АНУ-ын хойд хэсэгт орших Висконсин мужид амьдардаг 4 настай охин 911 рүү дуудлага хийж, ээждээ сургамж өгөхийг хүсчээ. Түүний ээж зайрмагийг нь идсэн учир цагдаа дуудсан аж.
Өнгөрсөн мягмар гарагт Висконсин мужийн Маунт Плезант хотод амьдардаг бяцхан охин цагдаагийн 911 утасны диспетчерт дуудлага хийн "Миний ээж муу" гэжээ.
"За, юу болоод байна?" гэж диспетчер асуухад "Ээж миний зайрмагийг идчихлээ" гэж хариулсан байна.
Удалгүй ээж нь утсыг нь аван, “Өө, уучлаарай, тэр дөрөвтэй. Би түүний зайрмагийг идсэн, тиймээс тэр 911 рүү залгасан байх” гэж диспетчерт хэлжээ. Энэ зуурт жаал охин ээжийнхээ хийсэн хэргийн талаар сэтгэл дундуур байгаагаа хэлж, маргасаар байсан гэнэ.
Түүнийг өхөөрдсөн офицерууд гэрт нь очжээ. Цагдаа нарыг ирэхэд охин ээжийгээ шоронд оруулж өгөхийг хүссэн байна. Бяцхан охин эцэст нь ээжийгээ торны цаана байлгахыг хүсэхгүй байгаагаа хэлж, "зүгээр л зайрмагаа эргүүлж авмаар байна" гэжээ.
Хоёр хоногийн дараа офицерууд том зайрмагаар охиныг дайлжээ.
Л.Баяр