Улс тунхагласны ойн барилдаан бол бөхчүүд, бөх үзэгчийн аль алиных нь оролцоо өндөр байж ирсэн. Барилдаан, баяр гэхээсээ илүү түүхэн тэмдэглэлт энэ өдрийн утга учир, агуулгыг хойч үедээ үнэн зөвөөр сурталчлан таниулах чухал зорилгын хүрээнд үндэсний бөхийн барилдааныг ашигласаар 40 дэх жилтэйгээ золгож байна.
Бөх үзэгчийн хандалт ихтэйг далимдуулан хуучин тогтолцооны ололт, амжилтыг тодотгон төвийн ихэнх телевизээр нэвтрүүлсээр бас олон жилийн нүүртэй золголоо. Энэ өдөр монголчууд нийтээр амрах, битүү шөл хийж идэхээс илүүтэй бөхөө шимтэн үзэхийг чухалчилна. Тийм ээ, баярын барилдаан гарцаагүй сайхан болдог.
1984 оноос эхтэй энэ барилдаан 1996, 2009, 2020 оноос бусад жилүүдэд тогтмол зохиогдож, өндөр цолтнууд ихэнхэд нь давамгайлжээ.
Өнөөдрийн барилдаанд ч улсын цолтнууд олон ирэхээр байна. Тэднээс онцгой содон бөх бол отгон заан Доржхандын Хүдэрбулга билээ. Өнөө жилийн наадмын бөхийн тааврыг орвонгоор нь эргүүлж, дархан аваргын түрүүлэх замыг зассан залуу зааны барилдаан хаана хүрэхийг тэсэн ядан хүлээж буй хүн олон биз ээ.
Мөн шинэхэн дархан аварга Н.Батсуурийг Монгол бөхийн өргөөнд барилдахыг чих тавин хүлээх хүн цөөнгүй байгаа. Мэдээж, Монгол бөхийн өргөөнд 2017 оны сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр цолоо дуудуулсанаас хойш долоон жилийн хугацаанд дархан аварга барилдаагүй билээ.