У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Энэтхэгийн “Эксим” банкнаас зээлэх нэг тэрбум ам доллараар Сайншандаас 20 км газарт нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар ирэх зургаан сараас ажлыг нь эхлүүлэхээр болоод байгаа. Жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулж жилдээ 90.4 сая ам долларын ашигтай ажиллах тооцоо гаргаад байгаа энэ үйлдвэрийн талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун арай өөр бодолтой яваагаа ярьсан юм.
-Өнгөрсөн хоёрхон амралтын өдөр нефть импортлогч томоохон компаниуд “Литр тутамдаа 250-300 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Төрөөс 260 тэрбум төгрөгийн татаас авах шаардлагатай. Тэгж гэмээнэ алдагдлаа нөхөөд цаашдынхаа санхүүжилтийг хийх боломжтой болно” гэж байна. Энэ чухал стратегийн асуудалд Монголын төр жаахан хатуухан байр сууринаас хандаж болохгүй юу?
-Шатахууны үнэ нэмэгдэхэд дагаад бүх л өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг нь Монголын амьдралын бичигдээгүй хууль. Яг өнөөдөр ажилгүйдэл, ядуурал гаарсан ийм үед бензин шатахууны үнийн өсөлт Монголчуудын амьдралд маш муугаар нөлөөлнө. Гэхдээ миний хувьд Улаанбаатарт бензин шатахууны үнийг нэмээд, хөдөө орон нутагт улам хямдруулах ёстой гэж үзэж байгаа. Орон нутагт шатахууны үнийг хямдруулж байж энэ их нүүдэл, замбараагүй суурьшлыг нэг тийш нь аятай зөвөөр зохицуулж чадна. Одоо орон нутгуудаас жилдээ 25-30 мянган хүн ямар ч чөлөө зөвшөөрөлгүй Улаанбаатарт орж ирж энэ замбараагүй утаа тортог, эх захгүй гэр хорооллыг нэмэгдүүлж байна. Улаанбаатарын хаяагаар дүүрэн нийслэлийн хөдөө бий болчихлоо. Гэтэл хөдөөд ажлын байр байхгүй болж, үндсэндээ Монголын хөдөө эзгүйрээд дуусч байна. Энэ их замбараагүй нүүдлийг эдийн засгийн урамшууллын бодлогоор зохицуулах, зогсоох боломжтой юм. Тэр нь давын өмнө бензин шатахууны үнээс эхлээд Улаанбаатар болон орон нутгуудын ялгавартай үнээс эхлэх учиртай гэж бодож байна. Улаанбаатарын энэ их утааг багасгах, орон нутгуудаа эзэнтэй болгохын тулд хамгийн эхлээд эдийн засгийн урамшууллын их ухаалаг тогтолцоо шаардлагатай байгаа юм. Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй Япон, БНСУ, ХБНГУ зэрэг орнуудад нийслэлд нь бензин шатахууны үнэ их өндөр байдаг бол хөдөө орон нутаг, мужуудад нь хямдхан байдаг. Гэтэл бид яг үүний эсрэг явсаар өнөөдрийг хүрлээ. Энэ байдлыг давын өмнө өөрчлөх ёстой. Өнөөдрийн шатахууны татварын нэмэгдлийг Засгийн газар өөрсдөө л шийдэж гаргасан шүү дээ. Тэгэхээр цаашдаа Монгол Улс орон нутгууд болон нийслэлдээ бензин шатахууны ихээхэн ялгавартай бодлого явуулж гэмээнэ энэ утаа униараас багасаж, яваандаа салах боломжтой болох юм. УИХ дахь МАН-ын бүлэг дээр “Утаа үнэхээр гамшиг боллоо” гэдгийг дахиад л ярилцсан.
-Шатахууны үнийг нэмэх нь төвлөрлийг сааруулах гол арга зам болж чадах уу. Эргээд иргэддээ дааж давахын аргагүй дарамт үүрүүлэх юм биш үү?
-Төвлөрлийг сааруулах бодлого нь ганц шатахууны үнийг нэмснээр зохицуулагдахгүй л дээ. Юу гэвэл Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжээд 28 жил болж байгаа мөртлөө бүх харилцаа нь социализмаараа байгаад байна. Жишээ нь бүх татварыг Улаанбаатартаа, төвдөө татаж төвлөрүүлдэг. Үндсэндээ хөдөө орон нутагт бараг л юм үлдээлгүй Улаанбаатар руугаа татчихдаг. Дахин хуваарилалт хийхдээ ямар ч оновчгүй, шал дэмий үргүй зардал асар ихээр гаргадаг. Аль овсгоотой, хөөцөлдөлгөөтэй УИХ-ын гишүүд нь хэрэгтэй хэрэггүй хөрөнгө оруулалт хийлгээд хамаг мөнгөө ийш тийш нь цацаад дуусгачихдаг. Орон нутагт бий болсон татварын орлогыг орон нутагт нь үлдээж байж Монгол Улс урагшаа явж, хөдөө орон нутгууд эзэнтэй үлдэнэ. Орон нутгууддаа ажлын байрыг олноор нь бий болгож байж Улаанбаатарын энэ их төвлөрөл, утаа униараас сална. Энд эдийн засгийн хөшүүрэг, татварын зөв бодлого, гаалийн импортын татварыг өндөржүүлж байж Үндэсний үйлдвэрлэлээ хамгаална. Ингэж гэмээнэ орон нутгуудад ажлын байр нэмэгдэнэ. Түүнээс биш өнөөдрийнх шигээрээ байгаад байвал Улаанбаатараас 100 гаруй км-ын хол байгаа Багануур шиг газруудад ажлын байр нэмэгдэхгүй, ядуурал буурахгүй, их нүүдэл зогсохгүй ээ.
-Өнөөдрийн бензин шатахууны үнийн өсөлтийг шатахуун импортлогч хэдэн том компани бойкот хийх замаар хийгээд байгаа юм бишүү. Энэ ер нь зах зээлийн жамаараа өсч байгаа өсөлт мөн үү. Энэ байдалд төр оролцож зохицуулалт хийх боломжгүй юу?
-Би хувь улстөрчийн болон иргэн хүнийхээ хувьд өнөөдрийн энэхүү үнийн өсөлтийг мэдээж таашаахгүй байгаа. Яагаад гэвэл 1 баррель түүхий нефтийн үнэ 110 ам доллар байхад шатахууны үнэ өнөөдрийнхөөс бага байсан. 20-30 ам доллар байхад бага л байсан. Тэгвэл өнөөдөр 1 баррель түүхий нефть дэлхийн зах зээл дээр 69 ам доллар байгаа. Тэгэхээр энэ үнийн өсөлтийн ард нефть импортлогч компаниудын хэт өндөр ашиг олох гэсэн шунал хүсэл л явж байгаа нь тодорхой.
-Энэ хэдхэн том компанийн давуу эрхийг төрөөс зохицуулж, зах зээлийнх нь шударга өрсөлдөөний зарчмыг санал болгож болдоггүй юмуу. Дөрөв таван том компанийн захирлууд сууж байгаад л үнийг тогтоогоод байдаг өнөөдрийн тогтолцоог яавал өөрчилж болох бол. Түүнээс гадна бараг 30 жил ярьж байгаа нефть боловсруулах үйлдвэр яагаад өнөөдрийг хүртэл ажил хэрэг болж баригдахгүй байгаа юм бол?
-Яг Тамсагаас олборлож байгаа түүхий нефть маань 1.2 сая тонн орчим түүхий нефть байгаа юм. Энүүгээр бензин шатахуун хийвэл Монгол Улсын хэрэгцээг бараг л хангачих хэмжээний түүхий газрын тос юм л даа. Гэтэл яг үнэндээ нефть боломруулах үйлдвэрийн талаар бараг л 30 жил ярьж байгаа ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болж чадахгүй байгаа нь гунигтай ч гэсэн үнэн. Нөгөөтэйгүүр яг өнөөдөр нефть боловсруулах үйлдвэр барьчихдаг юм гэхэд яг үнэндээ ашиггүй шахуу болчихоод байна. Хэдийгээр Монголын нутаг Тамсагийн хязгаараас олборлож байгаа ч 1993 онд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу энэ 1.2 сая тонн түүхий газрын тосны 70 хувь нь БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” компанийн мэдэлд оччихсон шүү дээ. Тухайн үеийн Газрын тосны газрын дарга Д.Сэнгээ гэдэг нөхөр Монгол Улсад ийм их алдагдалтай Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгчийг Хятадын талтай байгуулчихсаны балгийг өнөөдөр бид үүрч яваа.
Ингэхээр Сайншандад нефть боловсруулах үйлдвэр байгуулдаг юмаа гэхэд бид эргээд өөрсдийнхөө түүхий газрын тосны 70 хувийг хятадын “Петрочайна Дачин Тамсаг”-аас юань, ам доллараар худалдаж авч байж бензин шатахуун гаргах болчихоод байгаа. Ингэхээр Тамсагийн түүхий газрын тос бол үндсэндээ Монголын нефть биш хятадын нефть болчихоод байгаа юм. Ямартай ч 1.5 сая шингэн түлшний жилийн хэрэглээтэй Монгол Улс Сайншандад жилдээ 1.3 сая тонн бензин шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр байгууллаа гэхэд Бүтээгдэхүүн хуваах гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөх 2031 он хүртэл олигтой ашигтай ажиллаж чадахгүй.
-У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэдийн татварыг нэмж нуруун дээрх ачааг нь бас л багагүй хүндрүүлчихлээ. Энэ талаар та ямар бодолтой явна?
-Мэдээж би татварын энэхүү нэмэгдлийг анхнаас нь л эсэргүүцсэн. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар гэхээсээ илүүтэй Олон улсын Валютын сан гэдэг нөхөр л Монгол Улсын бүх асуудлыг мэддэг, шийддэг болчихлоо шүү дээ. Тэндээс ирж байгаа дарамт, шахалтын үндсэн дээр л саяын татварын нэмэгдэл явж байгаа юм. Тэр байгутай Оюутолгойн борлуулалтын мөнгийг Монголбанкаар дамжуулахыг Олон улсын Валютын сан хориглож байгаа нь Монгол Улсын дотоод хэрэгт арай дэндүү хошуу дүрсэн хэрэг мөн л дөө. УИХ-аас гарсан тогтоолыг 20 хоногийн дараа хүчингүй болгуулж байна. Үнэндээ энэ улсын эзэн нь Олон улсын Валютын сан болчихлоо шүү дээ. Ер нь бол Олон улсын Валютын сан дандаа тухайн орны ард түмний хэрэглээний татварыг нэмэхийг л шаарддаг. Түүнээс биш баялгийн татварыг нэм гэж хэзээ ч шаарддаггүй. Энэ нь яваандаа тухайн улсын эдийн засгийн хямралыг улам бүр гааруулахаас биш эдийн засгийг нь тэлэх, хөгжлийг нь түргэсгэх тухай ямар ч яриа байдаггүй юм. Олон улсын Валютын сангийн зээлээр тэгтлээ хөгжиж цэцэглэсэн орон гэж би л хувьдаа дуулаагүй. Бид өнөөдөр хүссэн ч эс хүссэн ч ийм байдалд орчихоод дороо тэлчилж байна.
-Энэ Засгийн газрын үед Сайншандын нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орж чадах болов уу. Тэр Энэтхэгийн нэг тэрбум ам долларын зээл энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд хүрэлцэх болов уу?
-Ер нь энэ үйлдвэрийн хувь заяа ихээхэн бүрхэг байгаа гэдгийг шулуухан хэлчихье. Яаж ийгээд барьчихлаа ч гэсэн түүхий газрын тосныхоо 70-75 хувийг нь хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компаниас юань, доллараар худалдаж авах болохоор бараг алдагдалтай ажиллаж магадгүй. Товчхондоо Тамсагийн нефть бол Монголынх гэхээсээ илүүтэй хятадын нефть болчихсон болохоор бид тэднээс эргүүлээд худалдан авч бензин шатахуун хийх гээд байна. Байдал ийм л байгаа. Дүгнээд хэлэхэд Сайншандад нефть боловсруулах үйлдвэр барьчихдаг юм гэхэд эхний 10 жилдээ ямар ч ашиггүй шахуу ажиллана. Би бодит үнэнийг л хэлж байна.
Д.Түвшин
Сэтгэгдэл (59)