Өнгөрсөн амралтын хоёр өдөрт өмнө нь 1630 төгрөгийн үнэтэй байсан А-92 авто бензин 260 төгрөгөөр эрс нэмэгдэн литр нь 1890 төгрөг болж Улаанбаатарчуудыг шоконд оруулав. Ер нь жилийн жилд авто бензин, шатахуун тос барьцгүй үнээ нэмж, түүнийг дагалдан өргөн хэрэглээний барааны үнэ савладаг нь Монголчуудын хувьд нэгэнт ижил дасал болчихсон амьдралын тааруухан хэлбэлзэл гэж хэлж болно. Жилдээ 1.5 сая тонн шингэн түлшний хэрэглээтэй Монголчуудын хувьд өөрийн гэсэн нефть боловсруулах үйлдвэртэй болох мөрөөдөл хаа байсан Д.Бямбасүрэн Ерөнхий сайд асны үеэс л эхлэлтэй гэж хэлж болно. Өнөөдөр Монгол Улс сардаа 45-55 сая ам долларын бензин шатахуун импортлож байгаа нь жилдээ 600 гаруй сая ам доллар болж, энэ нь эргээд валютын ханшийн савалгаанд дийлэнх жинг дарж бидний амьдралд гол сөрөг нөлөөллийг үзүүлж байгааг захын хүн хэлээд өгнө. Байдал нэгэнт тодорхой учир бараг 30 жил газрын тос боловсруулах үйлдвэр мөрөөдсөн Монголчуудын мөрөөдлийг У.Хүрэлсүхийн Засгийн газар ажил хэрэг болгохоор ханцуй шамлаад байна.
Түүх сөхвөл Д.Дэмбэрэл УИХ-ын дарга байхдаа буюу 2011 оны 10 дугаар сарын 23-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг, Ноён Хонгор уулын өвөрт жилдээ 2 сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэрийн суурийг сүр дуулиантай тавьж “Энэ үйлдвэр 2015 ашиглалтад орж,жилдээ 1.7 сая тонн шингэн түлш үйлдвэрлэж Монгол Улсын хэрэгцээг бүрэн хангадаг болно” хэмээн шуугиулж байсан удаатай.
Тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Нефть боловсруулах энэ үйлдвэрийг Японы хамгийн орчин үеийн техник технологийн дэвшлээр Японы мэргэжилтнүүдийн шууд хяналтын дор байгуулна” хэмээн цээжээ дэлдэж байсан нь хэвлэлийн шарласан хуудсанд түүх болон үлджээ. Түүнээс хойш зургаан жил гаруй хугацаа өнгөрсөн ч Дархан-Уулын Хонгорт нефть боловсруулах үйлдвэр байтугай ганц шовгор овоохой ч боссонгүй.
Нефть импортлогч томоохон компаниуд “Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 69 ам доллар болж бид нэг литр бензин тутмаас 300 төгрөгийн алдагдал хүлээж байна. Бидэнд улсын төсвөөс 260 тэрбум төгрөг өгвөл алдагдлаа нөхөөд үнээ нэмэхгүй байх боломжтой” гэсэн юм ярьцгаагаад сууж байна. Яг энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар ХБНГУ-д ажлын айлчлал хийж таардаг нь ч юу билээ.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хүндхэн, ажилгүйдэл ядуурал ноцтой хэмжээнд хүрээд байгаа үед бензин, шатахууны үнийн хөөрөгдлийг дагаад өргөн хэрэглээний бүх барааны үнэ өсөх нь тодорхой. Тэгэхээр яах аргагүй өөрийн гэсэн нефть боловсруулах үйлдвэрийн тухай дахиад л дуусдаггүй мөрөөдлөө ярилцах шаардлагатай болж байгаа юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос зүүн хойш 20 км газарт нефть боловсруулах үйлдвэрийг Энэтхэгээс зээлсэн нэг тэрбум ам.доллараар байгуулахаар энэ зунаас ажлаа эхлэхээр болоод байгаа аж. Одоогоор уг үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах ажил ид хийгдэж байгаа бөгөөд ирэх гуравдугаар сард бэлэн болно гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан ярьж байна. Жилдээ 1.5 сая тонн Тамсагийн түүхий нефтийг боловсруулж 1.3 сая тонн шингэн түлш үйлдвэрлэх зорилготой энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд Дорноговийн голдуу 1.5 мянган иргэн ажиллана гэдгийг ч тооцоолсон гэнэ. Гэтэл энэ үйлдвэр Тамсагийн цэнхэр хязгаарыг там болгож байгаа БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” компаниас өөрийнхөө нефтийг 30:70 харьцаагаар худалдаж авахаас өөр аргагүй байдалтай байгаа аж. Учир нь одоо мөрдөгдөж байгаа Бүтээгдэхүүн хуваах гэрээ 2031 он хүртэл үргэлжлэх ёстой бөгөөд энэ гэрээнд заагдсанаар Монголын тал өөрийнхөө Тамсагийн түүхий нефтийг “Петрочайна Дачин Тамсаг”-аас худалдаж авахаас өөр аргагүй байдалтай байгаа ажээ. Ингэхээр ойрын 10 жилд Сайншандын нефть боловсруулах үйлдвэр төдийлөн ашигтай ажиллаж чадахгүй нь тодорхой болж байна.
Өөрийнхөө түүхий газрын тосыг БНХАУ-ын талд туйлын алдагдалтай байдлаар эзэмшүүлэх энэхүү Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг анх “Монгол газрын тос” компанийн Ерөнхий захирал асан Дообатын Сэнгээ гэгч “Соко Монгол инк” корпорацийн Ерөнхийлөгч Эдуард Т.Стори нар 1993 оны гуравдугаар сарын 29-ний өдөр байгуулсан түүхтэй. Иргэд олон нийтийн байгууллагын хувьд энэ гэрээг бүрэн эхээр нь уншихаас илүүтэй 25 зүйл, 95 хуудас бүхий энэхүү гэрээнд олборлож гаргасан бүтээгдэхүүнийг хоёр тал хэд хэдэн хувиар хуваахаар тохиролцсоныг мэдэхэд л ямархуу алдагдалтай, харалган гэрээ байгуулсан нь мэдрэгдэнэ. Гэхдээ Монгол Улсад маш их алдагдалтай энэхүү Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Тогтвортой байдлын гэрээ биш тул У.Хүрэлсүхийн Засгийн газар, ялангуяа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар Газрын тосны хэрэг эрхлэх газрынхантайгаа сайн зөвлөлдөж, хууль эрх зүйгээ сайн судлаж байгаад зоригтой хөөцөлдвөл өөрчлөн сайжруулж болох бүрэн боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун нарын зэрэг олон гишүүн хэлж байгаа юм.
Яг манайх шиг байдалд ороод байсан Индонез улс хөрөнгө оруулагчидтайгаа гурван удаа халз тулж, зоригтой тэмцэлдсээр байгаад өнөөдөр өөрсдийн баялгийнхаа 71.1 хувьд нь эзэн сууж чадсан бэлээхэн сайн жишээ байж л байна. Гэтэл манайх өнөөдөр Тамсагийн түүхий нефтийнхээ дөнгөж 25-30 хувьд эзэн сууж байгаа нөхцөлд Сайншандад нефть боловсруулах үйлдвэр байгууллаа гэхэд өөрийнхөө түүхий газрын тосны 70 хувийг Хятадын “Петрочайна Дачин Тамсаг”-аас юань, ам доллараар худалдан авч ашиггүй шахуу ажиллах нь тодорхой болоод байгаа юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан хоёр жил хэртэй судалгаа хийгээд “Татварын өмнөх ашиг нь жилдээ 138.7 сая ам доллар, цэвэр ашиг нь жилдээ 90.4 сая ам доллар, Хөрөнгө оруулалтын өгөөж нь 17.4 хувь байж хөрөнгө оруулалтаа 13-15 жилд нөхнө” гэсэн өөдрөг тооцоолол хийгээд байгаа Сайншандын нефть боловсруулах үйлдвэрийн 150 га газрыг тэгшлэх, 20 км төмөр зам тавих, ТЭЗҮ-г боловсруулах зэрэг ажилд Засгийн газар эхний ээлжинд 250 тэрбум төгрөг гаргахаар болоод байгааг зарласан. Сайншандын Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 507.000 тонн автобензин, 670.000 тонн дизелийн, 34.000 тонн онгоцны түлш, 151.000 тонн шингэрүүлсэн шатдаг хий, бас нефтийн кокс үйлдвэрлэх талаар ярьж байгаа. Өндөр хүчдэлийн шугам татах, зам тавих ажлууд нь ирэх зургаадугаар сараас эхэлж 3 жилийн дотор барьж байгуулахаар төлөвлөж байгаа энэ үйлдвэр лав л ойрын 10 жилд олигтой ашиггүй ажиллах нь тодорхой болж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор Дорноговийн голдуу 600 хүн байнгын ажилтай болох нь дажгүй сонсогдож байгаа ч өөрсдийнхөө түүхий тосыг Хятадуудаас эргүүлэн худалдаж авахаар болоод байгаа Бүтээгдэхүүн хуваах гэрээг яаралтай засч залруулахгүй бол Монголчуудын олон арван жилийн мөрөөдөл агаарт замхарч, ашиггүй үйлдвэрийн тоог нэгээр нэмэхээс өөр гавьтай гавьяа байгуулахгүй нь тодорхой болж байна. Уг нь Тамсагаас жилдээ олборлож байгаа 1.3 сая тонн түүхий нефть Монгол Улсын жилийн хэрэглээний 90 орчим хувийг өлхөн хангах хэдий ч 70 хувьд нь Хятадууд нэгэнт эзэн суучихсан өнөөдрийн хувьд Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгч “Хадны мангаа” биднийг бас л дахин багалзуурдах нь тодорхой болж байна. Алсын хараагүй, харалган сохор Монголын дарга нар, улстөрчдийн гай балаг мөддөө дуусахгүй нь бололтой.
Энэтхэгийн “Эксим” банкнаас авах нэг тэрбум ам.долларын 700 саяыг нь боловсруулах үйлдвэр, 264 саяыг нь дамжуулах хоолой барихад зарцуулахаар төлөвлөөд байгаа гэдэг. Дорнодын Матад сум дахь Тамсагийн сав газраас Сайншанд руу 545 км нефтийн хоолой барьж, үйлдвэр рүү түүхий эд хүргэх бололтой. Уг нэг тэрбум ам долларын зээл нь 20 жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй дуулдсан.
Хамгийн гол нь дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болсноор гадаадаас бензин шатахууны хараат байдлаас ангижирч, литр шатахууны бөөний үнэ 850-1159 төгрөг болох тооцоо гаргаад байгаа нь үнэхээр сайшаалтай ч Тамсагийн сав газраас олборлож байгаа түүхий газрын тосонд эзэн суучихаад байгаа “Петрочайна Дачин Тамсаг”-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээг дахин нягтлан хэлэлцэж Монголын талын хувийг ядаж 50 хувьд хүргэхгүй бол Сайншандын нефть боловсруулах үйлдвэр төдийлөн ашигтай ажиллаж чадахгүй гэдэг нь тодорхой болж байна.
Д.Түвшин
Сэтгэгдэл (8)