Британийн нэгэн иргэн Украины төлөө тулалдаж байгаад Оросын зэвсэгт хүчинд олзлогдсон байна. Тэр бол 22 настай Жеймс Скотт Рис Андерсон юм. Тэр өмнө нь Их Британийн армид алба хааж байсан нэгэн ажээ.
Оросын төрийн мэдээллийн агентлаг "Тасс" цэргийн эх сурвалжаас иш татан "Их Британийн хөлсний цэргийг Оросын Курскийн бүс нутагт олзлогдсон тухай мэдээлсэн юм.
"Telegram" хуудсанд нийтэлсэн видеон дээр Андерсон өөрийг нь камерын цаанаас байцааж буй нэгэн эрд 2019-2023 онд Британийн армид цэргийн алба хааж байсан гэж хэлжээ.
Тэрбээр ажлаасаа халагдаж, дайны тухай телевизээр гарч байгааг хараад Украины олон улсын легион буюу гадаадын сайн дурынхнаас бүрдсэн цэргийн ангид элссэн ажээ. Улмаар Лутон хотоос Польшийн Краков руу нисч, тэндээсээ Украйны хил хүртэл автобусаар явсан байна.
Украин наймдугаар сарын 06-нд Курск руу гэнэтийн дайралт хийж, 29 км давшиж, Оросын 1000 орчим хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг хяналтандаа авсан юм. Орос тус бүс нутагт 50 мянга орчим цэргээ байршуулж, ширүүн тулалдсаны эцэст газар нутгаа эргүүлэн авч эхлээд байгаа бөгөөд цөөн тооны цэргийг олзолжээ.
Л.Баяр