Оюутолгойг эзэмшигч “Рио Тинто” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар "Шангри-Ла" зочид буудалд энэ сарын 22-нд нээгдэх гэж буйтай холбогдуулан албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцохоор "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак хүрэлцэн иржээ. Жан Себастьян Жак нь “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлаар өнгөрсөн оны гуравдугаар сард томилогдсон. Өмнө нь тус компанийн зэс, нүүрсний группийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан бөгөөд “Оюутолгой” төсөлтэй холбоотойгоор Монгол Улсад 25 удаа ирж байсан гэнэ. Ажлаа авснаас хойш “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт, санхүүжилт болох 4.4 тэрбум ам.долларыг шийдэхэд гол үүрэгтэй ажилласан гэгддэг. Тэрээр 2011 оноос эхлэн тус компанийн зэс, нүүрсний группийг удирдаж байж. Мөн Энэтхэгт төвтэй “Tata Steel” гангийн компанийн стратегийн захирлаар 2007-2011 оны хооронд ажиллаж байсан гэнэ. Түүнчлэн Олон улсын зэсийн холбооны даргын ажлыг 2014-2016 онд гүйцэтгэж байсан байна. "Рио Тинто", “Tata Steel” компанид орохоос өмнө “L’Oreal” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байжээ.
Тэрээр энэ удаа У.Хүрэлсүхийн Засгийн газартай ярилцаж тохиролцох зүйл олон байгаа нь тодорхой. Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюутолгойн талаар хатуухан үг унагаж эхэлсэн нь "Рио Тинто"-гийн санааг зовоож байгаа. Мөн Үндэсний аудитын газар Дубайн гэрээтэй холбоотой асуудалд 2018 онд багтаан аудитын шалгалт оруулна гэдгээ зарласантай холбогдуулан "Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак 26 дахь удаагаа яаралтай Монголд ирсэн болов уу. Мөн саяхан Монгол Улсын Татварын Ерөнхий Газраас Оюутолгой ХХК-д 155 сая ам.долларын татварын торгууль тавиад байгааг “Туркойз Хилл Ресурс” мэдэгдсэн нь ташуур өгсөн болов уу. Дашрамд сонирхуулахад “Оюутолгой” бол Монгол Улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Оюу толгой” компани (34 хувь), Канад улсын “Туркойз Хилл Ресурс” (66 хувь) компанийн хамтран эзэмшдэг Монголын компани билээ. “Туркойз Хилл Ресурс” компани Торонто, Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан, “Рио Тинто” компанийн шууд бус эзэмшлийн компани юм. “Рио Тинто” энэхүү түншлэлийн өмнөөс “Оюутолгой” төслийн менежментийг хариуцдаг юм билээ.
Д.Түвшин
Сэтгэгдэл (21)