УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үг хэллээ.
Тэрбээр "Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэлтэй, гаргалгаатай бичсэн ЕТГ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй зөвлөхүүдэд талархаж байгаагаа илэрхийлье. Энэ төсвийг дагаад ирэх онд нийгэм, эдийн засаг, санхүү мөнгөний бодлогод үүсэж болох маш том эрсдэлүүд байсан. Инфляц хоёр оронтой тоо руу орох нь ч тодорхой асуудал болчихсон байсан. Үүнийг эсэргүүцсэн цөөн гишүүдийн нэг би. Харамсалтай нь, хүч түрээд баталсан. Төсөвч 1 хувь ч хүрэхгүй өөрчлөлт орсон. Засгийн газар сайн ч төсөв өргөн барьж болно, муу төсөв ч өргөн барьж болно. Гагцхүү эрсдэлгүй, эдийн засгаа тэлэх, үр өгөөжтэй байлгах нь УИХ-ын гишүүдийн асуудал. Ерөнхийлөгчийн хориг улс орноо бодсон шийдвэр байлаа. Хүлээж авах болно гэдгээ удаа дараа хэлсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаандаа дүгнэлт хийгээд цаашид ийм байдал үүсэхгүй байх тал дээр нь бид ажиллах хэрэгтэй.
2026 оны төсөв дээр ч ийм асуудал гарч ирнэ. Татвар, шимтгэл өсөхийг ч үгүйсгэхгүй. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд зэрэг бүгд алдагдалтай. Зэс, нүүрсний үнэ өндөр болохоор л азтайгаар яваад байгаа юм. Төрийн албанд шууд, шууд бусаар 300 мянган хүн байна. Тэгэхээр жилийн урсгал зардлын дийлэнх хувийг аваад явчихаад байгаа юм. Тиймд эдийн засгийн суурь системийн реформыг хөндөхөөс аргагүй. Тэгэхгүй бол дахиад л урсгал зардалтай хийх тэмцэл үргэлжилнэ. Ард иргэдэд парламентад, төрд итгэх итгэл, хүлээлт ч байхгүй. Бид алсын хараатай, хөгжлийг хурдасгах зоригтнууд гээд л сүртэй зүйл яриад л байсан.
27-28 давхар дээлтэй сайд байна. Бүгд халаасандаа кноптой, халаасны гишүүнтэй. Тэгээд л хүч түрээд явчихна. Ядаж сайд нар чуулганд Ерөнхий сайдтайгаа хамт бүтэн сууж, санал хураалтад оролцохгүй байхыг хармаар байна. Энэ бол УИХ-ын дархлаа, бүрэн эрхийн асуудал.
Мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонсъё. 1 төгрөг байсан ч үргүй зардлыг хасах ёстой" гэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (5)