Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг нэмэгдүүлж байгаа талаар ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун мэдээллээ.
Цахилгааны үнийг нэмсэн шийдвэр өнөөдөр буюу арвандүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ. Харин дулааны үнийг нэмсэн шийдвэрийг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөнө.
Цахилгаан, дулаанаа үйлдвэрлэсэн өртгөөс нь доогуур үнээр борлуулж байгаагаас Эрчим хүчний салбар алдагдал үүсэж байна гэдгийг албаны хүн тодотголоо. Хэрэв энэ чигээр үргэлжилбэл эрчим хүчний салбар үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэх аж. Цахилгаан, дулааны үнийг нэмэхдээ хоёр зүйлийг голчлон баримталжээ.
Цахилгаан дулааны үнийг өөрийнх өртөгт ойлтуулах, болвол хүргэхээр төлөвлөсөн байна. Мөн хэрэглэгчдэд ачаалал бага байх хувилбарыг сонгосон гэлээ. Түүнчлэн ААН-ийн цахилгаан эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэхээр болжээ.
Тодруулбал, 0-150 кВт цаг хүртэлх цахилгааны үнэ 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт.ц 256 төгрөг, 300 кВт цагаас дээш цахилгааны хэрэглээг 285 төгрөг болгох тооцооллыг хийсэн байна.
Ахуйн хэрэглээний үнэд 1квт цаг тутамд 35-131 төгрөг нэмэгдэж байгаа аж. Харин гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээнэ.
Монгол Улсын 788 мянган ахуйн хэрэглэгчдийн 45 хувь нь 0-150 кВт.ц хүртэл, 40 хувь нь 150-300 кВтц, 15 хувь нь 300 кВт.ц-аас дээш цахилгааныг хэрэглэдэг байна.
Мөн “оргил ачааллын цагийн тариф”-ыг шинээр нэвтрүүлсэн гэдгийг хэллээ. Хэрэглэгчид энэхүү цагийн ялгаварт гурван тарифыг сонгосон тохиолдолд шөнийн цагийн тарифт өөрчлөлт оруулахгүй. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тарифт өөрчлөлт оруулахгүй гэдгийг мэдэгдэв.
Улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг ба нэг сарын цахилгааны төлбөр 36,220 төгрөг байсан нь 15,887 төгрөгөөр нэмэгдэж, 52 мянга орчим төгрөг болох аж.
Эрчим хүчний үнэд өөрчлөлт хийснээр тус салбарын санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдах боломж бүрдэнэ гэж үзжээ.