Төрийн өмчийн зургаан их сургууль судалгаа, инновац, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, төсөл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээг үзэглэв.
Гэрээг эрдэм шинжилгээний WoS, Scopus мэдээллийн санд бүртгэлтэй бүтээлийн тоо, чанарыг сайжруулах, Scopus мэдээллийн санд байгууллагын нэрийн баталгаажуулалт хийх (profile refinement), Scopus-т бүртгэл бүхий эмхэтгэл гаргадаг олон улсын хурлыг хамтран зохион байгуулах, эндаумент сан байгуулах, Засгийн газрын бодлогын баримт бичигт дурдсан зарим үйл ажиллагааны хөтөлбөрт тинк танк байгуулан хамтран оролцох чиглэлээр, мөн бүх түвшний салбар дундын хамтарсан хөтөлбөр боловсруулах, нээлттэй лаборатори байгуулах, тоног төхөөрөмжийг хамтран ашиглах зэрэг хамтын ажиллагааны бусад чиглэлүүдээр хамтран ажиллахаар байгуулав.
Хамтын ажиллагааны гэрээнд МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор С.Гомбобаатар, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор, профессор Д.Цолмонбаатар, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Б.Хоролдагва, АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор, дэд профессор Ц.Билэгтсайхан, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, дэд профессор Э.Төмөртогтох, СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор, профессор Ж.Эрхэмтөгс нар гарын үсэг зурав.
Scopus мэдээллийн санд байгууллагын нэрийн баталгаажуулалт хийх (profile refinement) чиглэлээр дээрх таван их сургууль МУИС-тай хамтын ажиллагааны гэрээг энэ сард багтаан үзэглэхээр ажиллаж байна.