Улаанбаатарын исгэлэн улаан намар, жингэнэсэн ододтой тэнгэрийн дор бид алхаж байлаа... Түүний шүлгүүд сайхан сэтгэл, саналгалзал, хатуужил, тэнцвэр, ганцаардал, залуу насны цаг хугацаагаар дүүрэн. Хэрэн тэнүүчилж, хэсэг хэсгээр замхран алхдаг бидний хотын гудамж шиг танил юм.
Өгүүлэн буй номын хамгийн арын хуудаст "Намайг түшсэн сэтгэл бүхэнд зориулав" хэмээн бичсэн нь бий. Амьдрал хэн нэгнээр дүүрч бас дутах нь ёс мэт. Гэлээ ч хайрлан энэрэхийн шалтгааныг бид хаанаас ч олж болох юм шиг санагдана. Уйтгар гунигаасаа хүртэл...
Анхны ном гэдэг алдар нэрийн тунхаг биш нь тодорхой. Гагцхүү бүтээн туурвигчийн итгэл найдвар байж мэднэ. Хүний аж төрөхүйн түмэн үйл болоод үймээн дунд "шүлэг бичихгүй байж болох л шүү дээ" гэх бодол... Гэвч бичихгүй байж чадахгүй байгаа нь л авьяасыг нотолж буй хамгийн дээд хэмжүүр шиг бодогдоно.
Өнөөдөр та бүхэнд "24tsag.mn" сайтын сэтгүүлч, залуу яруу найрагч Лутбатын Сайнбаярыг ийн танилцуулж байна. Тэрбээр "Ганц ар тал" хэмээх шүлгийн анхны түүврээ гаргаад буй.
Бид амьдралдаа ямар хүн байхыг хамгийн ихээр хүсдэг юм бол?
***
Анд явахад тань дагаж гүйсэн ч
Адуунд явахад тань санаж уйлсан ч
Үхэлд явахад тань үггүй хоцорсон
Үртэй байх ямар вэ? Аав аа…
***
Их ээ цаснаар гэрээс гарсан сэтгэл
Их л удалгүй энгэрээс уруудах шуурга
Бүгдэд нь би хүн шиг хандавч
Бүлээн үгээр зүрх хучсан нь үгүй...
Арванхоёрдугаар сар, жаахан итгэл
Амьдралд би ч уруудан явнам
“Гомдол тээсэн хүн дуугардаггүй” гэх
Ганцхан мөчид залгиулсан уруул хатнам
***
Ээж ээ
Жижигхэн гараас минь атгаад цэцэрлэгт хүргэж өгөөч
Жирийх моддын гэр орон, хуучин гудамжаар алхъя
Арвайхээрийн мухлагууд, амттан зардаг эгч нар
Аль нь ч таныг минь гүйцэхгүй, амьдарч байгаад баярлалаа
Ээж ээ
Эгэл даруу явахыг та надад сургасан, энд би даарч байна
Энгийн нэгэн салхи эргэж буцан нисэх бидний сууринг
Амьтай болгодог олон хүн, түмэн үймээн дунд
Аргадаж тэвэрсэн тэр өдөр, амьдрах итгэл минь
Ээж ээ
Өөхөн дэнгийн гэрэлд даалуу тоглож, даарахгүй амгалан
Өвдгийг тань дэрлэж судсыг тань чимээлж, тархиндаа сэлбэсэн
Өөрийг үзэж, охидыг тууллаа ч
Өөрт тань хайртайгаа хэлдэггүй өөдгүй үр ээ, би
Ээж ээ
Санаа амар амьдарсан билүү? та
Сансрын гэрэл болчихвол гомдоно шүү, сайхан амьдарч чадахгүй
Нар жаргахад гэрээ зүглэн хамт алхах тэр сууринд
Намайг өөрөөс тань өндөр болсныг анзаараагүй юу?
Ээжээ
Эндхийн амьдрал эцэс төгсгөлгүй, эндэхийг минь тоошгүй
Ээ дээ, та минь л жаргаасай, гэвч жаргал болсон хүү чинь
Жаргаж чадахгүй, зовж дийлэхгүй
Жаалхан бие минь өсөх тусам зовлон тань эрийн цээнд хүрсэн
Ээжээ
Би танд хайртай, бие минь, сэтгэл минь таныг өвчиж нөмөрсөн
Бидний хооронд асар том хайр бий, тэгээд л танаасаа хол амьдардаг юм
Уул уулын сүүдэр унаж босох улирал, хавар цаг, халаас хоосон
Унасан сүүдрийг нь өргөж босгоод удахгүй очно гэж худал хэлдэг
Ээжээ
Ачлалгүй хүү, амьдралгүй хүн болсонд уучлаарай
Алдар нэр, амьдралын худалд шүтсэн би
Арвайхээрийн сууринд хавар ирэх бүхэнд хэн нь ч
Аанай л таныг минь гүйцэхгүй гэдгийг ойлгож, адар ширтэн хэвтэнэ
Ээж ээ, ээж ээ, ээж ээ...
***
Тээврийн унааны цонхоор
Оршуулгын боржингууд хөвөрнө
Амьдрал хэмээх цуврал алуурчны
Амьсгал яг дэргэд сонсогдоно…
Лондон хот, 2020 он
Буриад зондоо зориулав
Барьсан талхандаа бардаж үзээгүй буриад аа
Барласан шүлгээр минь гал өрдөөрэй
Буган сарын тань жаварт цантсан
Булган малгайныхаа сор шиг ядарлаа.
Бохирсон өвдгөндөө өргөстэй боссон буриад аа
Болгосон талхны тань давс ихэджээ
Эсгэсэн энгэртээ нулимстай яваа буриад аа
Эртийн нэрмэл тань галтай юм аа
Урд уулын хөрөөн чимээ л
Урьдын таны зовлон шиг сонсогдоод
Уумаар, уумаар аа...
Хөлчүүхэн хэлсэн үгээр минь
Галаа та сийлээрэй
Энгэрийн тань нулимснаас түрүүлж хатсан
Энэ малгайны минь чийг ч яамай
"Ганц ар тал" номын нээлт маргааш буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр INTERNOM-ын хоёр давхарт CAFE4450 хэмээх газар 18 цаг 30 минутаас эхэлнэ.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)