Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээ батлах тухай” 314 дүгээр тогтоол, “Соёлын тухай” хууль, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл урлаг, спортын олон талт үйл ажиллагаагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор “Соёлын бүтээлч сар” аяныг 2024 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны өдрүүдэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл, урлагийн газраас улс орон даяар зохион байгуулж байгаа билээ.
Аяны хүрээнд өнөөдөр “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум” (Хөрөнгө оруулалт-Хамтын ажиллагаа)-ыг Улаанбаатар зочид буудлын их танхимд зохион байгуулсан бөгөөд соёлын бүтээлч сарын хүрээнд зохион байгуулсан гар зургийн уралдаан болон эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын бодлогын танилцуулга, соёл спортын эрхийн бичиг, танилцуулга, илтгэл “Соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын орчин, боломж” илтгэл зэрэг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Ч.Номин сайд биеийн тамир, спортын салбарын талаарх илтгэлдээ "Биеийн тамир, спортын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн хүний нөөц хүрэлцээгүй, улсын төсвийн санхүүжилтэд эзлэх биеийн тамирын үйл ажиллагааны зардлын хувь бага, төсвийн ихэнх хэсэг нь спортын үйл ажиллагаанд зарцуулагдаж байна, сумын спортын заал, талбай, тоног төхөөрөмж, хэрэглэл материалын хүрэлцээ дутмаг, өвлийн улиралд спортоор хичээллүүлэхэд цанын спортын зам, мөсөн гулгуурын талбайн хүрэлцээ хангалтгүй" байгааг онцгойлон дурдлаа.
Энэ удаагийн аяныг “Соёлын өв”, “Урлаг-уран бүтээл”, “Соён гэгээрэл”, “Спортын” чиглэлээр үзэсгэлэн, урлагийн тоглолт, бүтээлч экспо, хэлэлцүүлэг, спортын уралдаан тэмцээн, боловсролын хөтөлбөр, бүх нийтийн боловсрол олгох оролцоот хөтөлбөр зэрэг хүүхэд залуус, иргэдэд чиглэсэн 2700 гаруй арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн 500 орчим байгууллага, уран бүтээлчийн оролцоотойгоор арваннэгдүгээр сарын турш зохион байгуулсан юм.