1996 онд Дэлхийн телевизийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулж, 1996 оны арванхоёрдугаар сард НҮБ-аас арваннэгдүгээр сарын 21-ний өдрийг "Дэлхийн телевизийн өдөр" болгон зарлаж байсан түүхтэй.
Дэлхийн улс орнуудын туулж өнгөрүүлсэн түүхээс нь хамаарч телевизийн хөгжлийн үе шат харилцан адилгүй байна. Улс бүрт телевиз байгуулагдсан цаг үе харилцан адилгүй боловч “туршилтын нэвтрүүлэг” явуулж байсан зурвас үе заавал байдаг. Манай хойд хөрш Орост телевизийн туршилтын нэвтрүүлгийг 1931 оны тавдугаар сарын 1-нд хийсэн байна. Үүнээс нэг өдрийн өмнө “Правда” сонинд энэ тухай мэдээлэл хэвлэгджээ. тавдугаар сарын 1-нд Оросын инженерүүд хэд хэдэн гэрэл зургийг дуугүйгээр алсын орон зайд дамжуулсан нь амжилттай болжээ. Тэгвэл Германд 1928 онд телевизийн туршилтын нэвтрүүлэг хийж байсан тухай баримт байдаг.
Харин Монгол Улсад телевиз байгуулах тухай анх 1964 оны дөрөвдүгээр сард Улсын төлөвлөгөөний хорооны хуралдаанаар яригджээ. 1965 оны 10 дугаар сард БНМАУ-ын Засгийн Газар телевизэд ажиллах мэргэжилтнүүдийг ЗХУ-д сургах тухай тогтоол гаргажээ. Үүний дагуу телевизийн техникийн мэргэжилээр 40 хүнийг ЗХУ руу илгээсэн байна. 1966 оны 3 сарын 29-нд Монгол телевизийн техникийн төвийн шавыг тавих ёслол болжээ. 1966 оны тавдугаар сарын 16-нд телевизэд ажиллах залуусын хоёрдугаар ээлжийг ЗХУ руу явуулсан юм. 1967 онд Монголын телевиз байгуулагдахад барьж байгуулсан теле цамхаг нь 193 метр өндөр.
Л.Баяр