Бээжин жил бүр 11 см-ээр "сууж" байгааг эрдэмтэд тогтоожээ. Тус хотын төв хэсэгт суулт их байгаа нь агаарын бохирдлоос ч илүү том асуудал хэмээн тэд анхааруулав. 20 гаруй сая хүнтэй тус хотын суултад хамгийн түрүүнд өртөх нь төмөр замын сүлжээ гэж тооцоолсон байна. Хиймэл дагуулын зураглалын тусламжтайгаар судалгааг хийсэн Чэн Ми, Ли Сяожуан нар “Бид одоо голлох дэд бүтцэд ямар нөлөөтэйг судалж байна” хэмээгээд төмөр замын шугам бүхий хэсгүүдэд худаг гаргахгүй байхыг зөвлөсөн байна. Судалгааны дүн энэ оны сүүлчээр гарах аж.
Хот бүхэлдээ “живж” байгаа ч Чаоян дүүрэгт эрсдэл хамгийн өндөр хэмээн анхааруулжээ. Бээжингийн хөрс хуурайн дээр олон мянганы турш хуримтлагдсан гүний ус шавхагдаж байгаа нь үүнтэй холбоотой аж. БНХАУ-ын нийслэл даяар олон мянган худаг, гүний усны ашиглалтыг хянах журамтай ч бараг мөрддөггүй хэмээн тус улсын байгаль орчин хамгаалагчид “The Guardian”-д илгээсэн захидалдаа онцлов. Гэхдээ энэ чиглэлээр ажил хийхгүй байгаа юм биш. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн онд Бээжингийн усны асуудлыг шийдэхээр томоохон төсөл хэрэгжүүлэхээ зарласан. 69 тэрбум ам.долларын төслийн хүрээнд усны 2400 км урт суваг барьж, нийслэлийн усан санд 44.8 тэрбум шоо метр ус нэмэгдүүлэх юм. Хяналтыг сайжруулах арга хэмжээ ч мөн авч буй. Чаоян дүүрэгт л гэхэд 367 худгийг ашиглалтаас гаргах захиргааны шийдвэр гаргажээ. Гэхдээ “Уг хөтөлбөр хотын суултыг багасгах, эсэхийг хэлэхэд эрт байна” хэмээн шинжээчид онцлов.
Мексик, Жакарта жилд 28 см-аар "живж" байгаа бол Бангкок 12 см-ийн “амжилт”-аар удаалдаг.
Сэтгэгдэл (13)