Жил бүрийн 5-р сарын 31-нд "Дэлхийн тамхигүй өдөр" тохиодгийг та бүхэн мэднэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ жилийн тамхигүй өдрөөр "Тамхины хайрцагт өөрлөлт хийе" уриан дор арга хэмжээ зохиож, тамхины хор хөнөөлийг харуулсан зургийг хайрцаг дээр нь байрлуулахыг тамхи үйлдвэрлэгчдэд хандан уриалжээ. Санал асуулгаар хүмүүсийн 70 гаруй хувь нь тамхины хайрцаг дээр санамж зураг байрлуулахыг дэмжиж, тамхины хор хөнөөлийг ард иргэдэд ухуулан таниулахыг шаарджээ. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Пань Иний ирүүлсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Харласан уушги, дутуу төрсөн хүүхэд, шүд нь унасан ам, амь тавьж буй өвчтөний зургийг харвал тамхичид тамхиа хаях болов уу? ХОУР-гийн сэтгүүлч ийм зураг бүхий гадаад тамхины хайрцгийг гудамжинд яваа иргэдэд харуулж, төрсөн сэтгэгдлийг нь асуухад ингэж хэлцгээж байлаа:
"Өдөр бүр ийм хайрцаг харвал тамхиа цөөлөх байх аа."
"Ер нь зураг гэдэг бичиг үсгээс илүү нөлөөлөтэй юм. Тамхины хайрцгийг харахаас зүрхшээж, аяндаа бага татах болов уу."
"Энэ харин сайн арга юм биш үү? Үүнийг хараад тамхинаас бүрмөсөн гарчхаж мэдэх л юм."
Өдгөө дэлхийн 60 гаруй улс орон, бүс нутгийн тамхичдын 40-өөс дээш хувь нь иймэрхүү зурагтай хайрцаг бүхий тамхи татаж байна. Хятад улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхилалтын эсрэг конвенцид нэгдэж орсон учраас тус конвенцын дагуу, тамхины хайрцагт санамж зураг байрлуулах ёстой. Гэхдээ хятад тамхины хайрцагт "тамхилах нь эрүүл мэндэд хортой" гэж бичсэн боловч одоогоор санамж зураг тавиагүй байна.
Сүүлийн үед тамхийг хориглох иргэний байгууллага- эрүүл хөгжлийн судалгааны Шиньтань төв Бээжин хотноо "Тамхины хайрцаг дээр санамж зураг байрлуулах шаардлагатай эсэх тухай" иргэдийн дунд санал асуулга явуулж, дэлгүүр, автобус, метро, парк зэрэг газар очиж, 1200 гаруй хүний саналыг асуужээ.
Бээжин хотын Чао-Ян дүүргийн Өвчнөөс сэргийлэх төвийн албаны дарга Ван Жаонань санал асуулгын дүнгийн тухай ингэж танилцууллаа:
"Санал асуулгад оролцсон хүмүүсийн гуравны нэг нь санамж зураг бүхий тамхины хайрцаг харж байжээ. Харин гуравны хоёр нь ийм зураг огт харж байгаагүй гэсэн бөгөөд 90 гаруй хувь нь санамж зургийг хараад бөөлжис хутгаж, аймшигтай муухай сэтгэгдэл төрж байна. Ийм зураг тамхины хор хөнөөлийг шууд мэдрүүлнэ. Хятад тамхины хайрцаг дээр "Тамхи эрүүл мэндэд хортой" гэж бичсэн байдаг боловч чухам ямар хортойг нь тодорхой тайлбарлаагүй тул тийм ч гүн сэтгэгдэл төрдөггүй хэмээн хариулсан юм. "
Ахлах сургуулийн сурагчдаас санал авахад 6 хувь нь тамхины хорыг ойлгодог, 90-ээс дээш хувь нь тамхины брэндүүдийн тухай мэдэж байв. Тэдний дунд дээд тал нь тамхины есөн брэндийг нэрлэж мэддэг хүүхэд байлаа. Тамхины гоё хайрцаг хүүхэд залууст сонирхол төрүүлэх гол хүчин зүйлийн нэг, тамхины хайрцаг дээр тамхины хорыг харуулсан аймшигтай зураг байвал тамхийг сонирхохгүй гэж сурагчдын 72 хувь нь хариулжээ.
Тамхины хайрцаг дээр санамж зураг байрлуулах нь тамхилалтын эсрэг хамгийн өртөг багатай арга гэж Хятадын судлаачид олон жилийн турш сануулж, уриалсаар ирсэн боловч одоог хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй байна. Тамхины хайрцагт санамж зураг байрлуулах нь Хятадын уламжлалт соёлтой нийцэхгүй гэж зарим нь эсэргүүцсэнтэй холбогдуулан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хятад дахь төлөөлөгчдийн газрын гадаадтай харилцах албаны ахлах зөвлөх, доктор Пань Желань ингэж хэлж байна:
"Энгийн хайрцаг ашиглах эсвэл санамж зураг байрлуулах нь үр ашиггүй, Хятадын уламжлалт соёлд нийцэхгүй гэсэн цуу яриаг тамхи үйлдвэрлэгч, борлуулагчдын зүгээс ард иргэдэд хандан суртал ухуулгын зорилгоор тараадаг юм. Ингэж ярьдаг хүмүүс өөр улсад ч бий. Учир нь тэд санамж зураг үр ашигтай, хүмүүст тамхины хорыг таниулж, тамхины борлуулалтад сөргөөр нөлөөлнө гэдгийг ойлгож байгаа юм. Иймээс бидний эсрэг үйл ажиллагаа явуулж, зорилгодоо хүрэхийг хичээж байна. Үнэндээ энэ бол Хятадын уламжлалт соёлтой ямар ч холбоогүй шүү дээ."
Дэлхийн тамхигүй өдрөөр зохион байгуулсан үйл ажиллагаанд эрүүл хөгжлийн судалгааны Шиньтань төв сурталчилгааны самбар гаргаж, түүнийгээ Хятадын олон хотын талбай, парк, хороолол, эмнэлэг, дэлгүүр, номын сан зэрэг газар байрлуулж, тамхилалт, дам тамхилалтын хор уршиг, түүнээс үүсэх өвчний тухай санамж зурагтай тамхины хайрцгаар харуулах юм байна.
Эх сурвалж: mongol.cri.cn