БАРИМТ 1
Өнөөдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой тохиож байна. Өнөөдрийн бидний мөрдөж буй Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан юм.
БАРИМТ 2
Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг хэлэлцэн баталж гаргасан.
БАРИМТ 3
Харин одоо 1992 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж, хуулийн төсөл боловсруулагдсан. Учир нь Монголын өнөөгийн нийгэм нь Үндсэн хуулийг боловсруулж байсан 1991 оны үеэс ихээхэн өөрчлөгдсөн.
БАРИМТ 4
Эдгээр нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа гэж үзэж буй юм.
БАРИМТ 5
Монголын үндсэн хууль бол Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм.
БАРИМТ 6
Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталсан юм.
БАРИМТ 7
Анхдугаар Үндсэн хууль 6 бүлэг, 50 зүйлтэй ба 1931 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, Улсын Бага Хурлын эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулжээ.
БАРИМТ 8
Харин Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хуулийг 1940 оны зургадугаар сарын 30-ны өдөр Улсын VIII Их Хурлаар баталсан байна.
БАРИМТ 9
Хоёрдугаар Үндсэн хууль 12 бүлэг, 95 зүйлтэй. 1940 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор /1941.02.14/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт нь “БНМАУ нь Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Увс, Сэлэнгэ аймгууд ба Улаанбаатар хотоор бүрдэл болгож тогтооно” хэмээн заажээ.
БАРИМТ 10
Монгол Улсын гуравдугаар Үндсэн хуулийг 1960 оны долдугаар сарын 6-ны өдөр баталсан юм.
БАРИМТ 11
Энэхүү Үндсэн хууль 10 бүлэг, 94 зүйлтэй. 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Ардын Их Хурлын IX удаагийн III чуулганаар /1978.12.26/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд:
БАРИМТ 12
“БНМАУ-д гагцхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Бүгд Найрамдах Монгол Улсын Сайд нарын Зөвлөл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын байнгын комисс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатууд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурор хууль санаачлах эрхтэй. Монголын Үйлдвэрчний Эвлэл нь Төв Зөвлөлөөрөө, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл Төв Хороогоороо уламжлан хууль санаачлах эрх эдэлнэ.” гэж заажээ.
БАРИМТ 13
Монгол Улсын дөрөвдүгээр Үндсэн хууль нь 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.
БАРИМТ 14
Энэхүү Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. Эдүгээ мөрдөгдөж буй Үндсэн хуульд 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.
БАРИМТ 15
Тухайлбал, Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.” гэсэн заалт нэмсэн байна.
БАРИМТ 16
Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа 430 гишүүн бүхий Ардын их хурал 76 хоногийн турш хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг Б.Чимэд голлон боловсруулсан.
БАРИМТ 17
Улсад тусгаар тогтнол, иргэнд эрх чөлөө, эрх тэгш байдал, төрд ардчилсан дэглэм тогтоосон шинэ Үндсэн хууль нь тухай үеийн олон улсын жишигт нийцсэн, нийгмийн шилжилтийн үед тохируулсан баримт бичиг учир хожим нэмж засварлах зайлшгүй шаардлагатайг ч Б.Чимид гуай онцолсон байдаг.
БАРИМТ 18
Түүний хэлснээр болж, цаг үе, нийгмийн шаардлагаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн санал гарч, 2000 онд долоон зүйлд өөрчлөлт оруулсан нь өнөөг хүртэл “дордуулсан долоо” гэсэн тодотголтой явж ирсэн.
БАРИМТ 19
Үүний дараа Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулах ажлын баг 2008-2019 онд долоон удаа байгуулж, 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцээгүй.
БАРИМТ 20
Харин хамгийн сүүлд буюу 2019 оны зургаадугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын өргөн мэдүүлсэн. Уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар 36 удаа 105.9 цаг хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-нд эцэслэн баталсан юм.
БАРИМТ 21
УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ны хуралдаанаар баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тухайн өдрийн морин цагт буюу 11:40 цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлсэн юм.
БАРИМТ 22
Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж, 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан юм.
БАРИМТ 23
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагатай холбоотой гэсэн гол дөрвөн чиглэлтэй байлаа.
БАРИМТ 24
Олон жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаараа долоо дахь парламент (2016-2020) нийгмийн захиалгыг тодорхой хэмжээнд биелүүлэх түүхэн үүрэг гүйцэтгэснийг Ерөнхийлөгч Х.Баттулга уг өөрчлөлтийн эхийг ёсчлон баталгаажуулахдаа онцолж байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 26 буюу Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойн өдөр ёсчилсон юм.