Монголчуудыг 40 гаруй жил тэжээж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр өөртөө аваад удаагүй байна. “Монголын зэс” корпорацийн эзэмшиж байсан 49 хувийг Монголын төр өөртөө нэгтгэн авсныг хуучин эзэмшигчид нь мэдээж хүлээн зөвшөөрөхгүй Олон улсын Арбитрын шүүхэд хандахаар болоод байгаагаа зарласан. Гэтэл дуулиан намжаагүй байхад Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт”-ийн дээрх 49 хувиас ард иргэддээ 10 хувийг нь үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргачихлаа. Засгийн газрын энэ шийдвэр гарахаас өмнө дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ сүүлийн 15 сарын хугацаанд 45 хувиар өсч тонн тутамдаа 7000 ам доллар давсаныг зарлаад байсан юм. Уг нь Олон улсын шинжээчид зэсийн тонн тутмын тэнцвэртэй үнийг 6000-6200 ам доллар хэмээн тооцоолж байсан бол манай өмнөд хөрш БНХАУ-ын зэс худалдан авалт огцом нэмэгдсэнтэй уялдан дээрх огцом үнийн өсөлт болсныг тэмдэглэж байна. Хойшдоо 7000 ам доллар давсан үнийн өсөлт тогтвортой байж 2018 оны дунд үед бүр 7500 ам долларт хүрнэ гэдгийг Лондонгийн биржийн шинжээчид тайлбарлаж эхлээд байна. Зэсийн үнийн энэхүү огцом өсөлт “Алтан дээр суусан гуйлгачингууд” гэгдэж болох Монголчуудад тун таатай мэдээ гэдэг нь тодорхой. Ер нь яагаад ч юм МАН-ынхан засаглах бүрт дэлхийн зах зээл дээр ашигт малтмал, ялангуяа зэсийн үнэ дээд хэмжээндээ хүртэл өсдөг бичигдээгүй хууль бий. “Эдийн засаг 17 хувиар өслөө” хэмээн бархиралдаж байсан чухам тэр үед зэсийн үнэ ийнхүү дээд хэмжээндээ хүртэл өсч байсан удаатай.
Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ордын 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх тухай заалт байдаг. Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд эхлээд “Эрдэнэт” үйлдвэрийн 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, цаашдаа Олон улсын зах зээл дээр нээлттэй гаргахаар “Эрдэнэт”-ийг ХК болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээд байгаа. Ингэхдээ мэдээж УИХ-аар асуудлыг оруулж байж шийдэх учиртай. Харин УИХ дээр МАН-ын 65-ын бүлэг чухам ямархуу шийдвэр гаргах нь одоогоор тодорхойгүй байгаа. Нөгөөтэйгүүр асуудлын эсрэг талд “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж байсан “Монголын зэс” корпораци Олон улсын хуулийн байгууллагад хандвал Монголчуудын 10 хувиа эзэмших асуудал тодорхойгүй хугацаагаар гацаанд орж таарна. Мэдээж “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж байгаад Монголын төрд булаалгасан “Монголын зэс” корпораци энэ том хоолоо зүгээр тавиад туучихыг огтхон ч хүсэхгүй. Тэдэнд Олон улсын Арбитрын шүүхэд хандах бүрэн эрх нь нээлттэй байгаа. Түүнээс гадна “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж “Стандарт” банкнаас зээлсэн 50-иад сая ам.долларын маргаан байгаа. Энэ бүхнийг Монголын төр зохицуулж дөнгөвөл дэлхийн зах зээл дээр тонн тутам нь 7000 ам долларыг даваад байгаа зэсийн үнээс “Алтан дээр суусан гуйлгачид” болох Монголын ард түмэн ам тосдож, хүн шиг амьдарч чаддаггүй юм гэхэд “Цаг цагтаа нэг цадаж, “Эрдэнэт”-ийн хишгээр хоёр цадах” боломжтой болох билээ.
Уг нь сайн цагийн “Хувьсгалын тохироо” бүрэлдэж л байна. Харин “Монголын зэс” корпораци, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хэрхэн хэл амаа ололцох, Монголын ард түмэн аль хэр аз хийморьтой байхаас бүх зүйл шалтгаалах болчихоод байна. Ямартай ч энэ 2018 онд Монголын “Саалийн үнээ” болсон “Эрдэнэт” тун өнгөтэй өөдтэй байх нь тодорхой боллоо. Одоо харах, хүлээх л үлдэж байна.
Д.Түвшин
Сэтгэгдэл (25)