Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Анх удаа УИХ-аар хууль дээдлэх ёсыг зөрчсөн зарчимгүй хуулийн төсөл орж ирж байна. Учир нь 2023 оны долдугаар сард энэ хуулийг тал талаас нь ярьж, өндөр хувийн дэмжлэгтэйгээр баталсан. Гэтэл хэрэгжих болоод иртэл хууль хэрэгжүүлмээргүй байна гэж улс төрийн намууд орж ирлээ. Хуулийн дээр гараад суучихъя гэсэн л зарчим харагдаж байна. Хэрэгжүүлмээргүй байгааг нь ялгаж авч ирээд суулгачихсан. Гэтэл хуулиа хэрэгжүүлж байгаа 10-аад намыг яагаад оруулж ирдэггүй юм бэ? Энэ асуудлыг АН-ын бүлгийн зүгээс дэмжээгүй. Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй татвар төлөгчдийн мөнгөнөөс авна гэсэн санаа нэвт шингэчихсэн байна. Яагаад цаг хугацааны шахаанд энэ хуулийг оруулж байгаа юм бэ. 2024 он гармагц хэрэгжээд эхэлчихсэн. Хуулийн хугацаанд өөрчлөлт оруулахгүй гэсэн заалт байхад яагаад ийм хууль оруулж ирж байна. Жирийн иргэд хуулийг дагаж мөрдмөөргүй байна гээд саналаа хэлвэл хэлэлцээд явж болдог юм уу" гэв.
Хариуд нь ажлын хэсгээс "Хийдэл үүсэх магадлалтай учраас энэ төслийг оруулж ирсэн" гэлээ.