Хувийн унаа болон гэр машинаар аялах сонирхолтой хүмүүс Хятад улсын хилийн боомт хот Эрээнд цуглаж, Монгол болон Орос улсыг зорих гэж байна. 8-р сарын эхээр 100 гаруй гэр машин буюу хувийн машин унаатай жуулчид Эрээнд цуглаж, эндээсээ Хятад, Орос, Монгол гурван орны олон улсын хувийн унаа, гэр машины уралдаан наадамд оролцох юм. Тэд "Түмэн газрын цайны зам"-аар даган хагас сар гаран хил аялах юм. Гэр машинаар Хятад, Орос, Монгол гурван орныг дамнасан аялал урьд өмнө нь болж байгаагүйгээрээ онцлог юм. "Түмэн газрын цайны зам" Хятадын Фужянь мужийн У И уулын цайны үйлдвэрийн бүсээс эхэлж, Хунань, Шаньси, Өвөр Монгол зэрэг газраар дайран Монгол улс, Оросын Москвагаар дамжин Санкт-Петербургт хүрч, тэндээс цай зөөдөг байсан эртний арилжааны зам байсан бөгөөд 300 шахам жил идэвхтэй хөгжиж байсан түүхтэй.
Саяхан нээгдсэн Хятад, Орос, Монгол гурван орны аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хурлын үеэр Хятад, Орос, Монголын "Түмэн газрын цайны зам" олон улсын аялал жуулчлалын холбоо байгуулагдсан юм. Ингэснээр "Түмэн газрын цайны зам" брэндийг гурван орны аялал жуулчлалын хамтын ажиллагааны чухал агуулга болгож, цайны замын өвөрмөц аялал жуулчлалын маршрутыг хамтдаа нээж, улмаар түүх соёлын нэн чухал агуулгатай аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгохоор болжээ.
Энэ нь хэрэг дээрээ зөвхөн Хятад, Орос, Монголын хил дамнасан аялал жуулчлал дэвжин хөгжиж буйн нэгэн жишээ төдий юм Энэ оны эхний 5 сарын байдлаар Хятадад жуулчилсан Орос, Монголын жуулчдын тоо ихэд нэмэгдсэн байна. Хятадаас Орос, Монгол улсад аялсан жуулчдын тоо ч тогтвортой нэмэгдэж байна. Хятад, Орос, Монголын хил дамнасан аялал жуулчлалын цар хүрээ жил бүр нэмэгдэх болж, давхардсан тоогоор 5 саяас давдаг байна.
Эх сурвалж: http://mongol.cri.cn/