Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг Үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр энгэрээ мялалаа.
Тэрбээр "Үндсэн хуулиа баталж, дэлхий дахинд Монгол Улсаа мандан бадруулсан 100 жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үйлчилгээний гавьяат гэх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Маш их баяртай байна. Энэхүү шагнал бол зөвхөн надад өгсөн шагнал гэж бодохгүй байна. Миний хувьд улсад 34 жил ажиллаж байгаа. Энэ хугацаанд намайг дэмжин ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, хамт ажиллаж байсан ажилтан албан хаагчид, хань ижил, үр хүүхдүүдийн минь хамт авч буй шагнал хэмээн ойлгож байна.
Монголын хүн амын 50 хувь нь амьдарч буй энэ их айлд хүлээсэн чиг үүргийнхээ төлөө ажиллаж буйд бахархаж байна. Хамт олонтойгоо энэ ажлын төлөө ажиллахад сэтгэл хангалуун байдаг" гэв.