АНУ-ын албаныхан Украины эрх баригчидтай Саудын Арабт уулзаж, энхийн хэлэлцээр хийх шийдэлд хүрсэн тухай бид мэдээлсэн. Одоогоор АНУ-ын албаны хүмүүс ОХУ-ын Курск муж руу В.Путинтай уулзахаар мордоод байгаа нь энхийн хэлэлцээрт ятгах эхний алхам боллоо.
Гэвч гал зогсоох хэлэлцээр үргэлжилж байгаа ч Украинд мөргөлдөөн ширүүссээр байна. Оросын нисгэгчгүй онгоц, пуужингууд Зеленскийн төрөлх хот болох Кривой Рог болон Одесса, Днепропетровск, Харьков зэрэг боомт хотуудын бай руу нэг шөнийн дотор олон тооны цохилт өгсөн байна. Мөн Оросын Курск мужид мөргөлдөөн үргэлжилсээр байгаа бөгөөд Оросын цэргүүд "амжилттай урагшилж" Украины цэргүүдийн эзэмшилд байсан газруудыг эргүүлэн авч байгаа аж.
Мөн лхагва гаргийн орой Кремль ОХУ-ын Ерөнхийлөгч Путин бүс нутаг дахь командлалын байранд очсон гэж мэдэгдэв. Тэрбээр цэргийн дарга Валерий Герасимовтой зэрэгцэн алхаж, хоёулаа байлдааны хувцас өмссөн байгаа дүрс бичлэг эл болсон.
Энэ нь өнгөрсөн оны наймдугаар сард Украин хилээр нэвтэрснээс хойш ОХУ-ын Путины тус бүс нутагт хийж буй анхны айлчлал боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин айлчлалынхаа үеэр тус бүс нутгийг “бүрэн чөлөөлөх” тушаалыг цэргийнхэнд өгсөн гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Мягмар гарагт Украин болон АНУ-ын тохиролцсон гал зогсоох саналын талаар тэр ямар ч тайлбар хийгээгүй байна.
Украины армийн дарга Александр Сирский мөн лхагва гарагт зарим цэргээ Курск хотоос гаргаж байгааг мэдэгдэв. Тэрбээр Telegram дээр "Хамгийн хүнд нөхцөлд Украины цэргүүдийн амийг аврах нь миний нэн тэргүүний зорилт байсан бөгөөд одоо ч хэвээр байна" гэжээ.
Л.Баяр