АН-ын бүлгийн хуралдаан болж, мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Нийслэл бонд гаргаад улсын өрийг нэмээд явж байгаа. Бондоос татан төвлөрүүлсэн хөрөнгийн хүрээнд Сэлбэ дэд төв дээр чөлөөлсөн газар дээр нийслэл өөрөө захиалагчаар нь ажиллаад 240 тэрбумаар орон сууц бариулах гээд байна. Нийслэл одоо орон сууц барьдаг арга хэмжээ рүү шилжиж байгаа. Уг нь хувийн хэвшил барьдаггүй юм уу? нийслэл яагаад захиалагчаар нь ажиллаад байгаа юм. Чөлөөлсөн газраа дуудлага худалдаагаар ч юм уу, ямар нэгэн арга хэлбэрээр шилжүүлдэггүй юм уу? Яахаараа хувийн хэвшлийн хийж чадах зүйл рүү улсын мөнгөөр Нийслэл ийм ажиллагаа явуулаад байгаа юм бэ гэдэгт хангалттай хариулт өгөхгүй байна. Сэлбэ дэд төв дээр гэхэд л газар чөлөөлөлт болон барилга угсралтын тендер гээд нийт 824 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг маш богино хугацаанд хийхээр болчихож байгаа юм. Гэтэл энэ нь 12 мянган айлын асуудлыг л шийдэх жижигхэн зүйл. Ийм их хэмжээний мөнгийг зарж байгаа. Агаарын бохирдолтой тэмцэх асуудал дээр дорвитой шийдвэр гаргаж чадахгүй байгаа хэр нь мөнгө угаасан байдлаар газар чөлөөлнө, нийслэл орон сууц барина гэхчлэн ашиг сонирхлын зөрчилтэй арга хэмжээ авч байгаа нь үнэхээр хангалтгүй байна. Энэ асуудлаар хангалттай хариулт авч чадсангүй" гэлээ.
Сэтгэгдэл (1)