Жил бүр зохион байгуулдаг “Талх Чихэр” ХК-ны нэрэмжит “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны шөвгийн дөрөвт аймгийн цолтны эрэмбэ тэргүүлж буй хурц арслангууд шалгарч, чансаагаа харуулав.
Барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-ний 014 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, "Юү Эл И" ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож үзүүрлэв. Дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, “Алтанбулаг Уул” ХХК, УБТЗ - Замын 3-р анги, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "Алдар" спорт хороо, Алтан Жолоо групп, ЗХ-016 анги, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа.
Энэ нь хурц арслан Н.Өсөхбаярын уг барилдаанд түрүүлж байгаа хоёр дахь тохиолдол юм. Тэрбээр 2022 онд аймгийн цолтны барилдааны анхны түрүүгээ үүгээр авч байлаа. Ингэснээр тэр бөхийн өргөөнд найм түрүүлж байгаа бөгөөд тавыг нь улс, аймгийн цолтны барилдаанаас хүртжээ. Мөн тэр дөрвөн үзүүр, нэлээдгүй их шөвөгтэй.
Харин үзүүр бөх хурц арслан Д.Алтанцоожийн хувьд амжилт нь өдөр ирэх тусам өсөж яваа хүчтэн. Тэрбээр өнгөрсөн онд томоохон барилдаанд гурван удаа түрүү булаажээ. Мөн хоёр удаа үзүүр булаасан юм.
Шөвгийн дөрөвт шалгарсан хурц арслан О.Наранбаатар, Э.Мөнхбаатар нарыг ч мөн бөхийн хорхойтнууд улсын цолтны эгнээнд удахгүй багтана гэж хүлээж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)