-
2016 оны 7 сарын 30
Олон нийтийн хам- гийн том цахим сүлжээ болох “Фэйсбүүк’’-ийн хэрэглэгчдийн тоо 1.71 тэрбумд хүрчээ.
-
2016 оны 7 сарын 26
Хувийн унаа болон гэр машинаар аялах сонирхолтой хүмүүс Хятад улсын хилийн боомт хот Эрээнд цуглаж, Монгол болон Орос улсыг зорих гэж байна. 8-р сарын эхээр 100 гаруй гэр машин буюу хувийн машин унаатай жуулчид Эрээнд цуглаж, эндээсээ Хятад, Орос, Монгол гурван орны олон улсын хувийн унаа, гэр машины уралдаан наадамд оролцох юм. Тэд ”Түмэн газрын цайны зам”-аар даган хагас сар гаран хил аялах юм. Гэр машинаар Хятад, Орос, Монгол гурван орныг дамнасан аялал урьд өмнө нь болж байгаагүйгээрээ онцлог юм. ”Түмэн газрын цайны зам” Хятадын Фужянь мужийн У И уулын цайны үйлдвэрийн бүсээс эхэлж, Хунань, Шаньси, Өвөр Монгол зэрэг газраар дайран Монгол улс, Оросын Москвагаар дамжин Санкт-Петербургт хүрч, тэндээс цай зөөдөг байсан эртний арилжааны зам байсан бөгөөд 300 шахам жил идэвхтэй хөгжиж байсан түүхтэй.
Саяхан нээгдсэн Хятад, Орос, Монгол гурван орны аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хурлын үеэр Хятад, Орос, Монголын ”Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоо байгуулагдсан юм. Ингэснээр ”Түмэн газрын цайны зам” брэндийг гурван орны аялал жуулчлалын хамтын ажиллагааны чухал агуулга болгож, цайны замын өвөрмөц аялал жуулчлалын маршрутыг хамтдаа нээж, улмаар түүх соёлын нэн чухал агуулгатай аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгохоор болжээ.
Энэ нь хэрэг дээрээ зөвхөн Хятад, Орос, Монголын хил дамнасан аялал жуулчлал дэвжин хөгжиж буйн нэгэн жишээ төдий юм Энэ оны эхний 5 сарын байдлаар Хятадад жуулчилсан Орос, Монголын жуулчдын тоо ихэд нэмэгдсэн байна. Хятадаас Орос, Монгол улсад аялсан жуулчдын тоо ч тогтвортой нэмэгдэж байна. Хятад, Орос, Монголын хил дамнасан аялал жуулчлалын цар хүрээ жил бүр нэмэгдэх болж, давхардсан тоогоор 5 саяас давдаг байна.
-
2016 оны 7 сарын 26
Түвд бүсгүйн нүцгэн зураг олон нийтийн сүлжээнд тархаж, түвдийн уугуул иргэд болон бурхны шашинтнуудын дургүйцлийг төрүүлээд байсан юм. Тэгвэл уг зургийг авсан гэрэл зурагчныг баривчилж хорьжээ.
Орон нутгийн иргэн цагдаад дуудлага өгснөөр хэрэг үүсгэн шалгаж, гэрэл зурагчин Юу Фэйсюнийг 10 хоногийн дараа баривчилсан байна. Түүнийг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж, үймээн самуун дэгдээсэн хэргээр баривчилжээ.
Гэрэл зурагчин орон нутгийн “Yamdrok” нууранд зураг авалтыг хийсэн нь иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлсэн юм. Учир нь тус нуур Түвдийн ариун шүтээн болсон гурван нуурийн нэг юм.
Нүцгэлэх урлаг бол дэлхийн улс орнуудад харилцан адилгүй хүлээж авдаг урлаг. Тэр дундаа Азийн улс орнуудад нүцгэлэх урлагийг буруушаах явдал ихээхэн байдаг. Тухайлбал, 2014 онд Малайзад гадаадын нэгэн жуулчин нүцгэн зургаа авахуулж олон нийтийн сүлжээнд цацсан бөгөөд хэрэг явдлын дараахад тус улсад ихээхэн хохирол учруулсан хүчтэй газар хөдлөлт болсон байдаг. Орон нутгийн иргэд өөрсдийн сүсэг бишрэлээр газар хөдлөлтийг тайлбарлахдаа нүцгэн зургаа авахуулсан гадаад жуулчинтай холбож түүнийг буруутгаж байсан удаатай
-
2016 оны 7 сарын 25
Арабын нэгдсэн Эмират улсын ”The National” сонинд мэдээлснээр, саяхан тус улсын дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий сайд Мухаммед Бин Рашид Ал Мактум ”Дубайн хөгжлийн хөтөлбөр”-ийн нэг хэсэг болох шинэ технологийг хөгжүүлэх төлөвлөгөө гаргажээ. Төлөвлөгөөнд 3 D хэмжээст хэвлэл, жолоочгүй авто машины технологи зэргийг түлхүү хөгжүүлэх тухай асуудал чухал байр эзэлж байна.
3 D хэмжээст хэвлэл, жолоочгүй авто машины технологи хоёр бол шинжлэх ухааны салбарын хувьсгалын чанартай технологи гэж хэлэхэд буруудахгүй. Энэ хоёр салбарыг түлхүү хөгжүүлж, Дубайг дэлхийн инноваци, шинэ технологийн төв болгох нь бидний гол зорилго гэж Мухаммед Рашид Ал Мактум ярьж байлаа.
Тэр ”3 D хэмжээст хэвлэлийн технологийг голлон барилга байшин, эм эмнэлгийн салбарт ашиглаж, 2025 он гэхэд Дубай хотын бүх барилгын 25 хувийг 3 D хэмжээст хэвлэлийн технологиор байгуулна. Үүгээр дамжин барилгын материал, хүний хүчийг хэмнэн, үр ашгийг дээшлүүлнэ” гэжээ.
2030 он гэхэд Дубайн нийт авто замын 25 хувьд нь жолоочгүй авто машин зорчих болно гэж Мухаммед танилцуулсан юм. \Сарантуяа\
-
2016 оны 7 сарын 25
Бээжин жил бүр 11 см-ээр ”сууж” байгааг эрдэмтэд тогтоожээ. Тус хотын төв хэсэгт суулт их байгаа нь агаарын бохирдлоос ч илүү том асуудал хэмээн тэд анхааруулав. 20 гаруй сая хүнтэй тус хотын суултад хамгийн түрүүнд өртөх нь төмөр замын сүлжээ гэж тооцоолсон байна. Хиймэл дагуулын зураглалын тусламжтайгаар судалгааг хийсэн Чэн Ми, Ли Сяожуан нар “Бид одоо голлох дэд бүтцэд ямар нөлөөтэйг судалж байна” хэмээгээд төмөр замын шугам бүхий хэсгүүдэд худаг гаргахгүй байхыг зөвлөсөн байна. Судалгааны дүн энэ оны сүүлчээр гарах аж.
Хот бүхэлдээ “живж” байгаа ч Чаоян дүүрэгт эрсдэл хамгийн өндөр хэмээн анхааруулжээ. Бээжингийн хөрс хуурайн дээр олон мянганы турш хуримтлагдсан гүний ус шавхагдаж байгаа нь үүнтэй холбоотой аж. БНХАУ-ын нийслэл даяар олон мянган худаг, гүний усны ашиглалтыг хянах журамтай ч бараг мөрддөггүй хэмээн тус улсын байгаль орчин хамгаалагчид “The Guardian”-д илгээсэн захидалдаа онцлов. Гэхдээ энэ чиглэлээр ажил хийхгүй байгаа юм биш. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн онд Бээжингийн усны асуудлыг шийдэхээр томоохон төсөл хэрэгжүүлэхээ зарласан. 69 тэрбум ам.долларын төслийн хүрээнд усны 2400 км урт суваг барьж, нийслэлийн усан санд 44.8 тэрбум шоо метр ус нэмэгдүүлэх юм. Хяналтыг сайжруулах арга хэмжээ ч мөн авч буй. Чаоян дүүрэгт л гэхэд 367 худгийг ашиглалтаас гаргах захиргааны шийдвэр гаргажээ. Гэхдээ “Уг хөтөлбөр хотын суултыг багасгах, эсэхийг хэлэхэд эрт байна” хэмээн шинжээчид онцлов.
Мексик, Жакарта жилд 28 см-аар ”живж” байгаа бол Бангкок 12 см-ийн “амжилт”-аар удаалдаг.
-
2016 оны 7 сарын 24
Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод 10-аас олон жил унасан, дизель хөдөлгүүртэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ. Агаарын бохирдаыг бууруулах арга хэмжээ авахыг иргэд шаардан зарга мэдүүлсний учир тус улсын шүүх ийм шийдвэр гаргасан байна.Тус улсад бүртгэлтэй автомашинуудын ойролцоогоор 10 хувь нь нийслэлдээ байдаг аж.
Хурдацтай өсөж буй эдийн засагтай Энэтхэгт автомашины тоо нэмэгдсээр байна. ДЭМБ-ын 2014 онд гаргасан тайлангаас үзвэл РМ2.5 буюу агаар бохирдуулагч нарийн ширхэгт тоосонцрын дундаж хэмжээгээр Шинэ Дели дэлхийн хотуудын жагсаалтын эхэнд бичигдэж байна.
-
2016 оны 7 сарын 24
Япон улсад долдугаар сарын сүүлч ба наймдугаар сарын эхээр онцгой ихээр халах юм байна. Энэ үзэгдэл Япон төдийгүй зүүн Азийн бүсийг хамрах аж. Сүүлийн долоо хоногийн хугацаанд наранд цохиулсны улмаас 3100 хүн эмнэлэгт хүргэгджээ. Японы Дотоод хэргийн яамны мэдээлснээр, энэ сарын эхний долоо хоногт 4800 хүн эмнэлэгт хүргэгдсэн аж. Одоогоор Японы ихэнх нутаг дэвсгэрт агаарын хэм бага зэрэг буураад байгаа боловч 30 хэмээс дээш халж, халууны улмаас өнгөрсөн долоо хоногт гурван хүн нас барсан тухай мэдээлж байна. Иймээс нартай үед гадуур гарахгүй байх, байнга малгай өмсч явах, аль болох их хэмжээгээр шингэн юм уух хэрэгтэй гэж эмч нар зөвлөжээ.
-
2016 оны 7 сарын 23
Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган төрийн эргэлт хийх оролдлогын үр дагаврыг арилгах, ардчиллын үнэт зүйлс болон ард иргэдийн эрхийг хамгаалах зорилгоор гурван сарын хугацаатай онц байдал зарласнаа энэ долоо хоногт мэдэгдсэн.
-
2016 оны 7 сарын 23
Британичууд Европын холбооноос гарах сонголт хийсэнтэй холбогдуулан 2017 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг Олон улсын валютын сан (ОУВС) буурууллаа. Тус сан өчигдөр мэдэгдэл хийхдээ “Дэлхийн эдийн засаг 2017 онд 3.4 хувиар өснө” гэжээ. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан урьдчилсан таамгийг 0.1 хувиар бууруулсан үзүүлэлт юм.
-
2016 оны 7 сарын 22
Хүмүүсийн амьдралын түвшин дээшилж хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл олшрохын хэрээр хувь хүн зөв, тэнцвэртэй хооллохыг хичээхгүй бол эрүүл мэндэд нь хор уршиг дагуулж мэдэх юм. Өдгөө хорт хавдар, цусны даралт ихсэх, титэм судас нарийсах зэрэг өвчин хүн төрөлхтний эрүүл мэндийн ноцтой асуудал болжээ.Хятад улсын Эрүүл мэндийн байгууллага саяхан ”Хятад иргэдийн зөв хооллох тухай удирдамж”-ийг шинэчлэн хэвлэжээ.
Хятад улсад ард иргэдийн хоол хүнсний хүрэлцээ нэгэнт шийдэгдэж, асуудал биш болжээ. Гэвч зарим хүн зөв хооллох ухамсаргүй, дуртай хоолоо цадтал идэж, өөх тос, чихрийг хэтрүүлэн хэрэглэж, хэт таргалан, улмаар архаг өвчинд нэрвэгдэх явдал нэмэгдэж байна. Тоо баримтаас үзвэл, өдгөө Хятадын хүн амын 25 хувь нь цусны даралт өндөр, 9.7 хувь нь чихрийн шижин өвчтэй болжээ.
Хятад улсын Эрүүл мэндийн байгууллага эдгээр асуудлыг зохицуулж, иргэдийн хүнсний бүтцийг зөв болгохын тулд Амин дэмийн нийгэмлэгт эрх олгон, ”Иргэдийн зөв хооллох тухай удирдамж”-ид засвар хийж, 5-р сард шинээр нийтэлжээ. Хятадын Эрүүл мэнд, гэр бүлийн хорооны Халдварт өвчнөөс сэргийлэх албаны мэргэжилтэн Чан Жилэ ”Энэхүү удирдамжид зөв хооллох тухай шинжлэх ухаанч санал дэвшүүлж, эрүүл мэндэд ашиг тустай хоол хүнс хэрэглэн, идэвхтэй хөдөлгөөн хийж, буруу хэвшлээ өөрчлөхийг уриалсан. Иргэдэд чиглэсэн зөв хооллох тухай удирдамж бол тус номын гол агуулга юм. 2 наснаас дээших бүх эрүүл хүнд хандан 6 зүйлт санал дэвшүүллээ. Тухайлбал: Олон төрлийн хоол хүнс идэхийг хичээж, голлон үр тариагаар хооллох. Хоол, хөдөлгөөн хоёрыг тэнцвэртэй байлгаж, жингээ барих. Жимс ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, буурцагны хэрэглээг нэмэгдүүлж мах, загас, өндгийг зохих хэмжээгээр идэх. Давс, тосыг багасгаж, архи, чихрийг хязгаарлах эдгээр болно.” гэжээ
Хятад улс 1989 онд анх удаа иргэдийн зөв хооллох удирдамж гаргаж, 2007 онд нэмэлт өөрчлөлт оруулсан бол энэ жил ийнхүү 4 дэх удаагаа шинэчиллээ. Энэ удаа нэг өдөрт уух усны хэмжээг нэмэгдүүлж, 1500-1700 миллитр ус уухыг санал болгон, жимс, мах, буурцаг, давсны хэрэглээгээ бууруулахыг зөвлөжээ. Энэ шинэ удирдамжийн онцлог нь ”дөрвийг цөөлж, нэгийг нэмсэн” гэж Хятадын Амин дэмийн нийгэмлэгийн дарга Ян Юешинь танилцууллаа. Ингээд түүний ярихыг сонсъё:
”Ийм өөрчлөлт оруулсан шалтгаан нь хоёр талтай. Юуны өмнө засвар оруулсан удирдамжид хүнснээс уураг, энерги авах хэмжээг өөрчилсөн учраас зарим хоолны хэмжээнд өөрчлөлт орууллаа. Жишээлбэл насанд хүрсэн хүний энерги авах хэмжээнд 200 килокалорын өөрчлөлт гарсан учраас хоолны хэмжээг ч өөрчлөв. Хоёрдугаарт, Эрүүл хооллох тухай гадаад дотоодын судалгааны үр дүн, сүүлийн үеийн онолд суурилан, тохируулсан юм. Тухайлбал, урт хугацааны турш ямар хоол идвэл эрүүл мэндэд тустай, ямар хүнс эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг зэрэг тухай мэдээллийн дагуу зарим хоолны хэмжээг өөрчиллөө.”
Та бүхэн тоо баримтын бага сага өөрчлөлийг хэт анхаарч, санаа зовох шаардлагагүй. Ер нь боломжийн хэрээр олон төрлийн хүнс хэрэглэн, харьцаа нь ерөнхийдөө зүй зохистой байвал болчихно гэж судлаачид ярьж байлаа. Шинэ удирдамжид иргэдийн зөв зохистой хүнсний бүтцийн суварга, хоолны аяга, хүүхдийн хоолны таваг зэргийн зургийг ашигласан учраас ойлгомжтой болжээ.
Удирдамжийн дагуу, насанд хүрсэн эрүүл хүн өдөр бүр наад зах нь 12-оос олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, долоо хоногт 25-аас олон төрлийн хүнс хэрэглэх ёстой гэсэн бөгөөд үүний зэрэгцээ өдөрт 6000-аас илүү түргэн алхахыг санал болгожээ. Ногоо идэх хэмжээ ерөнхийдөө бага байгаатай холбогдуулан, хүн бүр өдөрт 300-500 грамм хүнсний ногоо идэх хэрэгтэй бөгөөд түүний талаас илүү нь гүн өнгөтэй ногоо байх ёстой гэсэн байна.
Бээжингийн Их Сургуулийн Эм эмнэлгийн салбарын Олон нийтийн эрүүл мэндийн дээд сургуулийн профессор Ма Гуаньшэн хүнсний ногоо сонгох тухай ингэж тайлбарлаж байна:
”Хүнсний ногоонд витамин, ширхэглэг эд зэрэг эрүүл мэндэд ашиг тустай олон төрлийн амин дэм агуулагддаг. Ногоог хангалттай идвэл дархлаа сайжирч, өвчнөөс сэргийлэн, таргалах эрсдэл буурдаг. Хүнсний ногооны төрөл зүйл олон, өнгө нь ч янз бүр. Ногооны өнгө гүн байх тусам витамин, ялангуяа каротин зэрэг амин дэмийн агуулга их байдаг. Иймээс хүнсний ногоо авахдаа гүн өнгөтэйг нь сонгохыг санал болгож байна”
Хятад улс иргэдийн эрүүл хоолны удирдамжийг анх гаргаснаас хойш гучаад жил болж байна. Энэ удирдамж иргэдийг зөв хооллох дэвшилд хөтөлж, эрүүл аж төрөхөд нь дэм болсоор иржээ. Давсаар жишээлэхэд Хятад иргэд 1992 онд дунджаар 12.9 грамм давс иддэг байсан бол 2012 онд 10.5 грамм болжээ. Хэдийгээр энэ хэмжээ өндөр боловч иргэдийн зөв хооллох ухамсар дээшилж байгааг сайшаах хэрэгтэй.
Зөв хооллох удирдамжийн сурталчилгааны дагуу олон иргэд амин дэм, эрүүл мэндийн тухай зөв ойлголттой болж, хотын иргэд, ялангуяа нас ахисан хүмүүс жимс ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнийг илүү хэрэглэж, харин тос давс ихтэй хоол бага идэхийг хичээдэг болж байна.
Зөв хооллох удирдамж ард иргэдийг эрүүл аж төрөх зам руу хөтөлж байгаа боловч өргөнөөр сурталчлан дэлгэрүүлж, хүн бүхэнд ойлгуулахад мөн ихээхэн цаг хугацаа орох биз ээ.
-
2016 оны 7 сарын 22
Жил бүрийн 5-р сарын 31-нд ”Дэлхийн тамхигүй өдөр” тохиодгийг та бүхэн мэднэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ жилийн тамхигүй өдрөөр ”Тамхины хайрцагт өөрлөлт хийе” уриан дор арга хэмжээ зохиож, тамхины хор хөнөөлийг харуулсан зургийг хайрцаг дээр нь байрлуулахыг тамхи үйлдвэрлэгчдэд хандан уриалжээ. Санал асуулгаар хүмүүсийн 70 гаруй хувь нь тамхины хайрцаг дээр санамж зураг байрлуулахыг дэмжиж, тамхины хор хөнөөлийг ард иргэдэд ухуулан таниулахыг шаарджээ. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Пань Иний ирүүлсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Харласан уушги, дутуу төрсөн хүүхэд, шүд нь унасан ам, амь тавьж буй өвчтөний зургийг харвал тамхичид тамхиа хаях болов уу? ХОУР-гийн сэтгүүлч ийм зураг бүхий гадаад тамхины хайрцгийг гудамжинд яваа иргэдэд харуулж, төрсөн сэтгэгдлийг нь асуухад ингэж хэлцгээж байлаа:
”Өдөр бүр ийм хайрцаг харвал тамхиа цөөлөх байх аа.”
”Ер нь зураг гэдэг бичиг үсгээс илүү нөлөөлөтэй юм. Тамхины хайрцгийг харахаас зүрхшээж, аяндаа бага татах болов уу.”
”Энэ харин сайн арга юм биш үү? Үүнийг хараад тамхинаас бүрмөсөн гарчхаж мэдэх л юм.”
Өдгөө дэлхийн 60 гаруй улс орон, бүс нутгийн тамхичдын 40-өөс дээш хувь нь иймэрхүү зурагтай хайрцаг бүхий тамхи татаж байна. Хятад улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхилалтын эсрэг конвенцид нэгдэж орсон учраас тус конвенцын дагуу, тамхины хайрцагт санамж зураг байрлуулах ёстой. Гэхдээ хятад тамхины хайрцагт ”тамхилах нь эрүүл мэндэд хортой” гэж бичсэн боловч одоогоор санамж зураг тавиагүй байна.
Сүүлийн үед тамхийг хориглох иргэний байгууллага- эрүүл хөгжлийн судалгааны Шиньтань төв Бээжин хотноо ”Тамхины хайрцаг дээр санамж зураг байрлуулах шаардлагатай эсэх тухай” иргэдийн дунд санал асуулга явуулж, дэлгүүр, автобус, метро, парк зэрэг газар очиж, 1200 гаруй хүний саналыг асуужээ.
Бээжин хотын Чао-Ян дүүргийн Өвчнөөс сэргийлэх төвийн албаны дарга Ван Жаонань санал асуулгын дүнгийн тухай ингэж танилцууллаа:
”Санал асуулгад оролцсон хүмүүсийн гуравны нэг нь санамж зураг бүхий тамхины хайрцаг харж байжээ. Харин гуравны хоёр нь ийм зураг огт харж байгаагүй гэсэн бөгөөд 90 гаруй хувь нь санамж зургийг хараад бөөлжис хутгаж, аймшигтай муухай сэтгэгдэл төрж байна. Ийм зураг тамхины хор хөнөөлийг шууд мэдрүүлнэ. Хятад тамхины хайрцаг дээр ”Тамхи эрүүл мэндэд хортой” гэж бичсэн байдаг боловч чухам ямар хортойг нь тодорхой тайлбарлаагүй тул тийм ч гүн сэтгэгдэл төрдөггүй хэмээн хариулсан юм. ”
Ахлах сургуулийн сурагчдаас санал авахад 6 хувь нь тамхины хорыг ойлгодог, 90-ээс дээш хувь нь тамхины брэндүүдийн тухай мэдэж байв. Тэдний дунд дээд тал нь тамхины есөн брэндийг нэрлэж мэддэг хүүхэд байлаа. Тамхины гоё хайрцаг хүүхэд залууст сонирхол төрүүлэх гол хүчин зүйлийн нэг, тамхины хайрцаг дээр тамхины хорыг харуулсан аймшигтай зураг байвал тамхийг сонирхохгүй гэж сурагчдын 72 хувь нь хариулжээ.
Тамхины хайрцаг дээр санамж зураг байрлуулах нь тамхилалтын эсрэг хамгийн өртөг багатай арга гэж Хятадын судлаачид олон жилийн турш сануулж, уриалсаар ирсэн боловч одоог хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байна. Тамхины хайрцагт санамж зураг байрлуулах нь Хятадын уламжлалт соёлтой нийцэхгүй гэж зарим нь эсэргүүцсэнтэй холбогдуулан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хятад дахь төлөөлөгчдийн газрын гадаадтай харилцах албаны ахлах зөвлөх, доктор Пань Желань ингэж хэлж байна:
”Энгийн хайрцаг ашиглах эсвэл санамж зураг байрлуулах нь үр ашиггүй, Хятадын уламжлалт соёлд нийцэхгүй гэсэн цуу яриаг тамхи үйлдвэрлэгч, борлуулагчдын зүгээс ард иргэдэд хандан суртал ухуулгын зорилгоор тараадаг юм. Ингэж ярьдаг хүмүүс өөр улсад ч бий. Учир нь тэд санамж зураг үр ашигтай, хүмүүст тамхины хорыг таниулж, тамхины борлуулалтад сөргөөр нөлөөлнө гэдгийг ойлгож байгаа юм. Иймээс бидний эсрэг үйл ажиллагаа явуулж, зорилгодоо хүрэхийг хичээж байна. Үнэндээ энэ бол Хятадын уламжлалт соёлтой ямар ч холбоогүй шүү дээ.”
Дэлхийн тамхигүй өдрөөр зохион байгуулсан үйл ажиллагаанд эрүүл хөгжлийн судалгааны Шиньтань төв сурталчилгааны самбар гаргаж, түүнийгээ Хятадын олон хотын талбай, парк, хороолол, эмнэлэг, дэлгүүр, номын сан зэрэг газар байрлуулж, тамхилалт, дам тамхилалтын хор уршиг, түүнээс үүсэх өвчний тухай санамж зурагтай тамхины хайрцгаар харуулах юм байна.
-
2016 оны 7 сарын 21
5-р сарын 28-нд, Бээжин хотоос 200 км зайтай оршдог, Чэндэ хотын Хотлыг энхжүүлэгч сүмд шинээр ”Богд Зонховын дуган” байгуулж дуусаад аравнайлах ёслол хийлээ.
Хотлыг энхжүүлэгч сүм бол Түвдийн уламжлалт буддын шашны Хятадын умард нутаг дахь хамгийн том хийд юм. Энэ сүмийг Чин гүрний Тэнгэртэтгэгч хааны 20-р он буюу 1755 онд хятад, түвд уран барилгын хэв маягийн онцлогийг хослуулан барьжээ.
”Богд Зонховын дуган” 317 ам дөрвөлжин метр талбайтай. Түвдийн уламжлалт Буддын шашны Гэлүгва буюу Шар малгайтны урсгалыг үндэслэгч Богд Зонхов бурхныг тахиж буй бөгөөд Чэндэ хотын Хотлыг энхжүүлэгч сүм Шар малгайтны урсгалын сүм хийдэд багтдаг байна.
Бүх Хятадын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Байнгын Хорооны гишүүн, 11 дүгээр дүрийн Банчин Эрдэнэ Чойжижав Чэндэ хотын Хотлыг энхжүүлэгч сүмийн шинэ дуганыг аравнайлах ёслолд зориулж хятад, түвд хэлээр ”Богд Зонховын дуган” гэсэн бичээс бичиж өгчээ.
”Богд Зонховын дуган” байгуулагдсанаар тус сүм лам хувраг, өргөн олон сүсэгтнүүд болон гадаад дотоодын жуулчдад өргөн орон зай гаргаж, шашин, соёлын улам сайн үйлчилгээ үзүүлэх болно.
Чэндэ хот бол Бээжингээс умард зүгт 200 гаруй километр зайтай байдаг түүх соёлын уламжлалт хот юм. Бишүшаньжуан буюу зуны сэрүүн ордон, түүний ойр хавийн сүм хийдүүдийг 1994 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвөөр бүртгэж авсан байдаг.
Чин гүрний үед Чэндэ хот Бээжингээс гаднах улс төрийн чухал төв, Цагаан хэрмээс гаднах нийслэл гэж өргөмжлөгджээ. Чин улсын эзэн хаан зуны цагт Бээжингийн халуунаас зайлж, жилийн бараг хагасыг тэндхийн сэрүүн ордондоо өнгөрүүлэн, тэндээс төрийн үйл хэргээ удирдан явуулж, үндэстний цөөнхийн ван ноёд болон гадаадын элч төлөөлөгчдийг хүлээн авч уулздаг байжээ.
-
2016 оны 7 сарын 21
Бразилийн Рио Де Жанейро хотноо тун удахгүй зохион байгуулагдах хүн төрөлхтний спортын их баяр наадам Зуны 31-р олимпийн наадамд ОХУ-ын олимпийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох эсэх нь тодорхой болоогүй байна. WADA бyюy Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг, хуульч Ричард Макларены удирдсан Хараат бус комиссын тайланг үндэслэн ОХУ-ын багийг “Рио-2016” олимпийн наадамд оролцуулахгүй байх тухай зөвлөмж гаргасныг ОУОХ-ны Гүйцэтгэх хороо өчигдөр цахим хуралдаанаар хэлэлцжээ.
Хурлаар арбитрын шүүхийн шийдвэр гартал ямар нэгэн шийдэлд хүрэхгүй байхаар болов. Спортын арбитрын шүүх хурал Швейцарийн Женев хотод өчигдөр болсон бөгөөд өнөөдөр шийдвэрийг албан ёсоор танилцуулах юм байна.
-
2016 оны 7 сарын 21
Энэтхэгийн ”Цахиуртын хөндий” хэмээн алдаршсан Бангалор хотод худалдагчгүй, үнийн шошгогүй, худалдан авагчид авсан барааныхаа үнийг өөрсдөө тооцоолж, ухамсраараа төлбөр хийдэг сүлжээ дэлгүүр байдаг. Энэ бол Энэтхэгт шинээр дэлгэрч буй ”Итгэмжит дэлгүүр”-ийн худалдааны менежментийн арга юм. Энэ тухай ХОУР-гийн Энэтхэгт суугаа сэтгүүлч Сүнь Янгийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Энэтхэгийн Бангалор хотын зарим орон сууц, программ хангамжийн паркт жижиг оврын худалдагчгүй дэлгүүрүүд ажилладаг. Дэлгүүрийн хөргөгчинд олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн байх бөгөөд тэдгээр нь цоожгүй, хүнсний баглаан дээр үнийн шошго ч үгүй, тэр бүү хэл дэлгүүрт нууц камер байрлуулаагүй гэнэ. Хөргөгчний хаалган дээр гурван цаас нааж, түүн дээрээ ”худалдагчгүй”, ”өөртөө үйлчлэх”, ”ухамсраараа төлбөр хийх” тухай тодорхойлолт бичсэн байдаг. Түүний доод талд мөнгө хураах хайрцаг руу сум заажээ. Худалдан авагчид хүссэн бараагаа сонгосны дараа өөрөө үнийг нь тооцоолж төлбөр хийнэ. Хэрэв биедээ хангалттай мөнгө авч яваагүй бол төлбөрөө дутуу хийсэн ч тэр хүнийг буруутгадаггүй гэнэ шүү.
Энэ дэлгүүрийг Бангалор хотод хүнсний бизнес эрхэлдэг компани санаачлан байгуулжээ. Тус компани энэ үйлчилгээгээ ”ID итгэмжит дэлгүүр” хэмээн нэрлэнэ. Компанийн үүсгэн байгуулагч Мустафа: ”Итгэмжит дэлгүүр бол манай тусгай төлөвлөгөө бөгөөд үүгээр хүмүүст итгэлийн үнэ цэнийг мэдрүүлэх нь бидний гол зорилго юм” хэмээн ярьж байлаа. Энэ дэлгүүрийг нэг сар туршин ажиллуулахад худалдан авагчид барааны төлбөрийн 90 хувийг хийсэн байжээ. Одоо тус компани Бангалор хотод 17 итгэмжит дэлгүүр ажиллуулж байгаа бөгөөд алсдаа Хайдерабад, Ченнай, Мумбай зэрэг томоохон хотуудад сүлжээ дэлгүүр нэмж нээх төлөвлөгөөтэй байгаа юм. Шинэ дэлгүүрээ сургууль, эмнэлгийн ойролцоо байгуулж, нийгмийн олон этгээдэд итгэлийн үнэ цэнийг ойлгуулахыг хичээнэ гэж тус компанийн орлогч захирал Апиа ярьж байлаа.
Мэргэжилтнүүд: ”Итгэмжит дэлгүүр” бол нэгэн төрлийн бүтээлч үйл ажиллагаа, үүнийг цаашид дэлгэрүүлэх ёстой. Ийм дэлгүүрийн үр нөлөө хотын орчин нөхцөлөөс шалтгаалах тул итгэмжийн хэмжээ өөр өөр байх хэрэгтэй хэмээн үзэж байна.
-
2016 оны 7 сарын 21
Ирээдүйд хүн төрөлхтөн сансар огторгуйн гүнд ажиллаж, амьдрах үедээ ”хийн бүхээг” ашиглах боломжтой болжээ. Зөөлөн нэхмэл эдээр бүтээсэн, хөнгөн, зөөгч пуужинд бага орон зай эзлэх, хийлж босговол унтлагын өрөөний хэртэй ”хийн бүхээг”-ийг саяхан олон улсын сансрын станцад амжилттай хийлэн босгожээ.
28-ны өдөр Олон улсын сансрын станцад хийн бүхээгийг туршилтын журмаар хийлж босгожээ. Энэ ”хийн бүхээг” бол ирээдүйд хүн төрөлхтөн сансар огторгуйг эзэмших үедээ оршин амьдрах байшингийн бүдүүвч загвар юм. Сансрын энэ бүхээгийг ”Бигэлов” хэмээн нэрлэдэг. Түүнийг хийлэхийн тулд сансрын нисгэгч 7 цаг гаруй шаргуу ажиллажээ.
Олон улсын сансрын станц дахь Америкийн сансрын нисгэгч Жефф Уилиамс ”Бигэлов” хэмээх сансрын бүхээгийг Бээжингийн цагаар 28-ны 21 цаг 04 минутаас эхлэн хийлэх ажлыг хариуцан хийсэн бөгөөд тэрхүү үйл явцыг Америкийн Сансар судалгааны газрын албаны сайт бүрэн эхээр нь шууд нэвтрүүлжээ. Бичил хүндийн хүчний орчин эх дэлхийнхтэй адилгүй учраас аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд Жефф Уилиамс хийлэх амсрыг нэг удаад 1-30 секунд нээж, байдлыг ажиглаж байлаа.
Жефф Уилиамс хийлэх явцаа эх газрын удирдах төвд тайлагнахдаа, ”Тогоонд эрдэнэ шиш хуурч байгаа юм шиг пэс пас гэсэн чимээ гарч байна” гэж байлаа. Тэр дараа нь ”Сайн мэдээ дуулгая. Пэс пас гэсэн чимээ бол хийн бүхээгийн дотор талын хийн савууд нээгдэж буй чимээ юм байна” гэжээ. Сансрын бүхээг үйлдвэрлэгч Бигэлов компани Twitter хуудсандаа, энэ бол хийн бүхээг төлөвлөгөөний дагуу босох үйл явц дахь амжилттай алхам юм гэжээ.
Бээжингийн цагаар 29-ний 04 цаг 10 минутад бүхээгийг бүрмөсөн хийлж дууслаа. Энэ явцад Жефф Уилиамс хийлэх амсрыг 25 удаа нээж, нийт 2 минут 27 секунд хийлсэн байна. ”Бигэлов” хоёр хоногийн өмнө 0.15 метр л урт байсан бол одоо 1.7 метр урт, диаметр нь 3.2 метр боллоо.
Жефф Уилиамс ”Бигэлов”-ийн дотор хадгалж байсан 8 хийн савыг нээснээс 10 минутын дараа сансрын бүхээгийн агаарын даралт сансрын станцынхтай бараг адилхан болжээ. Энэ явцад ”Бигэлов”-ийн диаметр өөрчлөгдөөгүй, урт нь үргэлжлэн нэмэгдэж, дээд тал нь 4 метр, нийт 16 куб метр талбай бүхий унтлагын өрөө мэт болжээ.
Ирэх долоо хоногт ”Бигэлов”-ын хий алдагдах эсэхийг шалгана. Хэрэв бүх зүйл хэвийн байвал Жефф Уилиамс долоо хоногийн дараа хаалгыг нь нээж, бүхээгт орох болно.
Энэ оны 4-р сарын эхээр ”Бигэлов”-ыг ачаа зөөгч сансрын хөлгөөр сансрын станцад хүргээд 5-р сарын 26-нд анх удаа туршин хийлсэн юм. Бүхээг доторх агаарын даралтын тоо баримтын дагуу бүхээг томроогүй учраас эх газрын удирдах төв хийлэхээ зогсоох тушаал өгчээ. Энэ тухай Америкийн сансар судалгааны төв ”Учир нь сансрын бүхээг урт хугацаанд дарагдсаны улмаас гадна талын нэхмэл материал нь тэлэгдэн нээгдэж чадахгүй боллоо” гэж тайлбарлажээ.
Хийн бүхээгийг сансрын станцтай хоёр жил холбох бөгөөд сансрын нисгэгч жилд 3-4 удаа орж, тоо баримт цуглуулан, хэвийн ажиллаж буй эсэхийг нь шалгана. Ялангуяа нарны цацраг идэвхт бодист идэгдэх, сансрын хогонд дайруулахаас сэргийлж, сансрын дулаанд зохицох чадварыг нь шалган туршина.
Хийн бүхээгийг зөөлөн нэхмэлээр хийсэн, зөөгч пуужин дотор эзлэх орон зай бага, хөнгөн, хийлж босгосны дараа ашиглах орон зай томордог учраас ирээдүйд хүн төрөлхтөн Марс гараг эсвэл сар луу аялах үедээ ашиглах боломжтой гэж Америкийн сансар судлалын төв мэдэгджээ.
-
2016 оны 7 сарын 21
ХӨТ: Хятад бол дэлхийд хамгийн эрт цай тариалж, хэрэглэж ирсэн орон юм. Цайны бүтээгдэхүүн, цай тариалах соёл олон улс оронд уламжлагдаж, улмаар өөр өөр өвөрмөц онцлог, үнэр амт бүхий цайны соёл бий болжээ.
ХӨТ: Энэ сарын 13-15-нд Японы Шизүока мужид 2016 оны олон улсын цайны наадмын хаврын улирлын арга хэмжээ болж өнгөрлөө. Тус мужийн дарга Хэйта Кавакацу: Бид Хятад улстай хамтран ажиллаж, дэлхийн улс орнуудад цайны соёлыг түгээн танилцуулахад бэлэн байна гэж хэлсэн юм. Ингээд та бүхэнд ХОУР-гоос Японд суугаа сурвалжлагч Жу Мань Жүний ирүүлсэн мэдээллийг хүргэе.
ХӨТ: Энэ удаагийн олон улсын цайны баяр наадмын арга хэмжээ Латин Америкийн уран бүтээлчдийн хөгжимдсөн ятгын аялгуунд нээлтээ хийлээ.
ХӨТ: Японы алдарт дуучин Нишио Оширогийн дуулсан цайны тухай дуу, цайны ёс заншлыг тусгасан үзүүлбэр нээлтийн арга хэмжээ танхимд биш, харин цайны хүрээлэнд болж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.
ХӨТ: Японы Токүгава шогуныг үүсгэн байгуулагч Токүгава Иэяасүгийн 18 дахь үеийн удам, өнөөгийн Токүгава угсааны ахлагч Токүгава Цунэнари 2016 оны олон улсын цайны наадмын зохион байгуулах комиссын даргын хувиар нээлтийн арга хэмжээнд илтгэл тавив. Тэрээр, улам олон хүн цай уух дуртай болно гэдэгт итгэлтэй байна хэмээн ярьж байлаа.
”Энэ удаагийн наадмыг амжилттай зохион байгуулж, цайны гайхамшгийг Японы ард түмэн болон гадаадын иргэдэд сайтар танилцуулахыг хүсье. Дэлхий даяар улам олон хүн цайнд дуртай болохыг ерөөж байна”
ХӨТ: Шизүока муж Японд цайны нутаг гэдгээрээ алдартай. Мужийн дарга Хэйта Кавакацу: Япон, Хятад хоёр орон цайны соёлоороо тус тусын давуу байр суурьтай. Хятадын цайны өлгий Ханжөү хоттой хамтран ажиллаж, цайны соёлыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлэх өргөдөл өгөхийг хүсэж байна гэж ярьсан юм.
”Ундаа, хүнс нийлж байж иж бүрэн соёл болдог. Иймээс Хятад, Япон хоёр орон өрсөлдөх шаардлагагүй, харин бие биенээ нөхөх ёстой юм. Ханжөү хот Хятад улсад цайны нутаг хэмээн алдаршсан бол Шизүока муж ч гэсэн Япондоо цайны өлгий гэгддэг. Цаашид хамтран ажиллаж, цайны соёлыг биет бус соёлын өвд бүртгүүлэх өргөдөл өгөх ажил өрнүүлэхийг хүсэж байна. Японы цай ч Хятадаас үүсэлтэй. Иймээс бид Хятадын ард түмэнд талархах ёстой. Хэрэв хоёр тал хамтран цайны соёлыг биет бус соёлын өвөөр бүртгүүлэх өргөдөл гаргавал маш сайн хэрэг болно”
ХӨТ: Цайны соёлын талаар хамтран ажиллана гэдэг, биет бус соёлын өвд бүртгүүлэх өргөдөл өгөх төдий зүйл биш, цаашид Хятад улстай нягт хамтран ажиллаж, цай болон цайны соёлыг дэлхий нийтэд улам сайн танилцуулж, түгээхийг хүсэж байна гэж Хэйта Кавакацу хэлсэн юм.
”Ханжөүгийн Лунжин цайны чанар сайн. Гэхдээ Шизүокад үйлдвэрлэсэн цайны үнэр амт ондоо, хэрэглэх заншил нь ч өөр. Иймээс бид заримдаа Америкчууд, эсвэл Европчуудад амтлуулж, тэдэнд эдгээр цайны үнэр амт юугаараа онцлог ялгаатай болохыг ойлгуулж болно. Германчууд ногоон цай уух дуртай гэж би сонссон. Хятад маягийн хоол зууш хэрэглэх үед Лунжин цай, эсвэл Али Шан уулын цай, Япон маягийн хоол зууш хэрэглэх тохиолдолд Шизүокагийн цайг уух нь зүйтэй”
ХӨТ: Сая та бүхэнд Японы Шизүока мужид болсон 2016 оны олон улсын цайны наадмын хаврын улирлын арга хэмжээний тухай мэдээ хүргэлээ. Дэлхийн цаг үргэлжилж байна.
-
2016 оны 7 сарын 21
Саяхан Германы засгийн газар болон аж ахуйн нэгжүүд 1 тэрбум 200 сая евро зарцуулж цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалтыг дэмжих болсноо мэдэгдлээ.
ХБНГУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтний үзэж байгаагаар, 1 тэрбум 200 сая еврогийн нөхөн олговор гэдэг Германы цахилгаан хөдөлгүүрт авто машин үйлдвэрлэгчдэд өгч буй хүчтэй дохио бөгөөд Герман цахилгаан хөдөлгүүрт авто машины салбарыг улам эрч хүчтэй дэмжихээ харуулж байна. Мөн Даймлер компани 500 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж, лити зайн үйлдвэр байгуулах тухайгаа зарласан явдал зайн технологийн салбарт ч ихээхэн боломж нээх юм байна.
Даймлер компани лити зайн үйлдвэрээ 2017 оноос эхэлж байгуулна. Тус үйлдвэр Азиас лити ионы зайг импортолж эх орондоо угсрах бөгөөд голдуу шинэ үеийн Smart цахилгаан хөдөлгүүрт авто машинд тавих зайг үйлдвэрлэх юм байна.
5-р сарын 24-нөөс 28-нд Хятадын Шэньжэнь хотод болж буй Олон улсын зайн технологийн солилцооны хуралд ХБНГУ-ын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтнүүд Хятадын аж ахуйн нэгжүүдэд тус салбар дахь худалдааны орон зайг танилцуулж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна. Алсдаа Лити зайн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэнэ гэдгийг Даймлерийн асар их хөрөнгө оруулалтаас тодорхой харж болно. Энэ нь Хятадын лити зай үйлдвэрлэгчдэд ч ашиг орлого олох сайхан боломж нээх нь дамжиггүй юм.
-
2016 оны 7 сарын 21
Саяхан Apple корпорац Энэтхэгийн өмнөд хэсгийн Хайдрабад хотод шинэ судалгааны төв байгуулах шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдлээ. Тус корпорацын гүйцэтгэх захирал Тим Күүк, шинэ судалгааны төвд голдуу Apple-ийн газрын зургийг судлах бөгөөд энэ нь Энэтхэгийн хэрэглэгчдийг татах зорилготой гэжээ.
Iphone гар утасны борлуулалт багасахын хэрээр Apple корпорацын ашиг орлого ч буурч байгаа юм. Харин энэ оны эхний улиралд Энэтхэгт Iphone гар утасны борлуулалт 56 хувиар нэмэгдсэн байна.
Apple компанийн тус судалгааны төв голдуу iPhone, iPad, MacBook, Apple бугуйн цаг зэрэг бүтээгдэхүүний газрын зургийн программыг судлах юм байна. Энэхүү хөрөнгө оруулалт Apple-ийн газрын зургийн судалгааны хурдыг нэмэгдүүлэхэд ашигтай бөгөөд тухайн орон нутагт 4000 ажлын байр шинээр бий болгоно гэж Apple корпорац мэдэгдсэн юм.
-
2016 оны 7 сарын 19
Панамын баримт бичиг”-ийн хэргийн төв болоод байсан Моссак Фонсека хэмээх хуулийн фирмээс баримтуудыг хулгайлсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаад байсан мэдээллийн технологийн ажилтныг батлан даалтаар гаргасан болохыг түүний өмгөөлөгч нотоллоо. Өөрөөр хэлбэл, Швейцарийн Женев хот дахь Моссак Фонсека фирмийн салбарт ажиллаж байсан ажилтныг хэрэгт сэжиглэн өнгөрсөн сарын эхээр баривчлаад байсан юм.
-
2016 оны 7 сарын 18
Есдүгээр сарын 4-нд болох Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуульд оюутнууд өрсөлдөх гэнэ. Тэд 2014 онд болсон ардчиллыг дэмжигчдийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж байсан аж.
Сонгуульд нэр дэвшигчдийг өчигдрөөс бүртгэж эхэлсэн аж. Бүртгэл ирэх сарын 29 хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлснийхээ дараа нэр дэвшигчид кампанит ажилдаа орж байна.
БНХАУ-ын талыг баримтлагч хууль тогтоогчид дахин олонх болох магадпал өндөр байна. Харин эх газрын Хятадыг шүүмжлэгч сөрөг хүчнийхэн хэр олон суудал авах нь ажиглагчдын анхаарлыг татаж байгаа юм. Одоо тэд Хууль тогтоох зөвлөлийн суудлын гуравны нэг гаруй хувийг эзэлж байгаа учир гол хуулийн төслүүдэд хориг тавих эрхтэй аж.