-
2017 оны 12 сарын 29
Олон нийтийн дунд активын чанарын үнэлгээний үр дүн, банкуудын санхүүгийн чадавхийн талаар албан бус мэдээлэл цацагдаж байгаа тул Монголбанк энэхүү мэдэгдлийг хийж байна.
-
2017 оны 12 сарын 27
2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Н. Баяртсайхан нар Монголбанк дахь Төрийн сангийн нэгдсэн дансны төгрөгийн харилцах дансны үлдэгдэлд Монголбанк хүү төлөх мөн бусад нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурлаа.
Ингэснээр Төрийн сангийн нэгдсэн дансыг сонгодог утгаар нь хөгжүүлэх эхлэлийг тавьж байгаагаараа ач холбогдолтой юм. Төрийн сангийн нэгдсэн дансыг үр ашигтай ашигласнаар нэг талаас, мөнгөний бодлогын үйл ажиллагааг Засгийн газрын мөнгөн хөрөнгийн удирдлагатай уялдуулж, үр нөлөөг нь дээшлүүлэх, нөгөө талаас Засгийн газрын мөнгөн урсгалын ил тод байдал нэмэгдэж, өрийн удирдлагыг сайжруулах боломжтой болж байгаа юм.
Мөн гэрээний бусад нөхцөлийн хүрээнд өнөөдөр Сангийн яамнаас 360 сая ам.долларыг Монголбанкинд худалдлаа.
Цаашид төсөв, мөнгөний бодлого харилцан дэмжлэгтэйгээр илүү уялдаа холбоотой хэрэгжих, төсөв, мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
-
2017 оны 12 сарын 25
Монголбанк 2017 онд 19.8 тонн буюу ойролцоогоор 20 тонн алт худалдан авахаар урьдчилсан тооцоо гарч байна. Энэ нь 2016 онд 18.3 тонн алт худалдан авснаас 1.5 тонн илүү буюу 8 хувиар өссөн үр дүн юм.
Монголбанк энэ оны эхнээс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 117 аж ахуйн нэгжээс 7.2 тонн буюу 37%, 216 иргэнээс 12.4 тонн буюу 63%, нийт 19.6 тонн алт худалдан авлаа. Үүнээс 2017 онд 19.4 тонн алтыг цэвэршүүлж, 692.1 сая ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэв.
Монгол Улсын Гадаад Валютын Улсын Нөөцийг нэн даруй нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс Монголбанк дотоодын зах зээлээс худалдан авах үнийг 2016.12.14-2017.12.31-ний өдрийн хооронд Лондонгийн Үнэт Металлын Зах дээр хамгийн сүүлд тогтоосон үнээр тогтоон мөрдөж ажиллав. Түүнчлэн “Монгол Алт” аяны хүрээнд Монголбанкнаас шат дараатай олон ажлыг зохион байгуулсны үр дүнд алтны худалдан авалт нэмэгдсэн болно.
Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017.12.04-ний өдрийн А-302 дугаар тушаалаар 2018.01.01-ний өдрөөс Монголбанк алт худалдан авах үнийг Лондонгийн Үнэт Металлын Зах дээр хамгийн сүүлд тогтоосон үнээс 2 ам.долларыг хасч тогтоохоор болсон гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүдийн сонорт хүргэж байна.
-
2017 оны 12 сарын 22
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж 11.0 хувь болгох шийдвэр гаргалаа.
2017 оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 6.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.6 хувь байгаа хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляци дунд хугацаанд Төв банкны зорилтот 8 хувийн түвшинд тогтвортой байхаар байна.
Энэ оны эхний гурван улиралд эдийн засаг хүлээлтээс давж өслөө. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт эрчимжиж, гадаад худалдааны нөхцөл сайжирч, богино хугацааны гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт буурч байгаагаас макро эдийн засгийн эрсдэл буурч, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Эдийн засгийн цаашдын төлөвөөс харахад бизнесийн зээл, уул уурхайгаас хамаарал багатай салбаруудын өсөлтийг дэмжих, ажилгүйдлийн түвшинг бууруулах шаардлага хэвээр байна.
Мөнгөний бодлогыг зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил болон ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлнэ.
Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨ
-
2017 оны 12 сарын 18
2017 оны 12-р сарын 15-ны өдөр ОУВС-ын Захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсад 3 жилийн хугацаатай хэрэгжиж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний болон хоёр дахь шатны үнэлгээний үр дүнг дүгнэлээ. Зөвлөлийн шийдвэр гарч Монгол Улсын тусгай зээлжих эрхээр 55.9 сая буюу мөнгөн дүнгээр 79.1 сая ам.доллар, цаашлаад нийтдээ 118.6 сая ам.долларыг олгохыг зөвшөөрсөн.
Хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын гүйцэтгэл сайн байгаа ба 2017 оны эдийн засгийн өсөлт таамаглалаас давж 3.3 хувьд хүрэхээр байна. Зорьж байсан тоон үзүүлэлтүүд бүгд амжилттай биелсэн гол шалтгаан нь нэг талаас бодлогын хэрэгжилт сайн байсан, нөгөө талаас гадаад орчин таатай байсанд оршиж байгаа юм. Хэдийгээр 9-р сард тус улсын Засгийн газар огцорч хугацааны хоцрогдол үүсгэсэн ч бүтцийн реформуудын хэрэгжилт хүчтэй байна.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг ОУВС 2017 оны 5-р сарын 24-нд баталж, Монгол Улсын тусгай зээлжих эрхээр 314.5 сая буюу 425 сая ам.долларыг 3 жилийн хугацаатайгаар олгохыг зөвшөөрсөн. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “эдийн засгийг сэргээх хөтөлбөр” нь төсвийн алдагдал болон өрийн хэмжээг бууруулах, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, өсөлт-уналтын мөчлөгийг саармагжуулах арга хэмжээнүүдийг авч тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгох замаар эдийн засгийг тогтворжуулахаар зорьж байгаа.
Захирлуудын зөвлөлийн хурлын дараа ОУВС-ын дэд захирал бөгөөд Захирлуудын зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч ноён Мицухиро Фурусава хэлэхдээ:
“Хэдийгээр улс төрийн хөгжлийн хувьд удаашрал үүссэн ч ОУВС-ын дэмжлэгтэй Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөрийн үр дүн эерэг гарсан. Эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас илүү хурдтай сэргэж, итгэлцэл эргэж нэмэгдсэнээр гадаад валютын ханш тогтворжиж, олон улсад босгох санхүүжилтийн өртөг буурч, гадаад валютын нөөц нэмэгдсэн. Эрх бүхий байгууллагууд төсвийн алдагдлаа бууруулж, өсөлтийн чанарыг сайжруулах бүтцийн өөрчлөлт, реформуудыг хийж эхэлсэн.”
“Зорьж байсан бүх тоон үзүүлэлтүүд хангагдсан байна. Төсвийн орлого нэмэгдэж, зардлын зарцуулалтыг чангатгаснаар төсвийн алдагдал ДНБ-ийн 7.6%-д хүрч, 2016 онтой харьцуулахад дариу тал хагасаас нь бага хэмжээнд очиж төсвийн үр дүн төсөөллөөс давлаа. Саяхан батлагдсан 2017 оны Төсвийн Тодотгол болон 2018 оны Төсөв нь хэрэгжиж буй хөтөлбөртэй нийцтэй байгаа. Төсвийн гүйцэтгэлээс давсан орлогын тал нь хуримтлал болж, цаашид зээлжилтийг болон өрийн хэмжээг бууруулахад ашиглагдана. Харин үлдсэн хэсгийг Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй нийцүүлэн үр ашигтай зарцуулах, төрийн албан хаагчдад нэг удаагийн шагнал олгоход ашиглана. Нүүрсний экспортын гүйцэтгэл, бондын болон мөнгөний зах зээл дэх хөрөнгийн дотогшлох урсгал, хандивлагчдын тусламж зэргийн нөлөөгөөр гадаад валютын цэвэр нөөц мөн нэмэгджээ.”
“Улс төрийн тогтворгүй орчныг эс тооцвол эрх бүхий байгууллагуудын хэрэгжүүлж буй реформууд нь дунд хугацааны туршид өсөлтийг тогтвортой байлгах, өрсөлдөх чадвар болон эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, өсөлт-бууралтын мөчлөгийг саармагжуулах зэрэгт дэмжлэг болно. Банкны тогтолцоог нөхөн сэргээх, бэхжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Активын Чанарын Үнэлгээний үр дүн удахгүй гарахаар байгаа ба Монголбанк зохицуулалтын болон хяналтын тогтолцоогоо боловсронгуй болгох арга хэмжээнүүдийг авч байна. Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Монголын арилжааны банкуудын засаглал болон үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хууль эрх зүйн чухал реформууд хийгдэж байгаа ба холбогдох хуулиуд удахгүй батлагдана. Төсвийн тал дээр дээд шатны албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсанаар Татварын ерөнхий газар, татварын бодлого, төсвийн удирдлагыг чадавхжуулж, илүү хүчтэй болгох арга хэмжээ авч байгаа.”
Нийгмийн халамжийн бодлогыг бэхжүүлж, хамгийн эмзэг ядуу иргэдэд илүү хүртээмжтэй болгохын тулд Засгийн газар “хүүхдийн мөнгө хөтөлбөр”-ийг бага орлоготой айл өрхүүдэд чиглүүлж, ядуу иргэдэд зориулсан хүнсний талоныг хуримтлалыг ашигласнаар нэмэгдүүлнэ.”
“Монгол Улсын өрийн түвшин өндөр хэвээр байгаа бөгөөд эдийн засаг нь олон улсын түүхий эдийн үнээс хамааралтай хэвээр байгаа тул хөтөлбөрийн хүрээнд тохиролцсон тохиролцоонд хүрч ажиллах нь нэн чухал юм. Шинэчлэлт, реформын төлөвлөгөөг тогтвортой мөрдлөг болгон хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг бэхжүүлэх, итгэлийг дээшлүүлэх, төсвийн орлого болон гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, донор орон болон байгууллагуудын дэмжлэгийг авах боломжийг бүрдүүлнэ” гэжээ.
-
2017 оны 12 сарын 16
Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун нь банк санхүүгийн салбарт 2000 оноос хойш ажиллаж байна. Тэрбээр энэ хугацаанд мэдээллийн технологи, гадаад төлбөр тооцоо, гадаадын мөнгөний зах зээлийн хөрөнгө оруулалтын судалгаа, эрсдэлийн шинжилгээ, санхүүгийн салбарын төлбөрийн системийн хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан. Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны даргаар 2016 оны 12 дугаар сараас томилогдон ажиллаж байна.
Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх үйл ажиллагааныхаа доголдол, дутагдлыг засахын тулд ФАТФ (Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ боловсруулах бүлэг) болон АРG (Ази, Номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг)-тэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа 2011 онд илэрхийлсэн байдаг. Тэгвэл олон улсын эдгээр байгууллагатай ямар түвшинд, хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын гишүүнээр 2004 оны зургадугаар сард элссэн. ФАТФ нь улс орнуудад Дэлхийн санхүүгийн мэдээллийн албадын олон улсын нийгэмлэг болох Эгмонт (EGMONT)-ын зарчим, тодорхойлолтод нийцсэн Санхүүгийн мэдээллийн алба /СМА/ байгуулж ажиллуулахыг уриалдаг. Монгол Улс 2006 оны долдугаар сарын 8-ны өдөр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль баталснаар СМА байгуулж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааныхаа үндэс, суурийг тавьсан юм. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай энэхүү хуулийг үндсэндээ ФАТФ-ын зөвлөмжид үндэслэн боловсруулсан. Хуулийн дагуу СМА-ыг Монголбанкны дэргэд байгуулсан байдаг. ФАТФ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын зөвлөмж батлахаас гадна гишүүн орнуудынхаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой хугацааны давтамжтайгаар тогтмол үнэлж, хянадаг. APG нь 2016-2017 онд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлэх хоёр дахь удаагийн Харилцан үнэлгээ хийсэн тайлангаа 2017 оны есдүгээр сард тус байгууллага өөрийн цахим хуудсанд байршуулсан. Түүнчлэн СМА нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог улам боловсронгуй болгох зорилгоор олон улсын бусад байгууллагатай нягт холбоотой ажиллаж байна. Үүнд ОУВС, АХБ гэх мэт байгууллагуудыг дурдаж болно.
2013 онд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж, энэ хүрээнд нэг бус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Эдгээр шинэчлэлт, өөрчлөлтөөс гарсан гол ахиц юу вэ?
УИХ Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг 2013 оны тавдугаар сарын 31-нд шинэчлэн баталсан. Нэмэлт, өөрчлөлтүүд нь манай улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд ажиглагдаж байсан дутагдал, сул талуудыг засаж залруулахад чиглэж байв. 2006 оны хуучин хууль маань олон улсын зүгээс ч багагүй шүүмжлэл дагуулж байсан. Харин 2013 оны хууль тогтоомжид мэдээлэх үүрэгтэй этгээд болон гүйлгээний хүрээг тэлж, “мөнгө угаах” гэсэн нэр томьёоллын тодорхойлолтыг тэлснээр “эцсийн өмчлөгчийг таньж мэдэх” зэрэг олон шинэлэг ойлголтыг нэмж тусгасан байдаг. Мөн “улс төрд нөлөө бүхий этгээд”, “халхавч банк” зэрэг ойлголт бий болсон. Тухайн үед тусгасан нэмэлт, өөрчлөлтүүд нь Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгож олон улсын жишигт ойртуулахад чухал хувь нэмэр оруулсныг олон улсын байгууллагууд ч хүлээн зөвшөөрдөг.
Хууль сахиулах байгууллагууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг илрүүлж шүүхэд шилжүүлж байгаа байх. Шүүхээс энэ гэмт хэргийн зүйл ангиар хэдэн хэрэг таслагдсан байдаг бол?
Мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотойгоор хууль сахиулах байгууллагууд 2011 хойш 4345 хүнийг шалгаж, 46 хэрэг үүсгэсэн. Үүний 20 нь Улсын ерөнхий прокурорын газарт шилжсэн байдаг. Хоёр хэрэг дээр анхан шатны шүүхийн зүгээс яллах арга хэмжээ авсан ч Улсын дээд шүүх дээр хэрэгсэхгүй болгосон. Мөн энэ оны долдугаар сард мөнгө угаахтай холбоотой нэг хэргийн холбогдогч анхан шатны шүүх хурлаар яллуулсан байгаа.
Хууль бус аливаа орлого эргэлтэд орохдоо банк, санхүүгийн байгууллагаар дамжих эрсдэл агуулж байдаг. Санхүүгийн байгууллагууд энэ асуудалд хайхрамжгүй хандах нь эдгээр байгууллагын нэр хүндэд халтай төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засагт ихээхэн хор уршигтай гэж бодож байна. Энэ талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба ямар байр суурьтай байгаа бол? Бид яах ёстой вэ?
Санхүүгийн мэдээллийн албаны байр суурь бол тодорхой: Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоогоо олон улсын жишигт аль болохоор хурдан нийцүүлэх ёстой гэж үзэж байгаа. Харин энэ ажлыг Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба хоёр дангаараа хийх боломжгүй юм.
Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас 2017 оны долдугаар сард Шри-Ланк улсын Коломбо хотод хуралдсан жилийн чуулганы үеэр Монгол Улсыг “эрчимтэй хяналтад” оруулсан нь манай улсын эрсдэл нэмэгдэж буйн илрэл болсон. Иймд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа нь эдийн засгаа санхүүгийн гэмт хэргээс хамгаалах, эрчимтэй хяналтаар илэрч болох сөрөг үр дагавраас зайлсхийх, корреспондент банкуудтай тогтоосон харилцаагаа алдахгүй байхад чиглэх ёстой болж байна. Монгол Улс 2018 оны 10 дугаар сараас өмнө холбогдох хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулж хэрэгжилтийг нь хангах үүрэг хүлээсэн. Энэ үүргээ зохих түвшинд биелүүлэхгүй байх нь “саарал жагсаалт”-д орох үр дагавартай юм. “Саарал жагсаалт”-д орох нь санхүүгийн системд ноцтой эрсдэл учруулах, банкны гадаад гүйлгээг зогсоох эрсдэлтэй байдаг. Санхүүгийн системийн үйл ажиллагаанд доголдол үүсэхэд үр дагавар нь нийт эдийн засагт шууд мэдрэгдэж, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт олоход ч хүндрэлтэй болно. Оллоо гэхэд энэхүү хөрөнгө оруулалтынх нь зардал эрс нэмэгдэж эцсийн бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж эцсийн хэрэглэгч болох энгийн хүмүүст дарамт болдог. Иймээс Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх иргэн, байгууллага мөнгө угаах гэмт хэргийн хор уршгийг ойлгож, зохих шаардлагатай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа юм.
Монголбанк, СМА болон Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн бусад байгууллагууд Ази, Номхон далайн бүсийн байгууллагын зөвлөмжийн дагуу холбогдох хууль тогтоомжийг нэн түрүүнд боловсронгуй болгохоор ажиллаж байна. Тухайлбал, 2018 оны дунд үе гэхэд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үүнтэй уялдуулан бусад хууль тогтоомжоо өөрчилнө. Бидэнд эдгээр шинэчлэлт, өөрчлөлтийг 2018 оны 10 дугаар сар гэхэд хийх зайлшгүй шаардлага тулгараад байна.
ФАТФ-ын зүгээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулах болон өөр хэд хэдэн ажил нэмж хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж дүгнэжээ. Мөн АРG ч өөрийн үнэлгээг өгсөн байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт хангуулах ажлын явц ямар шатандаа байна вэ? Энэ дүгнэлт, үнэлгээний хүрээнд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Харилцан үнэлгээний дүнг сайжруулах үүднээс бид тухайн үед Засгийн газарт санал тавьсны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 70 дугаар захирамжаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл байгуулагдсан. Тус зөвлөл 2017 оны тавдугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр 2018-2020 оны дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Уг хөтөлбөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг болон эдгээрийг үйлдэж буй гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх олон улсын стандартад нийцсэн тогтолцоо бий болгож хөгжүүлэх замаар санхүүгийн системийн тогтвортой, найдвартай байдлыг хадгалах, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чиглэж байна.
Монгол Улс хууль, эрх зүйн орчноо ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн богино хугацаанд өөрчилж 2018 оны 10 дугаар сард эргэн тайлагнах үүрэг хүлээснийг дээр дурдсан. APG-ын шаардлагыг биелүүлэх ажлын хүрээнд энэ оны долдугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр гаргасан зөвлөмжүүдийг төрийн бүх шатны байгууллага үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллах зөвлөмж гаргасан.
APG-ын Харилцан үнэлгээний тайланд тусгагдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үүднээс Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг ФАТФ-аас тогтоосон стандарт, зөвлөмжтэй нийцүүлэх тухай заалт оруулсан байгаа. Энэ ажилд Засгийн газар, СЗХ, Монголбанк, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөл зэрэг байгууллагын үүрэг, оролцоо туйлын чухал юм.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд сөргөөр нөлөөлж буй нэг том хүчин зүйл нь комплаенсыг шаардлагатай түвшинд нэвтрүүлээгүйтэй холбоотой гэж ойлгож болох уу? Уг тогтолцоог сайжруулахын тулд комплаенс буюу олон улсын эрх зүйн стандартыг үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна вэ?
Комплаенсын үйл ажиллагаа аливаа байгууллагын бүтцэд чухал ач холбогдолтой гэдэг ойлголт Монгол Улсад саяхнаас дэлгэрч эхэлсэн. Санхүүгийн байгууллагуудын хувьд өөр өөрсдийн ойлголтоор комплаенсын тогтолцоо нэвтрүүлж байгаа боловч олон улсын стандартад нийцсэн комплаенсын тогтолцоо нэвтрүүлсэн санхүүгийн институт цөөхөн байна. Гадаадын санхүүгийн байгууллагууд аливаа улсын байгууллагад хөрөнгө оруулалт хийх юм уу түүнтэй хэлхээ холбоо тогтоохдоо тухайн байгууллагын комплаенсын үйл ажиллагааных нь чанарыг харгалздаг, тухайн чиглэлийн олон улсын стандарт, зарчмуудтай тулгах замаар үнэлж дүгнэдэг. Энэ л үнэлгээнийхээ дүнд тулгуурлан хамтарч ажиллах эсэхээ шийдвэрлэдэг. Монгол Улсын хувьд олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нь сайн комплаенс хяналттай байхын ач тусыг ойлгож эхэлсэн гэж бодож байна. Мэдээж, комплаенсын үйл ажиллагаа нь доголдолтой эсвэл ийм ажиллагаа огт байхгүй бол энэ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд сөргөөр нөлөөлнө. Байгууллагууд сайн засаглалын зарчмын дагуу гүйцэтгэх удирдлагаас хараат бус ТУЗ-ийн түвшинд комплаенсын нэгж байгуулснаар олон улсын жишигт ойртох юм. Санхүүгийн байгууллагуудын хувьд Волфсбергийн бүлгээс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллах нь олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа явуулахад чухал болж байгаа. Энэ бүлгээс “Харилцагчийг таньж мэдэх нь”, “Төлбөрийн ил тод байдлын шалгуур” гэх мэт зөвлөмж гаргасан байдаг. Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх нь тухай үед их ажил, хөрөнгө шаардах боловч ирээдүйд тус байгууллагын нэр хүнд, үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх нь тодорхой. Иймээс манай байгууллагууд сайн засаглалын зарчмыг, үүний дотор комплаенсыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь ирээдүйдээ хийж буй том хөрөнгө оруулалт гэж бид үзэж байна.
-
2017 оны 12 сарын 15
Монголбанкны төлөөлөл 2017 оны 12 дугаар сарын 15-наас 17-ний өдрүүдэд Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын (ЗӨАТБ) Холбооны Ерөнхийлөгч нарын 53-р чуулга уулзалтад оролцож байна. Энэ жилийн уулзалт “Тогтворгүй дэлхийд тогтвортой байдлыг хангах нь” ерөнхий сэдвийн хүрээнд геополитикийн эрсдэлүүд, санхүүгийн салбар дахь технологийн дэвшил болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад Төв банкны үүрэг, оролцоо зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.
Тус уулзалтад ЗӨАТБ-ын холбооны гишүүн 20 орноос гадна гишүүнчлэлд орох гэж байгаа болон ажиглагч орны Төв банкны ерөнхийлөгч нар, албаны төлөөлөл мөн олон улсын санхүүгийн байгууллагуудын хүндэт зочид, төлөөлөгчид оролцож байна.
Чуулга уулзалтаар Монголбанкны Ерѳнхийлѳгч Н.Баяртсайхан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн тэргүүн дэд захирал Дэвид Липтонтой уулзаж, Монголын эдийн засгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлого болон банкны салбарт хийгдэж буй шинэчлэлийн явцын талаар мэдээлэл солилцов. ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурал Монголын цагаар энэ Бямба гарагт хуралдаж Монгол Улсад хэрэгжиж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний болон хоёр дахь шатны үнэлгээний үр дүнг дүгнэнэ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан эерэг хүлээлттэй байгаагаа дурдаж, цаашид дэмжихийг хүссэн. Ноён Липтон Монголын эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байгааг онцолж, хөтөлбөрийн үр дүнг амжилттай байлгахад ОУВС-гийн зүгээс бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.
-
2017 оны 12 сарын 14
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 11-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар өнгөрсөн 11-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 1.1%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 11-р сарын үр дүнтэй харьцуулахад 0,24 хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
Шинэ орон сууцны үнийн индекс 1,16 гарсан. Энэ нь өмнөх сараас 0.20 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,26 хувиар өссөн байна.
Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 8,55%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,47 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 0,50 хувиар буурсан үзүүлэлт юм.
Үзүүлэлт
Ерөнхий
Шинэ о/с
Хуучин о/с
Индекс
1,01
1,16
0,92
Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/
1,06%
16,01%
-8,55%
Өмнөх сартай харьцуулахад
0,16%
0,20%
0,47%
Оны эхэнтэй харьцуулахад
0,13%
0,43%
-0,88%
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад
0,24%
0,26%
-0,50%
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4881 орон сууцны мэдээллийг хамрууллаа.
-
2017 оны 12 сарын 14
Банкны салбарыг зохицуулж буй 10 гаруй хуулийн шинэчлэл хийгдсэнээр Монгол Улсын банк, санхүүгийн салбарын хөгжлийн шинэ үе, түүхийн шинэ хуудас 2017 оноос эхлэн нээгдэнэ хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Н. Баяртсайхан үзэж байгаа юм байна. Банк, санхүүгийн системд хийгдэх шинэчлэлүүд болон хуулийн реформын талаар түүнтэй ярилцлаа.
- Банкны тухай хууль, Төв банкны тухай хуулийн өөрчлөлтийн талаар нэлээд сонирхолтой хэлэлцүүлгүүд ойрд өрнөж байна. Санхүүгийн тогтолцооны эдгээр тулгуур дүрмүүдийг өөрчлөх нь ер нь зөв үү гэдэг асуултаар ярилцлагаа эхэлцгээе.
Хуулийг “Юуны тулд өөрчлөх вэ?”, “Хэзээ өөрчлөх вэ?” гэдэг 2 чухал асуулт байгаа юм. Эхний асуултын хувьд, Монгол Улсын санхүүгийн тогтолцоог олон улсын сайн туршлагад тулгуурлан илүү үр ашигтай, ил тод, хариуцлагатай, эрсдэл даах чадвартай болгоход хууль эрх зүйн орчны шинэчлэл зайлшгүй чухал байна. Үүний хүрээнд нийт 11 багц хуулийн өөрчлөлт хийгдэхээс Үндэсний төлбөрийн системийн тухай шинэ хууль энэ оны эхний хагаст батлагдсан. Харин одоо Төв банкны тухай хууль, Банкны тухай хуулийн төсөл боловсруулагдаж дуусаад УИХ-аар хэлэлцэгдэх шатандаа орлоо. Энэ хоёр хуулийн төслийн агуулга нь Монголбанк ч тэр, арилжааны банкууд ч тэр илүү хариуцлагатай ажиллая, улс орныхоо санхүүгийн тогтолцоог сайн дархлаатай болгоё гэсэн санаа явж байгаа юм. Эдгээр хуулиуд шинэчлэгдсэнээр нэг талаас Монголбанкны бодлого үйл ажиллагаанд олон улсын сайн жишиг, туршлагыг суулгаж өгөх, ингэснээр ирээдүйд алдаа гаргах эрсдэлээс сэргийлж өгнө гэсэн үг. Харин нөгөө талаас арилжааны банкуудын үйл ажиллагаа ч олон улсад банк санхүүгийн байгууллага яаж ажиллах ёстой юм, тийм л жишиг рүү чиглэх юм.
-Тэгвэл цаг хугацааны хувьд эдгээр хуулиудад ѳѳрчлѳлт хийх ёстой цаг нь одоо мөн үү?
Бид зохицуулалтаа илүү боловсронгуй болгох цаг аль хэдийн болсон. Эдийн засгийн орчин, санхүүгийн зах зээл нэлээд хурдацтай өөрчлөгдсөн ч зохицуулалт ерөнхий агуулгаараа хоцрогдоод байна шүү дээ. Энэ нь сүүлийн 10 жилд Монгол Улсад тулгарсан эдийн засгийн хоёр ч хүндрэлээс тод ажиглагдлаа. Одоо санхүүгийн системд эргэлдэж буй мөнгөний хэмжээ, бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл, ашиглаж буй технологи болон арга барил, гадаад ертөнцтэй харилцах харилцаа гээд олон зүйл урьдынхтай харьцуулахад тэнгэр газар шиг ялгаатай болчихсон. Хуучин хууль дүрмээр зохицуулах аргагүй зүйлс ч гарч ирж байна. Мөн өнгөрсөн хугацаанд амьдрал дээр туршигдан сул тал нь харагдсан, сайжруулах хэрэгтэй зүйл ч олон бий. Тэгэхээр бид шаардлагатай өөрчлөлтүүдээ хугацаа алдалгүй хийгээд явах нь цаашид санхүүгийн зуучлал найдвартай байх чухал үндэс болно. Энэ бол шийдвэрлэх цаг мөч юм. Өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд бий болсон бодлогын өөрчлөлт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, дэлхийн зах зээл дээрх таатай нөхцөл байдлын нөлөөгөөр эдийн засаг маань сэргэж эхэлж байна. Тэгвэл цаашид энэ өсөлтийг тогтвортой хадгалж чадах эсэх нь банк, санхүүгийн секторын үйл ажиллагаа хэр үр дүнтэй байхаас ихээхэн хамаарах бөгөөд үүнд хуулийн реформ маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд одоо бид энэ асуудал дээр тал бүрээс сайтар тунгааж, хэлэлцэж, ойлголтоо нэгтгээд урагш явах нь зүйтэй болов уу. Үүнийг ойлгож дэмжиж буй УИХ-ын эрхэм гишүүддээ энэ завшааныг ашиглаад талархлаа илэрхийлье!
-Банкны тухай хуулийн төсөлд арилжааны банкуудын засаглалын тогтолцоог зохистой болгох, эрсдэлтэй үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалтууд хийх, зохицуулагчийн зүгээс тавих хяналтын тогтолцоог сайжруулах зэрэг чухал өөрчлөлтүүд орсон байсан. Гэхдээ нийгэмд ОУВС-гийн шаардлагаар хуулиа өөрчилж байна гэсэн хардалт давхар яваад байх шиг байна. Энэ үнэхээр үнэн үү?
Үгүй ээ. Хуулийн шинэчлэл бол хөгжлийн зүй тогтол, нийгмийн хэрэгцээ шаардлагаар урган гарч ирж, хийгдэж байгаа зүйл. Ер нь аливаа улс оронд бодит эдийн засаг руу мөнгө, санхүүжилт хуваарилж буй санхүүгийн систем хэвийн үйл ажиллагаа явуулах нь эдийн засагт бизнесийн үйл ажиллагаа өргөжих, эдийн засгийн өсөлт хөгжил бий болох нэг гол тулгуур болдог. Хадгаламж эзэмшигчдийн мөнгө найдвартай, компаниудад бизнесийн санхүүжилт хүртээмжтэй, зээлийн эргэн төлөлт сайн байснаар эдийн засагт мөнгө үр дүнтэй эргэж үйлдвэрлэл үйлчилгээ тэлэн ажлын байр, цалин орлого нэмэгдэх үндэс суурь нь болно шүү дээ. Иймд Монголын санхүүгийн системийн тулгуур болсон банкны тогтолцооныхоо эрүүл найдвартай байдлыг хангах оновчтой зохицуулалтын орчныг бүрдүүлэхгүйгээр бид эдийн засгийн хүндрэлээс гарах, цаашдын хөгжил дэвшлийн тухай яриад нэмэргүй. Тийм ч учраас миний бие Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдоод Тѳв банкинд, санхүүгийн салбарт хэрэгжүүлэхээр боловсруулсан 5 төрлийн шинэчлэлийнхээ эхний бүлэгт “Банкны салбарын хууль эрх зүйн шинэтгэл”-ийг онцлон тусгасан. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчны шинэчлэл бол ОУВС-гийн хөтөлбөрөөс жил орчмын өмнөөс эхэлсэн байсан ажил одоо хэрэгжээд явж байна гэж ойлгож болох юм.
-Банкны тухай хуулийн эргэн тойронд зээлийн хүүнд хязгаар тавих асуудал анхаарлын төвд байлаа. Энэ тал дээр Монголбанк ямар байр суурьтай байгаа вэ?
Хүүнд хязгаар тавих явдал Монголбанкны байр суурь биш юм. Зээлийн хүүг бууруулах асуудал дээр хамгийн гол нь үр дүнтэй шийдлийг сонгож хэрэгжүүлэх нь зөв хувилбар. Харин хязгаар тавих нь зээлийн хүүг бууруулахад олигтой үр дүнгүй гэдгийг уг аргыг сонгож хэрэгжүүлсэн дэлхийн 76 орны туршлага нэгэнт харуулчихсан байна. Тэдгээр орнуудын ихэнх нь Латин Америк, Африк, Карибийн тэнгисийн улс орнууд. Өмнөд Африк, Япон, Герман, Франц гэх мэт харьцангуй өндөр хөгжсөн зарим улс ч бий.
-Тэгвэл зээлийн хүүг бууруулах үр дүнтэй арга нь юу юм бэ, бид яах ёстой вэ?
Энэхүү асуултад хариу олох, шийдэл санал болгохоор Монголбанкин дээр ажлын хэсэг байгуулагдчихсан судлаад, саналаа боловсруулаад явж байгаа. Ер нь дэлхийн бусад улс орны туршлагаас үзэхэд хүүг бууруулахад үр дүнтэй хэд хэдэн арга замууд байдаг. Тухайлбал, зах зээл дээрх өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийг олон тулгуурт болгох, банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгон, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь үр дүнгээ өгдөг юм байна. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээ авч буй хэрэглэгчдийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх асуудал болон зээлийн мэдээллийн сангийн хөгжил ч чухлаар тавигддаг. Тэгээд хамгийн гол нь банк, санхүүгийн систем өөрөө найдвартай ажиллах техник технологийг нэвтрүүлэх, эрсдэлийг удирдах арга барилаа сайжруулах замаар зардлаа бууруулах нь хүү буурах чухал нѳхцѳл болно. Үүн дээр нэмээд эдийн засгийг савлуулахгүй байх оновчтой бодлого, сахилга бат, хариуцлагын асуудал болон эрсдэл үүссэн үед авах арга хэмжээ, зохицуулалтыг сайжруулах шаардлага манай орны хувьд чухлаар тавигдана. Энэ бүгд нэлээд түвэгтэй, амаргүй санагдаж магадгүй ч, зээлийн хүүг бууруулах чиглэлд хийгдэх ёстой эдгээр ажлууд алхам алхмаар хийгдээд эхэлчихсэн, бид зѳв чиглэлд явж байгаа гэж ойлгож болно.
- Статистик сөхөж харвал 1990-ээд онд зээлийн хүү 400% давж байсан бол 2000 он гарснаар 40%, харин сүүлийн жилүүдэд 20% орчим руу орж буурсан чиг хандлага ажиглагддаг. Цаашид зээлийн хүүг бууруулах энэ асуудлыг шийдвэрлэхэд хэр их цаг хугацаа шаардлагатай вэ?
Зээлийн хүү нь манай эдийн засгийн амьдралыг л харуулж байгаа нэг үзүүлэлт. Тэгэхээр эдийн засгаа шинэчилж байж л энэ асуудал бүрэн шийдвэрлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, өвчний шинж тэмдэг бус суурь шалтгааныг эмчилж байж үр дүнд хүрнэ гэдэгтэй адил. Иймд бид нэн тэргүүнд макро орчноо тогтворжуулах, хууль эрх зүйн орчноо сайжруулахад хамаг хүчээ дайчлан ажиллаж буй. Үр дүн нь ч эдийн засгийн олон индикаторуудаар илрээд эхэлчихлээ. Үүн дээр нэмээд арилжааны банкуудын оновчтой засаглалын тогтолцоо, эрсдэлээ удирдах чадварыг дээшлүүлэхэд Монголбанкны зүгээс олон шаардлагуудыг тавьж байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ч онцгой анхаарал хандуулж эхэллээ. Зээлийн хүүнд шингэдэг эрсдэлийн болон үйл ажиллагааны зардлаа бууруулах тал дээр банкууд өөрсдөө ч ажиллаж байгаа. Харин хэрэглэгч талаасаа өөрт тохирсон зээлийн бүтээгдэхүүнээ сонгоод, хувийн санхүүгээ оновчтой удирдан эргэн төлөлтөө хийх чадвартай, банктай хэлэлцээр хийх чадвартай байх нь туйлын чухал. Үүний тулд харилцагч өөрөө эдийн засаг, санхүүгийн наад захын мэдлэг боловсрол эзэмших шаардлагатай. Үүнд хувь нэмэр оруулахаар үндэсний хэмжээний санхүүгийн боловсролын хөтөлбөрийг олон улсын байгууллагуудтай хамтраад хэрэгжүүлж байна. Мөн зээлдэгчдийн эрсдэлийг нарийвчлан тодорхойлох, ингэснээр эрсдэл багатай зээлдэгч нарт илүү хямд өртгөөр санхүүжилт олох боломжийг олгох Зээлийн мэдээллийн сангийн тогтолцоонд сайжруулалт хийгдэж буй. Тэгэхээр, эдгээр ажлын үр дүн өргөс авчихсан юм шиг нэг өдрийн дотор илрээд шууд маргааш хүү буурна гэдэг амлалтыг өгөх боломжгүй. Үр дүн гартал тодорхой хугацаа шаардагдана. Мэдээж зээлийн хүүг бууруулахыг бид бүгд хүсч байгаа ч, хэрэв сэтгэл хөдлөлөөр хандан огцом буруу шийдвэр гаргавал бусад улс орнуудын хийсэн алдааг л дахин давтах болно. Харин судалгаатай, ул суурьтай хандаж алхам алхмаар асуудлуудаа шийдвэрлээд явбал алгуур хэдий ч үр дүнтэй, хүүний бууралт тогтвортой байх болно.
-Банкуудад хийгдэж буй активын чанарын үнэлгээ (AQR) санхүүгийн салбарт том шинэчлэл өөрчлөлтийг бий болгоно гэсэн хүлээлттэй байна. Банкны тухай хуульд Монголбанкны хяналт, зохицуулалтыг хүчтэй болгож активын чанарын үнэлгээ, стресс тест хийх, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах гэх мэт шинэ зүйл заалтууд орсон нь энэ үнэлгээтэй холбоотой юу?
Олон улсын хөндлөнгийн аудит гүйцэтгэж буй энэхүү цогц үнэлгээ нь Монгол Улсад анх удаа хийгдэж байгаа шинэлэг зүйл. Анхны гэдэг утгаараа шууд төгс болчихно гэж хүлээхээс илүү банкны салбарын одоогийн байдлыг нарийвчилж шинжлэх, цаашид хүрэх ёстой газраа тодорхойлоход чухал эхлэлийн цэг болно гэж харж байна. Ер нь бол бидний явах зүг чиг тодорхой байгаа -- олон улсын шилдэг жишгээр банкны салбарт ямар бизнесийн арга барил, дүрэм журам, хэм хэмжээ, стандарт мөрдөгдөх ёстой юм, бид тэр чиглэлд л явах учиртай. Мэдээж эдийн засгийнхаа онцлог, өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулж таарна. Тэгж байж хадгаламж эзэмшигчид, харилцагчдын итгэлийг хүлээнэ, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татна, эдийн засагтаа оруулах хувь нэмрээ дээшлүүлнэ. Үүнийг ч банкууд сайн ойлгож байгаа. Аль хэдийн олон улсын аудитын байгууллагуудаар санхүү, бүртгэлийн үйл ажиллагаагаа тогтмол шалгуулаад, баталгаажуулаад явдаг болчихсон банк олон байгаа. Аливаа улс орон эрүүл банктай байж эрүүл саруул эдийн засгийн амьдралыг бүрдүүлнэ. Энэ нь цаашлаад эрүүл улс төр, эрүүл нийгмийн үндэс суурь болно. Улс төр бол эдийн засгийн шууд тусгал, хураангуй илрэл шүү дээ. Зохицуулагч байгууллагын хувьд Монголбанк нь системийн эрсдэлийг бага байлгах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, зах зээл дээр тэгш, шударга өрсөлдөөн тогтоохын төлөө ажилладаг. Тэгэхээр хяналт шалгалтын үйл ажиллагаа, хууль журмын зохицуулалтууд маань эцсийн дүндээ нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд л чиглэгдэж байна гэсэн үг. Харин үүний тулд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрх зүйн бүрэн чадамжтай байх нь чухал.
- Монголбанкны хараат бус, бие даасан байдлыг дээшлүүлэх, засаглалын тогтолцоог сайжруулна гэдэг нь олон нийтийн зүгээс нэлээд дэмжлэг авч байна. Харин Төв банк үндсэн зорилтоо “Төгрөгийн тогтвортой байдал”-аас “Үнийн тогтвортой байдал” болгоод өөрчилчихөөр эдийн засгийн бусад асуудлууд, тэр дундаа валютын ханштай холбоотой хариуцлагаас зугтлаа гэсэн шүүмжлэл гарч эхлээд байна?
Бусад ихэнх улс орнууд, тэр дундаа эдийн засаг нь амжилттай яваа орнуудад “Мөнгөний бодлого урт хугацааны үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилгод чиглэх нь оновчтой” гэж үздэг болжээ. Бид хуулийн өөрчлөлтөөр хаана ч байхгүй зүйлийг хийх гээд байгаа бус, харин бусад орнуудын хэдэн зуун жилийн алдаа оноо, сургамж дээр үндэслээд олон улсад тогтсон сайн туршлагыг л Tөв банкныхаа зорилгод тусгах гэж байгаа хэрэг юм. Үнийн тогтвортой байдал буюу “инфляци нам бөгөөд тогтвортой байна” гэдэг нь цаанаа макро эдийн засгийн олон үзүүлэлтүүд хэвийн, эрүүл байгаагийн л илэрхийлэл, зайлшгүй нөхцөл болдог зүйл. Тийм ч учраас Таны асууснаар Монголбанк ханшийг огт анхаарахаа болиод, хариуцлагаас зугтана гэсэн үг биш юм. Ханшийн өөрчлөлт нь өөрөө импортын бараа бүтээгдэхүүний үнээр дамжаад инфляцид нөлөөлдөг зүйл. Мөн аж ахуйн нэгжүүдийн валютын зээлийн эргэн төлөлтөөр дамжаад банк, санхүүгийн системийн тогтвортой байдалд ч нөлөөтэй. Иймд Монголбанк ханшийн богино хугацааны огцом савлагаа үүсгэхгүйн тулд валютын захын дэд бүтцээ хөгжүүлэх, техник технологийг нэвтрүүлэх, валютын нөөцөө нэмэгдүүлэх чиглэлээр одоо хийгдэж байгаа ажлаа үргэлжлүүлээд л явах болно. Хуулиар заасан үндсэн зорилтоо илүү тодорхой болгон, олон улсын жишигт нийцүүлснээр бид зохицуулалттай ханшийн дэглэмтэй, инфляцийн тогтвортой байдлыг хангах замаар макро тогтвортой байдлыг бүрдүүлэх үндсэн зорилготой Төв банк болно гэж ойлгож болох юм.
-Төв банкны зорилго илүү тодорхой болсноор эдийн засгийг өсгөх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах гэх мэт заримдаа хоорондоо зөрчилдөх зүйл дээр сонголт хийхэд хялбар болoх нь гэж ойлгогдож байна. Монголбанк цаашид аливаа асуудалд хандахдаа “үнийн тогтвортой байдал” гэдэг ганц чиг шугамыг баримтална гэж ойлгож болох уу?
Тийм. Энэ нь инфляцийг өдөөхгүй хэмжээний эдийн засгийн өсөлт, түүний тогтвортой байдлыг чухалчилсан бодлогын зорилттой Төв банк болж байна гэсэн үг. Улмаар илүү ирээдүйд чиглэсэн, эрсдэлүүдийг урьдчилж тооцоолдог алсын хараатай, хараат бус, хариуцлагатай бодлого хэрэгжүүлэх эрх зүйн чадамж бий болно. Жишээ нь, Таны хэлдгээр маргааш, нөгөөдрөө мартаад эдийн засгийг одоо л түр зуур өсгөхийн тулд их хэмжээний мөнгө хэвлэн нийлүүлж алдаа гаргахгүй л гэсэн үг. Яагаад вэ гэхээр энэ нь ханшийг савлуулж, үнийн тогтвортой байдалд харшилна. Өөрөөр хэлбэл Төв банкны үндсэн зорилготой нийцэхгүй. Ер нь Төв банкууд олон тодорхойгүй зорилготой байх тусмаа алийг нь ч биелүүлж чадахгүйд хүрэх, эсхүл хариуцлагаас зугтаах боломж нэмэгдэж, энэ нь эргээд эдийн засагтаа хор хөнөөлтэй байсан тохиолдол дэлхийн түүхэнд цөөнгүй. Тийм ч учраас өнөөдөр “Үнийн тогтвортой байдал” буюу нийт эдийн засгийнхаа “биеийн халууныг” хянах үүргийг төв банкинд хариуцуулдаг жишиг тогтсон байна.
-Инфляци тогтвортой байх нь нэг талаас эдийн засаг эрүүл байгаагийн шинж харин нөгөө талаас эдийн засаг тогтвортой өсөх суурь ч болно гэж ойлгож байна . Тэгвэл инфляци тогтвортой байх тэр баталгаа нь юу вэ, үүнд хууль эрх зүйн шинэчлэлүүд хэрхэн нөлөөлнө гэж үзэж байна вэ?
Одоо хийгдэж байгаа хуулийн шинэчлэлүүд нь банк санхүүгийн салбарын “Хөгжлийн шинэ үе”-ийг эхлүүлнэ гэж үзэж байгаа. Үр дүнд нь эдийн засгийн нэг гол тулгуур бодлого болох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч институци буюу Төв банкны үйл ажиллагаа сайжирна. Мөн мөнгөний бодлого хэрэгжих, дамжих гол суваг буюу банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг оновчтой зохицуулах орчин бүрдэх юм. Ингэснээр санхүүгийн систем бүхэлдээ найдвартай ажиллах суурь болно. Мэдээж энэхүү шинэчлэлийг Төв банк өөрөөсөө эхлэн хийж байна. Төв банкны тухай хуулийн өөрчлөлтөөр Монголбанкны Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл тѳвлөрѳхѳѳс сэргийлсэн хамтын удирдлагын зарчим, Монголбанк мэргэжлийн бус хөндлөнгийн нөлөөллөөс ангид, хараат бус ажиллах тогтолцоо зэргийг давхар хийж өгч байгаа. Энэ бүхэн нь Төв банк үнийг тогтвортой байлгах зорилгодоо хүрэх боломжийг нэмэгдүүлж, амжилттай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгч байна гэсэн үг юм. Дэлхийн болон дотоодын эдийн засагт биднээс шалтгаалахгүй, эрэлт болон нийлүүлэлтийн гаралтай гэнэтийн савлагаа шокууд үүсч, инфляцид нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн идэвхжил, ажил эрхлэлт, төсвийн бодлого, валютын ханш, зах зээлийн хүлээлт, компаниудын үйл хөдлөл, цаг агаарын нөхцөл байдал, зуд, импортын шатахууны үнэ зэрэг эрэлт, нийлүүлэлтийн гаралтай олон хүчин зүйлс үүнд багтана. Гэхдээ бид өөрсдөөс шалтгаалах зүйлээ мэргэжлийн түвшинд маш сайн хийхийг зорино. Төв банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Ингэснээр инфляцийн хүлээлтийг оновчтой удирдах, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх боломжтой болох юм.
- Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа! Удахгүй шинэ он гарах гэж байна, Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
2018 он бол Монголын эдийн засгийн хувьд чухал өөрчлөлтийн жил байх болно. Ирж буй Шинэ оноо амжилт бүтээлтэй, урам зоригтой, эрүүл энх, сайн сайхан угтан золгоорой!
-
2017 оны 12 сарын 13
Монгол Улс 2017 оны эхний арван сарын байдлаар нийт 40 сая тонн нүүрс
-
2017 оны 12 сарын 13
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс ачилтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.
-
2017 оны 12 сарын 12
Энэ оны арваннэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар өнөөдөр Үндэсний статистикийн
-
2017 оны 12 сарын 12
УХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сар бүр мэдээлэл хийж, салбарынхаа бодлого үйл ажиллагааныхаа
-
2017 оны 12 сарын 09
2017 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн
-
2017 оны 12 сарын 08
Геологи, хайгуул, уул уурхай, олборлох болон боловсруулах салбарын үндсэн асуудлууд, цаашид авах арга хэмжээг тодорхойлох
-
2017 оны 12 сарын 07
Монгол банкнаас өгч байгаа мэдээллээр өнгөрөгч 11 дүгээр сард 371
-
2017 оны 12 сарын 07
2017 оны 11 дүгээр сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 24.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргалаа. Монголбанкнаас 237 зээлдэгчийн 15.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 132 зээлдэгчийн 8.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгов. Ингэснээр 11 дүгээр сард нийт 371 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдлаа.
-
2017 оны 12 сарын 05
УИХ-ын гишүүн Н.Учрал Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан цахим мөнгө, блокчэйн технологийн талаар төрөөс баримтлах бодлого, ялангуяа хөгжүүлэх бол хэрхэн дэмжиж, хамтран ажиллах, татварын болон хяналтын ямар тогтолцоог нэвтрүүлэх талаар асуулга тавьжээ.
Тэрбээр асуулгадаа биткойн технологийг нэвтрүүлэх ажил эрчимтэй явагдаж байна. Иймээс Засгийн газрыг энэ асуудлыг анхааралдаа авч, судлахыг хүсч асуулга тавьсан байна.
-
2017 оны 12 сарын 05
Монголбанк энэ оны 11-р сарын эцсийн байдлаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 19.1 тонн алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 тонноор илүү буюу 8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Монголбанк алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Алт” аяныг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлсэн, мөн өнгөрсөн оны 12-р сараас эхлэн алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авах болсон зэрэг нь алт тушаалтыг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгсөн байна.
-
2017 оны 12 сарын 04
Дэлхийн банк 120 сая ам.долларын санхүүжилт өгөхөөр болжээ.