Энэ онд 119 байршилд 8100 метр хашаа, хайс буулгахаар урьдчилсан төлөвлөлт гараад байна. Ирэх амралтын өдрүүдээр буулгах байршлуудыг эцэслэн судалж дуусгана. Харин дөрөвдүгээр сард буулгах сард ажлыг эхлүүлэх юм. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбараас тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотод 2024 онд “Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 224 байршилд 9074 метр урт хашааг чөлөөлж буулгасан. 2025 оны хувьд урьдчилсан судалгаагаар 119 байршилд 8100 метр хашааг буулгахаар төлөвлөөд байна. Ирэх амралтын өдрүүдэд байршлууд дээр хээрийн судалгаа хийж, төлөвлөгөөг дахин нарийвчлан гаргана. Дөрөвдүгээр сард “Хашаа” арга хэмжээний газар чөлөөлөлтийг эхлүүлнэ” гэлээ.
Ийнхүү зөвшөөрөлгүй болон хотын өнгө үзэмжийг багасгаж буй хашаа, хайсыг буулгаснаар иргэдийн ая тухтай зорчих хөдөлгөөнийг бий болгож, зарим байршилд тохижилт, ногоон байгууламж барих боломж бүрдэх юм.
Мөн төмөр, бетон хашаанаас илүү ургамлан хашааг барихыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөж байна. Зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан аж ахуй нэгжүүдэд Газрын тухай хуулийн дагуу газрыг зохистой ашиглах, нийтийн эрх ашгийг зөрчихгүй байх шаардлага тавьдаг байна. Биелүүлээгүй тохиолдолд хашааг албадан буулгах, буруутай этгээдээр зардлыг нөхөн төлүүлэх зохицуулалт хэрэгждэг билээ.