Онцгой байдлын ерөнхий газраас 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх "Сэргийлье, Хамгаалъя” аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна.
Хавар цагт “хуурайшилтын үе” гэж 03-р сарын 20-ны өдрөөс 06-р сарын 10 хүртэлх хугацааг хэлдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд хаврын хуурайшилтын үе ид оргил үедээ явж байна. Иймд иргэд та бүхэн дор бүрнээ сэрэмжтэй байж, ой, хээрийн түймрийн аюулын улмаас хохирол амсахгүй байх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж байна.
Улсын хэмжээнд 2025 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Архангай аймгийн Хайрхан, Цэнхэр, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Чулуунхороот, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Уулбаян, Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Батноров, Дархан, Баянмөнх, Баян-Адарга, Баянхутаг, Баян-Овоо, Батширээт, Дадал, Дэлгэрхаан, Дундговь аймгийн Луус, Баянжаргалан, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Жаргалант, Сэргэлэн, Өндөрширээт, Сэлэнгэ аймгийн Сант, Хүдэр, Баянгол, Булган аймгийн Бугат, Тэшиг, Дашинчилэн, Сэлэнгэ, Завхан аймгийн Баянтэс, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Эрдэнэбулган, Дархан-Уул аймгийн Хонгор суманд нийт 12 аймгийн 45 суманд 66 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.3% өссөн дүнтэй байна.
Дээрх хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 2761 га, хээрийн 691,438 га талбай, 1 байшин, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 6,323 мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Дээрх ой, хээрийн гал түймрийн шалтгаан нь урьдчилсан байдлаар 5 буюу 7,8 хувь нь сумдын төвлөрсөн хогийн цэгээс, 3 буюу 4,7 хувь нь үнс нурмаас, 1 буюу 1,5 хувь нь гэрийн яндангаас, 3 буюу 4,7 хувь нь автомашинаас, 3 буюу 7,4 хувь нь шашны зан үйлээс, 5 буюу 7,8 хувь нь бууц, 44 буюу 68,7 хувь нь шалтгаан тогтоогдоогүй буюу шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байна.
Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 852 алба хаагч, 116 автомашин, Хилийн цэргийн 84 алба хаагч, 9 автомашин, Зэвсэгт хүчний 24 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагын 4 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 2658 хүн 474 автомашин, нийт 3622 хүн, 602 автомашинтай ажиллажээ.
Эх сурвалж: ОБЕГ