Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой гэж үзсэн. Өнгөрсөн 2017 онд 20.1 тн алт олборлож Монголбанкинд тушаажээ. Энэ нь Монгол улсын валютийн нөөцийг 845 гаруй сая доллараар нэмсэн үзүүлэлт юм. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш тогтвортой байхад “Алт-2” хөтөлбөр онцгой үүрэг гүйцэтгэж байна.
Монголын уул уурхайн бирж, Монголын алтны хайгуул, олборлогчдын нэгдсэн холбоо, Дэлхийн алтны зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Mongolia Gold 2018” алтны салбарын 2 дахь удаагийн олон улсын технологи, хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэнг 2018 оны 3-р сарын 15-16-нд Корпорейт конвейшн төвд зохион байгуулах гэж байна. Тус хуралд алтны салбарт үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийд нэр хүндтэй Sakthi Trading group, Kaloti Precious Metals зэрэг томоохон компаниуд, Хятад, Орос, Нигер улсын алтны холбоод, институт, судалгааны байгууллагууд оролцохоор болжээ.
Энэ удаагийн хурлын зорилго нь Монголын алтны салбарт дэлхийн дэвшилтэд техник технологи, туршлагыг нутагшуулах, алтны геологи, хайгуулыг хөгжүүлж алт тушаалтыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтэд инноваци, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж шинэ түвшинд хүргэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Эцэст нь айлаас гуйхаас авдраа уудлаад хямралаас гаргах боломж бидэнд бий. Тэр нь мэдээж, алтаа олборлох бас ашиглах. Алттай улс хэзээ ч дампуурахгүй.
Mongolia Gold 2017 хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongolia-gold.com/ вэбээс аваарай.