Та багадаа "Counter-Strike" тоглоомыг хэр тоглодог байсан бэ. Зөвхөн энэ тоглоом ч гэлтгүй "PubG" зэрэг тоглоомд байдаг, цэрэг армийн салбарт өргөнөөр ашиглагддаг, алдарт АК-47 бууг Монгол хүн зохиосон гэвэл та итгэх үү?
Одоогоос 77 жилийн өмнөх энэ өдөр бидний сайн мэдэх АК-47 автомат буу мэндэлжээ. Домог болсон уг зэвсгийг зохиогч, нэрт зохион бүтээгч Михайл Тимофиевич Калашников нь 1919 оны 10 сарын 10-нд Алтайн хязгаарын Куря тосгонд монгол угсаатай тариачны гэр бүлд төрсөн гэдэг. Гэвч оросууд түүний албан ёсны намтарт Монголтой холбоотой гарал үүслийг нь оруулдаггүй ажээ. 1938 онд анх цэрэгт татагдсан тэрбээр төрөлхийн шинийг санаачлагч нэгэн байв. Багаасаа л зохион бүтээх сонирхолтой байсан тэрбээр цэрэгт очсон цагаасаа буу бүтээхээр шулуудсан түүхтэй.
Тэр бас багадаа шүлэг бичдэг байсан бөгөөд том болоод алдартай яруу найрагч болохыг мөрөөддөг байсан аж.
1940 онд жагсаалын үзлэгээр танкийн автомат сумлагч зохион бүтээснээ тухайн үед корпус командлан захирагч Г.К.Жуковт үзүүлсэн нь өндөр үнэлгээ авч их бууны академид суралцах эрхээр шагнуулж байжээ.
1941 оны намар Брянскийн орчимд болсон танкийн тулалдаанд хүнд шархдан Алма-Атагийн эмнэлэгт эмчлүүлж байх хугацаандаа анхны автомат бууныхаа санааг олсон гэдэг. Зарим эх сурвалжид түүнийг эхнэрээ фашист германчуудын гарт алдсан нь уг бууг бүтээхэд түлхэц болсон гэжээ. Ингээд 1944 онд Зержинскийн нэрэмжит их бууны академийн дэмжлэгтэйгээр олон сумаар шүршигч буу хийх ажилдаа орж, 1947 онд анхныхаа АК-47-г үйлдвэрлэж эхэлсэн юм.
М.Т.Калашниковын зохиосон автоматыг гадаадын олон оронд үйлдвэрлэж өөрийн болгож авсан байдаг. Энэ нь бууны хөнгөн, найдвартай ажиллагаа, энгийн хийцээс гадна ашиглалтын маш олон давуу чанаруудаас болсон юм. Манай армийн зэвсэглэлд ч гэсэн түүний зохиосон буудлагын зэвсгүүд 90 гаруй хувийг эзэлж байна.
Байлдааны АК-47 бууны ангийн хувилбар нь САЙГА-МК гэсэн Ижевскийн хийцийн буу байдаг бөгөөд гол төмөр гээд л бүх эд анги нь байлдааны загвартайгаа яг ижил байдаг ба ганц ялгаа нь автоматаар галлах шептал байдаггүй.
АК-47 тухай сонирхолтой баримтууд:
Эдүгээ Клашниковын бүтээсэн “АК-47” бууг Африк, Дундад Ази, Европ, Азийн 140 гаруй улс батлан хамгаалах салбартаа ашиглаж байна. Голч төмөр нь 47 см-ийн урттай тул “АК” гэсэн нэрний ард “47” гэсэн тоог бичсэн байдаг. Гэхдээ ОХУ-ын батлан хамгаалахын музейн түүхчид уг зэвсгийг анх армид бүртгэгдсэн тоогоор нь “47” хэмээн нэрийдсэн ч гэлцдэг.
ОХУ-ын эрх баригчид “АК-47”-г энх тайвны бэлэг тэмдэг болгож, цэцгээр ороосон хэлбэрээр дүрсэлсэн нь 2012 он. Ингэхдээ дахин уг автоматыг үйлдвэрлэхгүй байхаар шийдвэрлэж зөвхөн музейд хадгалан үлдээх саналыг дэвшүүлж байв. Иракийн удирдагч асан Саддам Хуссейн хувийн эзэмшлийнхээ үнэт эдлэлүүд дунд дан алтаар бүрсэн “АК-47” буутай байжээ. Уг алтан буугаа тэр 600 мянган ам.доллараар үнэлж байсан гэдэг. Үүний дараа Ливийн дарангуйлагч агсан Муаммар Кадафигийн хүү Сайф Аль Ислам алтаар бүрсэн гар буутай байсныг олж тогтоосон билээ.
Осама Бен Ладен өөрийн бараг бүх бичлэгэндээ АК-г залсан байдаг. Тэр уг бууг шүтдэг байсан нь илт. Тэр бүү хэл Египетийн Синайн эрэг дээр Калашниковын хөшөө бий. Афганистанд уг бууны зураг бvхий хивс хамгийн эрэлттэй байдаг гэнэ. За бас болоогүй, "Калашников" хэмээх архи ч бий. Цаашлавал, Мозамбик улсын төрийн сүлд болон далбаанд уг бууг дүрсэлсэн байдаг. Ливаны Хезболла хөдөлгөөний бэлэг тэмдэг төдийгүй, Буркина Фасо, Зүүн Тимор, Зимбабве улсуудын төрийн сүлдэнд байдаг билээ.
Калашниковын 7.62 мм-ийн автомат бууны /АК-47/ талаар товчхон
Сум
1943 онд зохиогдсон 7,62х39 загварын сум хэрэглэнэ.
ПС - ган зүхэвч бүхий байлдааны ердийн сум /ялгагдах шинж - өөр өнгөгүй/
Т-45 - гэрэлт хошуутай сум /Сумны хошуу нь ногоон өнгөөр будагдсан ба зориулалтыг нь эрх биш таамаглах байлгүй/
БЗ - хуяг нэвтлэн шатаагч сум /Сумны хошуу нь улаан хар өнгөөр будагдсан байх ба дуулган малгай, сум нэвтэлдэггүй хантааз, бензиний бак гэх мэтийг нэвт буудахад зориулагдсан/
Автоматны хоосон сум - Үүнийг тактикийн хээрийн сургуулилтын үеэр хэрэглэнэ. Сум нь хошуугүй боловч хөнөөх чадлаа 25 м-ийн дотор хадгалдаг/
Сум нь хонгио, бялт, сумны хошуу, дарь зэргээс зэргээс бүтнэ.
Калашниковын автомат бууны үндсэн үзүүлэлт
Калибр - 7.62 мм
Автоматны ашигтай тусгалын зай - 400 м
Хараалж буудах холын зай - 1000 м
Сумны хошууны анхны хурд - 925 м/с
Бууны жин - дүүрэн сумтай дайзны хамт - 3.8 кг
бууны урт - Жадгүйгээр - 88 см
Техникийн буудлагын хурд - 600 мин/сум
Сумны хошууны хөнөөх холын зай - 1500 м
Сумны хошууны хамгийн холын тусгал - 3000 м
Дайзны багтаамж - 30 ширхэг сум
Л.Баяр
Сэтгэгдэл (4)