Геологи, хайгуул, уул уурхай, олборлох болон боловсруулах салбарын үндсэн асуудлууд, цаашид авах арга хэмжээг тодорхойлох “Тогтвортой хөгжилд уул уурхай” сэдэвт бодлогын зөвлөгөөнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зохион байгуулж байна. Монгол улсын төв, баруун, зүүн, говийн бүсэд зохион байгуулагдаж, нийслэлд “нэгтгэгдэж” буй уг зөвлөгөөнд УИХ, Засгийн газар, яам, агентлаг, аймаг, орон нутаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож, уул уурхай салбарыг цаашид хэрхэн сайжруулах, олон улсын туршлагад хэрхэн нийцүүлэх талаар идэвхитэй санал, шүүмжлэл өрнүүлэв.
Манай улс уул уурхайн салбарын эрх зүйн орчныг цогцоор нь шийдэх бус гагцхүү зарим асуудлуудын хүрээнд шийдэхийг эрмэлзсээр ирсэн нь сайны хажуугаар саар үр дүнг багагүй бий болгосон. 1994-2006 оны хооронд батлагдсан гурван удаагийн Ашигт малтмалын тухай хууль, түүний дотор 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд өнөөг хүртэл 250 гаруй нэмэлт, өөрчлөлт ороод байгаа нь үүний илрэл. Түүнчлэн уул уурхай болон байгаль орчны салбарын уялдаа холбоог хангах эрх зүйн зохицуулалт буюу уурхайн хаалтын зарчим бүрэн гүйцэд нутагшаагүй байгаа нь энэ салбарт тулгамдаж буй нэн тэргүүний асуудал хэмээн зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа.
Мөн Монгол Улсын өрсөлдөх чадварыг олон улсын тавцанд нэмэгдүүлэх, 3Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030"-ын зорилтуудыг биелүүлэхэд “уул уурхайн салбарын бодлогыг тогтвортой, ил тод, хүртээмжтэй, үр өгөөжийг иргэд, олон нийт, орон нутгийн хөгжилд үр ашигтай” байлгахад голлон анхаарах шаардлагатайг зөвлөгөөнд оролцогчид хүслээ.
Үүнээс гадна “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого 2014-2025”-ийг хэрэгжүүлэхэд, уул уурхайн салбарыг гагцхүү нэг салбарын хүрээнд бус, мөн эрх зүйн орчныг нь Ашигт малтмалын хуулийн хүрээнд хэт явцуу байдлаар авч үзэхгүй байж, холбогдох бусад салбар, хоорондын уялдаа, хамтын ажиллагааг хангаж хөгжүүлэх суурь арга хэмжээг тусгасан “Эрдэс баялгийн салбарын хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийг 2018 оны нэгдүгээр улиралд багтаан яам хоорондын ажлын хэсэг гарган боловсруулж, батлахыг Засгийн газраас хүссэн юм.
Б.Өрнөх