Хамтарсан Засгийн газрын 14 мега төслийг цувралаар танилцуулж байна. Засгийн газар "хөгжлийн хөдөлгүүр" гэгдэх 14 мега төслийг зорилго болгон ажиллахаа зарлаад буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2025 оны төсөв бол Монгол Улсын хувьд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх 4 жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой" гэж байлаа.
Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулах талаар тэртээх 60 жилийн өмнө буюу 1964 онд ярьж эхэлжээ. Гэхдээ анх 1991, 1996, 2007 онд Засгийн газраас 220 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн ч ажил хэрэг болсонгүй, саатсан. Мөн 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн 1996-1997 онд Монголын Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан ч бас л ахиагүй байна.
Эгийн голын усан цахилгаан станцыг УИХ-аас баталсан Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан Хятадын компаниуд шалгарсан байдаг. Гэвч засаг солигдсноор төсөл зогссон гэдэг. Улмаар 2013 онд ЭГУЦС-ыг барих тухай Засгийн газрын шийдвэр дахин гарч, техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж байж. Гэвч бас л гацсан байна.
2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил саатсан юм. Өнгөрсөн хугацаанд Эгийн голын усан цахилгаан станц ТӨХК, ШУА-тай хамтарч судалгаа хийсэн юм билээ. Судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Харин 2018 онд баталсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрт" стратегийн нэгдүгээр зорилго гэж багтаажээ.
2022 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзахад тус улсын Засгийн газрын зүгээс Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Засгийн газар энэ төслийг урагшлуулахад бүх талаар ажиллаж байна" гэж Эгийн голын усан цахилгаан станцад ажиллах үеэрээ хэлж байжээ.
Харин энэ оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр хоёр тал Эгийн голын УЦС-ыг барьж байгуулах ажил урагшилж байгааг онцлохын сацуу санамж бичиг байгуулахаар тохиролцсон. Мөн ОХУ-тай нэгдсэн ойлголцолд хүрч, төслийг урагшлуулах бодит шаардлага бий болсон нь Засгийн газрын 14 мега төсөлд багтсан нь нөлөөлсөн байж таарна.
ЭГИЙН ГОЛЫН УСЦ ТӨСЛИЙН ҮР ДҮНД...
Эгийн голын 310 МегаВаттын усан цахилгаан станцын төслийг 2024-2032 онд хэрэгжүүлнэ. Нийт хөрөнгө оруулалт 3 их наяд 700 тэрбум төгрөг. Төр хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжүүлэх юм.
-
Эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой, шуурхай ажиллагааг хангаж, системийн эх үүсвэрийн зохистой харьцааг бүрдүүлнэ.
-
ОХУ-д жил бүр төлдөг 25 сая ам.долларын импортын төлбөрийг хэмнэнэ.
-
Түүхий нүүрсний хэрэглээг жил бүр 438,7 мянган тонноор, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 709 мянган тонноор бууруулна.
-
5.7 тэрбум шоо метр цэвэр усны нөөц бүрдүүлж, Монгол Улсын усан хангамжийн аюулгүй байдлыг хангана.