Барууны албаныхан ВВС агентлагт мэдээлснээр, өнгөрсөн гурван сарын дотор Хойд Солонгосоос тусламжаар очсон цэргүүдийн 40 орчим хувь нь Оросын баруун хэсгийн Курск мужид болсон тулалдаанд амь үрэгджээ.
Нэрээ нууцалсан албаны хүмүүс Хойд Солонгосоос ОХУ руу илгээсэн 11 мянга орчим цэргийн 4000 нь тулалдаанд амь үрэгдэгсэд гэж мэдэгдэв. Мөн нэлээдгүй цэрэг шархадсан, сураггүй алга болсон хэвээр байгаа ажээ. Эдгээр 4000 хүний мянга орчим нь нэгдүгээр сарын дунд үед алагдсан гэж албаныхан ярьсан байна.
Мөн энэ сарын эхээр Хойд Солонгосын хоёр цэрэг Украины армид олзлогдсон бөгөөд В.Зеленский тэднийг Орост олзлогдсон Украин цэргүүдээр солилцоход бэлэн гэдгээ мэдэгджээ. Олзны цэргүүдийг хэзээ, ямар аргаар солилцох нь тодорхойгүй байна.
Л.Баяр