Засгийн газар зарлагаа нэмж, 2.4 их наядын алдагдалтай төсөв батлуулсан. Үр дүнд нь өнөөдрөөс эхлэн та дараахь татварын нэмэгдэлд өртөх нь ээ. Тодруулбал, Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татвар өнөөдрөөс 10, 2019 оноос тав, 2020 оноос эхлэн таван хувиар тус тус нэмэгдэнэ. Мөн хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар дөрвөн шатлал бүхий татвар ногдуулна. Ингэснээр өндөр орлоготой иргэдийн татварын ачаалал нэмэгдэх нь мэдээж. Үүнийг эсэргүүцэн уурхайчид хэвлэлийн бага хурал зарласан билээ. Гэхдээ л өнөөдрөөс эхлэн сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2, сарын дөрвөн сая төгрөгийн орлогод 15.1 хувийн татвар ногдуулах нь. Судалгаанаас харахад өнөөдрийн байдлаар 900 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бөгөөд нийт татвар төлөгчдийн 92 орчим хувь нь 10 хувиас бага татвар төлөхөөр, үлдэх найм гаруй хувь нь татварын шатлалд хамрагдаж 10 хувиас их татвар төлөхөөр байгаа юм. Эл татвараас төсвийн орлого энэ онд 51.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Түүнчлэн, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84 мянган төгрөг байсан бол өнөөдрөөс 120 мянган төгрөг, 2019 онд 160 мянган төгрөг, 2020 онд 200 мянган төгрөг, 2021 онд 240 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхээр болсныг дуулгая.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр долоо, 2018 онд тус бүр найм, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас, 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсны дагуу нэмэгдэх нь ээ.
Б.ХЭРЛЭН
Сэтгэгдэл (7)