Өвлийн эхэн сар надад агуу найрагч Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Хасарын шүлэг шиг санагддаг. Хахирган, гэхдээ цээжийг нэвт жиндээж мэдрэгддэг. Түүний шүлгүүдийг хүргэж байна.
Чиний нулимс шиг
Бүлээн борооноор
Чамаас салахаар би
Алхаж явна...
Усан үзэмнээс нарны нулимс амтагдана
Уйлж суугаа чамаас алдаа амтагдана
Тойрмын бараанаас туучаад өнгөрсөн тэмээ амтагдана
Өндөр холын одноос гэрэл амтагдана
Өнгөрсөн цагийн дурьтатгалаас гэнэн амтагдана...
Тэнгэр минь намайг гэсгээ
Тэртэй тэргүй би нүгэлт хүн
Бурхан намайг бүтээхдээ
Нүгэлтэй нь цуг бүтээсэн
Адтай биенд шунах
Нүгэлт дуунд шунах
Балын амтанд шунах
Ариун мэт үнэрт шунах
Тамын гал мэт шатан дүрэлзэх
Би тэртэй тэргүй нүгэлт хүн
Тэнгэр минь намайг гэсгээ
Том багад нэг өнгөтэй
Сүүдэр минь нүгэлгүй
Түүнийг өршөө...
Гадас гороолох нохой шиг
Амьдрал дунд
Гинжтэй
Хүмүүсийн тойрогт
Хөл дүрэн
Өдөр шөнийн тэгийг
Газарт дугуй зурж
Тэнүүчлэх хүмүүсийн дунд
Дугуй зурж
Эцэс төгсгөлгүй энэ дугуйг даган
Би хүмүүсийн дунд явна
Би энэ хүмүүсийн
Эхлэл сэн билүү
Төгсгөл сөн билүү...
Үүл үгүй тэнгэр
Юу ч үгүй хоосон
Нулимс үгүй нүд
Юу ч үгүй хоосон
Салхи үгүй тал
Юу ч үгүй хоосон
Чи үгүй бодол
Юу ч үгүй хоосон...
Эрэл.......
Нулимсыг хацар эрдэг
Гунигийг зүрх эрдэг
Харанхуйг нүд эрдэг
Сарыг ганцаардал эрдэг
Худлыг үнэн эрдэг
Эмийг бие эрдэг
Үзэн ядахыг хайр эрдэг
Тэнэгийг ухаан эрдэг
Үхлийг, хүн бүхэн эрдэг
Эрэл...
Нүднээс алдуурсан нулимс
Эрх чөлөө
Үүрнээсээ унасан ангаахай
Эрх чөлөө
Өөрөөсөө бусдыг үл тоох
Эргээсээ халин урсах ус
Эрх чөлөө
Харанхуйг цавчин цахих аянга
Эрх чөлөө
Хүн чулууг норгож асгарах бороо
Эрх чөлөө
Намайг татах эх газрын татах хүч
Эрх чөлөө
Харуулгүй алаг шорон шиг
Амьдралаас хагацахуй
Эрх чөлөө...
Чи миний ганцхан атгаг хайранд багтдаг
Чи гэнэн тулдаа багтдаг
Гэнэн нас чинь чамаас зугтсан
Гэхдээ бас намайг авч хулжсан
Гашуун нулимс минь чамайг багтааж дусдаг
Гарсан нулимс болгонд минь чи
Эхийнхээ хэвлийд байгаа хүүхэд шиг
Эвхэрч харагддаг
Чи надад багтдаг мөртлөө багтахгүй яваа...
Сар надаас их хол
Сарнаас би их хол
Шалбааганд буусан сарыг
Шал шал хийлгэн гөлөг долооно
Алтан таваг долоох адил
Сарыг долооно
Шалбааг дуусахад
Сар дуусна
Гэдсээ цэрийлгэн өлийхөд
Гэгээн сар тэнгэрт оргосон байна
Хуурсан саранд
Уурсан хуцна...
Тохойн чинээ би
Ирлээ гэж чарлахад
Эх орон минь намайг тоогоогүй
Тоохгүй байх тусам нь би
Эх орондоо уйлж хайртай болсон
Энд тэнд гишгэлж
Өвдгөө шалбалахад минь
Эх орон минь намайг тоогоогүй
Тоохгүй байх тусам нь би
Нулимсаа дотогш залгиж
Эх орондоо инээж хайртай болсон
Эмээлт морин дээрээс унахад минь
Эх орон минь намайг тоогоогүй
Тоохгүй байх тусам нь би
Товгор мөнгөн дөрөөг дахин дөрөөлж
Эх орондоо би дүүлж хайртай болсон
Атаа хорсол сүүдрээс минь том болж
Аргаа барж явахад минь
Эх орон минь намайг тоогоогүй
Тоохгүй байх тусам нь би
Энэ юу ч биш
Эхийн сүү байхад гэж чивчирч
Эх орондоо би дуулж хайртай болсон
Халуун амьдралын тохуутай нугачаанд
Хагацаж учирч явахад минь
Эх орон минь намайг тоогоогүй
Тоохгүй байх тусам нь би
Толгой бөхийхийн тулд
Заяагаагүйг ухаарч
Эх орондоо би хайртай болсон
Уруулыг нь салхи л үнссэн охинд
Ухаан элийрэн дурлаж явахад минь
Эх орон минь намайг тоогоогүй
Тоохгүй байх тусам нь би
Модны мөчир хүртэл
Хайрлахын амьсгаанд ургадгийг анзаарч
Монголдоо би үхэн хатан хайртай болсон
Ижил олон үр нь
Цагийг залгаж төрдөг юм чинь
Эх орон минь намайг тоохгүй байхад яадгийм
Ийм эх орон бидэнд дахиад заяахгүй юм чинь
Хайртай байхгүй яахийм
Энэ бие минь
Олон олны нэг тоо
Орчлон их дайдад
Ганц тоо...
Нуурын хатсан туурь шиг хайраа би
Нулимсаараа усалдаг
Тунасан зовлонгоос минь соёолсон
Турьгүй ногоон өвс над дээр ургадаг
Тэр өвсөн дээр тогтсон
Шүүдрээр би гоёдог
Өөртөө гоёдог...
Л.Баяр
Сэтгэгдэл (1)