БАРИМТ 1
М.Мөнгөн нь 1951 онд Увс аймгийн Давст суманд Хэрцийн Бухын зүүн салааны бэлчирт “Улаан харагана” гэдэг газар 1951 оны төмөр туулай жил малчин ард Мядагийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ.
БАРИМТ 2
Ээж Мядаг нь бяр тэнхээ ихтэй, бүдүүн хар модыг тэр чигээр нь чирч авчраад түлдэг байв. Ээж нь Мөнгөнийг ямар эцэгтэйг хэлээгүй боловч бөхийн удамт нутаг Тэс сумын “Бөх хар” буюу Чойнзон гэдэг хүн байсныг өөрөө хожим олж мэджээ.
БАРИМТ 3
Амьдралын мөр хөөж ээж нь хүүгээ дагуулан 1959 онд Улаанбаатар хотноо шилжин ирэхэд тэрээр найман настай байж. Мөн оныхоо намар нийслэлийн 21 дүгээр дунд сургуульд орж суралцжээ.
БАРИМТ 4
М.Мөнгөний өвөг эцэг Бор хулгана гэдэг том биетэй, хүч тамир ихтэй бух ноцолдоон хэмээх барилдаанаар барилддаг хүн байсан тухай эмэг эх, ээж нар нь хуучилдаг байсан болохоор бөх сонирхох удмын хүсэл төрүүлж өгчээ. Мөн цаашид бөх болох замыг нь засч өгсөн хүн бол түүний ах Бүүвэйбаатар байсан тухай тэр өөрөө ярьжээ.
БАРИМТ 5
Дунд сургуулийн долдугаар ангиас бөхийн спортыг сонирхож анх 1966 онд Найрамдлын районы анхдугаар спартикиадын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд 62 кг-ын жинд гуравдугаар байр эзэлсэн нь цаашид барилдах урам зоригийг нэмжээ. Дараа нь Пионерын ордны үндэсний бөхийн дугуйланд оров.
БАРИМТ 6
1968 онд Залгамж нийгэмлэгийн нэрийн өмнөөс улсын идэрчүүдийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож долдугаар байр, 1969 онд тэр тэмцээнд түрүүлж алтан медаль авсан гэдэг. Мөн 1966 онд долдугаар ангийн сурагч байхдаа улсын баяр наадмын хоёрын даваанд хүний оронд гарч, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат аймгийн арслан Б.Жанчивравданд унажээ. Тэгээд 1969 оноос заал танхимын барилдаанд барилдаж эхэлсэн түүхтэй.
БАРИМТ 7
Тэрбээр 1970 оны улсын баяр наадамд анхлан барилдаж гурав давсан. Дараа жил нь 1971 онд хоёр даваад улсын арслан Ж.Чойжилсүрэнд унажээ.
БАРИМТ 8
1973 онд тавын даваанд улсын начин Д.Баатаржавтай тунаж, "Улсын начин" цолыг 22 насандаа хүртсэн.
БАРИМТ 9
1975 онд дөрөв давж, тавын даваанд улсын начин Д.Хадбаатартай тунаад унажээ.
БАРИМТ 10
1976 онд улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд шигшмэл 27 бөхөөс 25 давж нэгдүгээр байр эзэлсэн. Улмаар "Улсын заан" цолыг 25 насандаа авчээ.
БАРИМТ 11
1976 онд зургаа давж долоогийн даваанд улсын заан Д.Хадбаатартай тунаж унаж "цогт идэр" чимэг, 1977 онд дөрөв давж тавын даваанд улсын начин Д.Цэрэнтогтохыг амлан унасан. 1978 онд зургаа давж "өсөх идэр" чимэг хүртсэн.
БАРИМТ 12
1979 онд Монголын бүх ард түмний зургадугаар спартикиадад аймаг, хот, нийгэмлэгээс шалгарсан хүчит 31 бөхөөс 26 давж, дөрөвдүгээр байр эзлэн "улам өрнөх" чимэг, 1979 онд тав давж улам дэлгэрэх чимэг, 1980 онд долоо давж "хичээнгүй нягт" чимэг нэмсэн.
БАРИМТ 13
Тэрбээр 1981 онд Ардын хувьсгалын түүхт 60 жилийн ойгоор долоо давж дөрөвт үлдэн, "Улсын арслан" цолыг 30 насандаа хүртжээ. Дараа жил нь тэр найм давж "чин зоригт" чимэг нэмжээ.
БАРИМТ 14
1983 онд тав давж "хурц идэр" чимэг, 1984 онд найм давж үзүүрлэн "бат суурь" чимэг, 1985 онд зургаа давж "үнэн итгэлт" чимэг, 1986 онд долоо давж "саруул сайжрах" чимэг нэмжээ.
БАРИМТ 15
1987 онд зургаа давж "бууршгүй хүчит" чимэг, 1988 онд зургаа давж "үнэн үзэсгэлэнт" чимэг, 1989 онд зургаа давж "бат нягт" чимэг, 1990 онд Монголын нууц товчооны номын баярт долоо давж "харилтгүй жавхлант" чимэг тус тус нэмжээ.
БАРИМТ 16
1990, 1993, 1994, 2000 онуудын улсын баяр наадамд дөрөв давж, улсын начин Ж.Даваажав, аймгийн заан И.Мөнхбаатар, залуу бөх Б.Гантогтох, аймгийн арслан Б.Одхүү нарт унасан. 1991, 1992, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2001 онуудын наадамд гурав давж аймгийн заан Б.Пүрэв, аймгийн арслан С.Эрдэнэбат, Г.Эрдэнэбат залуу бөх Ж.Оргилболд, улсын начин Б.Ганбат, залуу бөх Ц.Гэрэлт-Од, аймгийн арслан Б.Ганбаатар нар өвдөг шорооджээ. 2003, 2004, 2005 онуудын баяр наадамд хоёр давж аймгийн заан Ж.Гансүх, аймгийн арслан Б.Ганбаатар, Д.Батболд нарт, 2002, 2006 онуудын баяр наадамд нэг давж залуу бөх Ж.Чулуунбат, Б.Баяржаргал нарт унасан.
БАРИМТ 17
Үүнээс гадна 1982 оны үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж алтан медаль, 1986 онд хүрэл медаль авч байв. Мөн Монголын бүх ард түмний V, VI, VII, VIII спартикиадад оролцож байсан ба Монгол Улсын 1984, 1985 оны шилдэг бөхөөр шалгарч байв. Сар шинийн барилдаанд 1982, 1986 онд үзүүрлэж 1974, 1984, 1985, 1987, 1989 онуудад шөвгийн дөрөвт үлдэж байв.
БАРИМТ 18
М.Мөнгөн арслан бөхийн сабо, жүдо барилдаанаар хичээллэж Германд болсон дэлхийн залуучууд, оюутны Х наадам, Польш улсад болсон олон улсын тэмцээнд жүдо бөхөөр оролцож байсан ба самбогоор олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальтай, спортын мастер бөх юм.
БАРИМТ 19
М.Мөнгөн 1969 онд ХААДС-ийг ойн инженер мэргэжлээр төгсч, ШУА-ийн ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар олон жил ажиллажээ.
БАРИМТ 20
Тэр ямар ч үед эрхэлсэн ажлынхаа зэрэгцээгээр бие бялдраа чийрэгжүүлж биеийн тамирын дасгалыг байнгын хэрэгцээ болгож чадсны дээр барилдаан бүхэнд тасралтгүй оролцдогоос эцэж цуцах, сульдах, гэмтэх явдал гардаггүй байлаа.
БАРИМТ 21
М.Мөнгөн арслан барилдааныхаа дүнг жил сар, улирлаар нэгтгэн дүгнэж ялангуяа хэнд яаж унасан, давснаа нягтлан үзэж дахин түүнд унахгүй байх арга мэхээ сайтар боловсруулж чаддаг бөх байсан юм. Бас 1990 онд Улаанбаатар хотод болсон 103 удаагийн барилдаанд хэрхэн оролцсон тухай болон бусад бөхчүүдийн барилдаанд хийсэн мэх зэргээ нэг бүрчлэн бүртгэж дүн шинжилгээ хийсэн байна. Энэ нь Мөнгөн арслангийн хэр зэрэг ажигч, гярхай, ухаалаг тооцоотой барилдаж байсныг харуулж байгаа юм.
БАРИМТ 22
М.Мөнгөн арслан бол барилдахдаа барьцаа хангаж маш хянамгай мэхээ хийдэг хашир барилддаг бөхийн нэг.
БАРИМТ 23
Тэрээр барилдах бөхийнхөө баруун талаар давуулан барьж гуядах, эс бол хутгах, этэх, мэхүүдийн хажуугаар хөл авах, цохих, өрсөлдөгч бөхийнхөө зүүн суган доогуур барьцаа ахиулан тэвэрч ард нь гарах, баруун хөлөөрөө зүүн хөлийн ард гишгэж түрж хөөх зэрэг мэхүүдийг даацтай хийдэг байлаа. М.Мөнгөн арслан архи, тамхи хэрэглэдэггүй, нэр төр, алдар гавяа, эд хөрөнгийн талаар хөөцөлддөггүй, маш даруу төлөв зан харьцаатай, сурч мэдэхийн төлөө биеэ цуцалтгүй дайчилдаг, монгол бөхийн барилдааны туршлага, арга барил мэхийг гойд сайн эзэмшсэн ухаалаг бөх байв.
БАРИМТ 24
Барилдахын зэрэгцээ оюун ухаанаа хөвчлөн бөхийн тухай хэд хэдэн ном зохиол бичсэн. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын уран сайхны “Хэлтгий заяа” кино зохиолыг өөрөө бичиж гол дүрд нь тоглосон юм. Мөн тэр ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан байв.
Сэтгэгдэл (1)