэдээллийг олигтойхон түгээж байхгүй, гал гарсан хойно нь цахим хуудсаа амь оруулах маягтай байгаа нь бас л сонин.
М.Жаргал
Сэтгэгдэл (9)