Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зах зээлүүдийн түншлэл, хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжих бодлого баримтлан ажиллаж байна.
Банкнаас бусад санхүүгийн салбарууд өөр хоорондоо харилцан уялдаатай байж, түншилж ажиллах нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, салбаруудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нэг хүчин зүйл юм.
Хорооны дарга С.Даваасүрэн өнгөрөгч долоо хоног хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-нд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон хоёр ч тушаалыг баталлаа. Өмнө нь ийм тусгай зөвшөөрлийг Хорооноос 2016 онд нэг ХЗХ авч, санхүүгийн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм.
Өнөөдрийн байдлаар даатгалын зах зээлд ердийн даатгалын 15, урт хугацааны болон давхар даатгалын тус бүр нэг компани үйл ажиллагаа явуулж буй бөгөөд эдгээрт нийт 2900 орчим даатгалын төлөөлөгч Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйлчилгээ үзүүлж байна.
Түүнчлэн улсын хэмжээнд нийт 40 компани, есөн банк даатгалын болон давхар даатгалын зуучлалын, 31 компани даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа явуулж байна.