-
2017 оны 2 сарын 01
Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард болох барилдааны хуваарийг гаргажээ.
-
2017 оны 2 сарын 01
Хүн муу хэлсэн нь
Хааяа хамт архи уудаг байсан Баяраа туучийд бол уг нь муу хэлэх юм үнэндээ алга байсан юм. Хамт уудаг байхдаа бид хоёрт орчлон хорвоо уужимдаад болохгүй ор хөнжилдөө хамт унтах нь холгүй байлаа.
Сүүлийн үед мань хүн уухаа болиод турж мураад царай нь Чанавуугийх шиг болчихсон алхаж явахтай нь таараад ”энэ муу уурхай шиг төрхтэй юм хэзээ ийм байсын” гээл бодогдоод явчих жишээний. Уг нь бид хоёр адилхан л уухгүй барихгүй гээл хамт эхлэсэн санаатай. Тэгтэл Баяраа бүр илт өнгө ороод байхаар нь дургүй хүрээд байгаан. Хийж байсан дасгал сургуулилт хоолны дэглэмээ хаяа л Баярааг эхнэртэй нь муу хэлчихвэл яг болох гээд байна. Ганц шил юм авч очоод хорлоод хаячдымуу айн. За яршиг яршиг.
Хамт нэг гараанаас эхлэсэн найз надаас түрүүлж барианд орохоор атаархал төрөөд муу хэлмээр санагддаг юм байна. Тэр найзын минь байр байдал яг хэвээрэй атал яагаад ч юм би тэр хүнд дургүй болчихлоо. Бүр хэтэрхий ухаантай байгааг нь үнэн голоосоо үзэн ядаад байх юм.
Би нээрээ хүн муу хэлэхгүйгээр амьдарч чадахаа байлаа. Өдөрт дор хаяж арваад хүн муу хэлэхгүй бол нойр хоолондоо муудаад байх шиг санагдах юм.
Уг нь цаанадаж улс эх орноо наанадаж өр зээлээ бодож сэрэх ёстой хүн чинь өнөөдөр хэнийг муу хэлэх вэ гээл сэрж байна. Энэ ариун явдал яавч биш.
Өглөөд ажилдаа ирээл интернээт орохоор тувт хүн муу хэлсэн мэдээ, фост. Миний аазгай хөдлөөл өөрийн эрхгүй инээд алдчихсан унших жишээний. Юу цэвэр агаар, гимнаасчик цаашаа. Шууд стресс тайлж байгаа юм чинь. Кү ээ одоо нээх автомаатаар өөрийгөө стрээстэй хүн гээл бодоод шаачихын би. Ямар ч баяр жаргалтай байсан оюун санаандаа стрээсээ тайлнаа гэж барьцан.
Оройд гэртээ хариад зурагт үзлээ. Ер нь зурагт гэдэг чинь Улаанбаатарынхны бие биенээ муу хэлэх хэрэгслүүр юм шиг байгаан. Хөдөө амьдарч байгаа маниус чинь оройд за манай хотын хэд өнөөдөр яаж балайг нь авсан бол гээл үзэх жишээний.
Мэдээний хөтлөгч, сурвалжлагчид нь хүн муу хэлэх ажлыг заалгаагүй сурсан байрын бүр ясны удам дамжсан гэмээр байнаа. Дуу хоолойны өнгө нь хэрэлдээд ч байх шиг загнаад ч байх шиг нэг тийм өндөр тоонтой ярьж байгаан. Зар өгөхдөө 3 үеийн удам дамжсан хэл амтай хүнийг сэтгүүлчээр ажилд авнаа гэдиймуу яадын.
Тэхдээ танай хотынхон чинь хорооны дарга энэ тэрээ муу хэлэхгүй ээ. Дор хаяж хотын дарга тэгээл дээшээ муу хэлнэ. Их хурлын 76, Ерөнхийлөгч, Трамф гээл явчих жишээний.
Тэгтэл би яаж амьдраад байгаан. Муу Баяраагаа муу хэлцээн. Хүн яаж амьдраад байгаан. Трамфыг муу хэлцэн.
Цас ороход ч даргаа муу хэлэхийн, нохой шаалцахад ч даргаа муу хэлэхийн.
Манай нэг эгч орцныхоо үүдэнд хальтирч үхэх гэжээж төв гудмын хальтаргааг муу хэлцээн.
Ингээл би нэг сая хүнтэй хотынхныг бөөнд нь муу хэлчих жишээний.
Хүн муу хэлэхээ “шүүмжлэл” хэмээн өнгөлөн далдалт хийж булхайцаад байна манайхан. Уг нь шүүмжлэл гэдэг чинь тухайн хүнийхээ нүдрүү нь хардаггүй юмаа гэхэд ядаж хөхрүү нь харж байгаад хэлэх ёстойлдоо. Эрэгтэй хүнийг бол гүзээрүү нь харцан ч яахуу.
Ер нь тэгээд удам сударт нь дарга хүн байгаагүй, даргатай ойртож үзээгүй, даргыг хоолонд дааж үзээгүй, даргаас тээндэр авч үзээгүй, сайн найз нь дарга болчихсон, өөрөө дарга болж чадаагүй, эсрэг намын дарга байсан гарууд л даргыг муу хэлдэг юм шиг байгаан.
Манай Монголчууд тэгдийншдээ гэж ирээл өөрөө нээх Гятад юм шиг хүн муу хэлэхээ болилоо.
Өнөөдрөөс эхэлж хүн муу хэлэхээ зогсоолоо. Муу хэлмээр санагдвал өөрийгөө л муу хэлнээ. Шагжаа чи өөрөө тийм лаг юмуу, чамайг үхэхэд хамаатнуудаас чинь өөр хэн мэдэхийн бэ өчүүхэн Шагж амьсгаа минь гээл. Тэхдээ манай фэйжийнхэн энэ Шагж яачваа гээл ганц нэг смс бичих л байхдаа.
Ерөнхийлөгчөө муу хэлмээр санагдвал Шагжаа чи зүүдэндээ ч ерөнхийлөгч болж чадахгүйш дээ гээл.
Муу хэлэх гэж байгаа хүнийхээ оронд ээжийнхээ нэрийг тавиад байнаа. Арай ээжийгээ муу хэлэхгүй байлгүй. Тэхдээ мэднэ шүү. Юуг ч муу хэлж чадах цөвүүн цаг шүү.
За Баяраа дээрээ очиё. Чи яаж ийм хурдан турж гоё болов энэ тэр гээл туршлага судлая.
-
2017 оны 2 сарын 01
Хавсарга тавьсан хаврын нэг өдөр говийн нэгэн айлын гадаа гандуу улаан дээл хөөргөж өмсөөд, орос цэргийн танкны хар малгай толгойдоо хазгай тохон, бакaлаа гармошиглаж угласан тавь гаран насны, өндөр, туранхай нутгийн эр бор мориноос буулаа. Энэ эрийг агсам Балдан гэнэ. Агсам Балдан зартай атмаан явсан бөгөөд одоо ч архи уухаараа агсан тавилгүй айлаас гарна гэсэн ёсгүй. Нохой боргохыг тоолгүй утаа суунагласан гэр лүү шууд алхсан Балдан -Үгүй чи нусаа битгий татаад бай, сайн нийгээд арчаач гэж Хандмаа авгай зээ охиноо загнаж байхад босго давж таарав. Гэрт зуухан дээр цай буцлан, цаана нь санчигны үс нь цайрсан, хар хөх өнгийн даавуун тэрлэгтэй Хандмаа, есөн насны хоёр салаа гэзэгтэй шар зээ охинтойгоо ширээн дээрх дэлгэсэн сонин дээр банш чимхэн тавина. Гэрийн хойморт Сүхбаатар, Ленин хоёр гар барилцаж буй жаазтай зургийг налуу өлгөж, доор нь модон авдар дээр байрлах эвхдэг толины баруун, зүүн жигүүрийн буланд Цэдэнбал, Брежнев нарын жижиг зургуудыг тус бүр хавчуулсан нь улс төрийн өндөр мэдлэгтэй айл болохыг харуулна. Галын баруун талд төмөр цагаан орон дээр үстэй дээл нөмөрсөн нэлээн урт залуу хөлөө нугалан, нуруугаа харуулан унтахыг хараад Балдан “Хотоос ирсэн хүү нь мөн байна” гэж бодон олзтой яваадаа баясав. Мөн цагаан орны урд хэлд арай ороогүй ач хүү нь адсаган дээр алаг бөмбөгөөр зугаацан их л томоотой сууна.
Нэг нутаг усанд өдий хүртэл амьдарсан Балдан, Хандмаа хоёр мэнд мэдэхдээ ёс, сүр ч болсонгүй. Хар багаасаа л Балданд дээрэлхүүлж, үс гэзэгнээсээ татуулж, мөн улаан булангийн харанхуй мухарт буландуулж явснаас ч тэр үү Хандмаа гуай Балданг харахлаараа л дуу намсдагаа өөрөө ч анзаардаггүй. Ноднин өвгөнийг нь нас барахад Балдан сайн тусалж, хот хөдөөтэй хэл ам авалцуулсан учир эднийд ирэхдээ нүүр бардам тэрээр хэзээ язааны аятай угаалтуурын хажуунаас намхан сандал авч галын зүүн талын модон орны өмнө тавьж суугаад малгайгаа өвдгөн дээрээ, гаансаа гутлын түрүүнээс, дугуй төмөр хайрцагтай тамхиа өврөөсөө гарган тамхи татахаар зэхэхдээ үг унагасангүй. Харин шүдэнз зурч тамхиа асаан сайтар уушиглаад утаагаа жавьжаараа үүд рүү аажуу үлээн гаргангаа
-Бага хүү чинь ирээ юү хө гэж асуулаа. Балданг эрүүл гэдгийг дууных нь өнгөнөөс баттай мэдсэн Хандмаа
-Өчигдөр шөнө явуулын машинаар ирлээ гээд баншаа боргилон дэвэрч буй цай руу хийв. Мэдье гэснээ мэдсэн Балдан, өвдгөн дээрээ тохсон хөлстэй хар малгайгаа авч хойдох орныхоо дэрний хажууд тавьчихаад, дээлийнхээ энгэрийг задгайлан аажуу тайван тамхиа татаж дуусгав. Гадаа зэврүү хүйтэнг ч хэлэх үү, дулаан гэрт ингээд л суугаад байвал тэрээр суугаад л байх аж. Шороон шуурга гэнэт гэр шавхуурдах, соосгор охин нусаа огцом татах, Хандмаа хаяа цайгаа самрах, ач нь амандаа бувтнах, залуу хүү сонсогдох төдий хурхирах сэтгэлд нь таатай хөг үүсгэж бүдэг бадаг дурсамжинд Балдан автан зүүрмэглэж эхлэв...
Соосгор охин банштай цай өмнө нь барин
-Та цай уу гэхэд Балдан нүдээ нээж, хоолойгоо засангаа аягыг аажуу аваад, эсрэг талд орон дээр суун банштай цай ууж буй хотоос ирсэн хүүг харснаа
- Аа гөөмөн, хүйтэй өвөл боллоо шүү гэж огт хамаагүй шахам зүйл хэлэв.
-Тиймээ гэж Хандмаа үгийг нь дагуулав хариулав. Гэнэт одоо л сэрэв үү гэмээр огцом тод дуугаар Балдан
-За дүү хүү хот газрын сонин юу байна, сансарт хүн ниссэн үү гэж Хандмаагийн хүүгээс мэдэмхийрэн асуулаа. Агсам Балданг таньдаг залуу
-Сар гаруйн өмнө нисчихсэн ээ гээд илүү юу ч хэлсэнгүй. Балдан ч дахиж юм ч асуусангүй, халуун цайгаа ширээн дээр тавингаа сандлаа ойртуулав. Бүгд л шор шорхийтэл уур савссан халуун цай оочин банш идэж, хөлс нь бурзайн, улаа бутран сууцгаана.
Банштай цай ууцгаасны дараа Балдан гаансаа сорон дуугүй сууж, хотын залуу үстэй дээлээ нөмрөн эргээд хэвтэж, зээ охин нь дүүгээ унтуулахаар Балдангийн арын орон дээр бүүвэйлж байв. Хандмаа ишиг, хурганы нэмнээ оёхоор том нүдний шилээ зүүсний дараа
-Хүү сая хотоос авчирсан юм. Чигтэйхэн сэнгэсэн эд бай лээ, та амсаад үз дээ гээд төмөр цагаан орны доороос бор шилтэй юм гаргахад Балдан ийм л жамтай мэт
-Өө за гээд лонхыг авгайгаар онгойлгууж, банштай цай уусан аягаа дээлнийхээ дотуур хормойгоор арчаад өөдөөс нь сарвайн дүүргүүлж авснаа “Хатуу бөглөөтэй, хатуу л эд байх даа” гэж дотроо таан ядам хуруугаа дүрэн дээш гурав нясалж духандаа хүргээд, Хандмаа чамтай өөр ярих зүйлгүй гэсэн аятай тооно өөд харч утаа баагиулан эрхэмсэг суув. “Энэ зөнөгийн дүвчигнэж байгааг” гэж бодсон Хандмаа түүнд юм хэлсэн ч үгүй, тоосон ч үгүй, зөнд нь орхив. Гадаа шороо шуурсаар л...
Хандмаа ишиг, хурганы нэмнээ оёж, хүү нь түрүүчийн адил яльгүй хурхиран, харин зээ охин нь дүүгээ унтуулах гэж байгаад өөрөө ч унтчихжээ. Балдан хамар шахруулсан хотын идээг ганцаар хүртэхдээ улам л намба үзүүлж хаяа хоолойгоо засан лаглайн сууна. Лонхтой архи нь хөнгөрөхөд агсан тавилгүй бол нэрэнд муу гэж үздэг Балдан “Нутгийн ахыг хүндэлдэггүй чи юу юм бэ... муу ижийгээ өрөвдөхгүй” гэх мэт үгс дотроо бэлдэв. Уг нь ч агснаараа алдартай түүнд бол агсан тавих үгс ганц, хоёр хундагын дараа урсаад л ороод ирдэг юмсан. Гэтэл өнөөдөр шил шахам архи ганцаар гударчихаад байхад нэг л үг олширдоггүй. Элдвийг ийнхүү бодож суусан Балдан-огцом босож багана өшиглөөд авав. Золтой л хуруугаа хатгачихаагүй юм оёж суусан Хандмаа цочиж
-Та чинь яаж байнаа гэж гайхан асуув.
-Агсан тавьж байна
-Үгүй эрүүл л явах шиг байсан шүү дээ. Эрүүлдээ агсан тавьдаг болоо юу даа
-Эрүүл орж ирсэн, одоо бол согтож байна. Яасан задарсан тархи вэ, энэ. Нутгийн ахтайгаа золгох ч үгүй хэмээн аяганд үлдсэнээ хөнтөрчихөөд үүдний хажуу дахь дөчийн бидон руу аягаа чулуудан хагалж, унтаж байсан ач хүүг цочоон сэрээж баруун хаяа руу давшлав. Хамаг учрыг түргэн ухаарсан Хандмаа түүний урдуур орон ачынхаа уйлаантай зэрэгцэн
-Таны уусан чинь архи биш ундаа. Хүү сая хотоос хоёр авдрыг авчирсан байна лээ. Сансар гэдэг жимсны ундаа, худлаа гэвэл тэр хар! Mанай ач ууж байна гэлээ. Нээрээ эргээд хартал шар охин дүүгээ аргадан аманд нь өөрийнх нь ёс төртэй амсаж суусан лонхтой зүйлийг хийж байв. Гэв гэнэт архи биш ундаа гэсэн баталгаа үнэмшилтэй санагдахад Балдан
-Даанч тийм байх аа, нэг л агсарч болмооргүй байсан юм гэж үг алдснаа Хандмаагийн гайхшрал доог болох янзтайг нүүрнийх нь байдлаас мэдэрч, хотын хүү тоглож
-Балдан гуай, та яаж байна хэмээн хэлэх шиг болоход Балдан нүүрээ буруулан
-Ундаа уулгана гэнээ гэж нэг заналтай зандарчихаад баруун баганыг нь бас нэг өшиглөн танкны малгайгаа ч авалгүй гэрээс гарав. Гадаа гараад Балдан сүүдрээ харан мориныхоо зүг явахдаа албаар зүүн баруун тийш нэг найган үзсэнээ толгойгоо сэгсэрч шүлсээ нэг хүчтэй хаяад улам хурдан, том том цааш алхлаа...
Балдан танкны хар малгайгаа эргэж ирж авсангүй. Залуугаасаа салаагүй хар малгай нь гэрт гадаа, энд тэнд үзэгдсээр адаг сүүлд нь эзнээ хүлээсэн мэт малын саравчнаас өлгөгдөн салхи, бороонд цохиулан, шороо шуурганд савчин сэмэрсээр, нэг мэдэхэд салхинд туугдан алга болжээ.
2007.04.03
16.23
Х.Эрдэмбилэг
-
2017 оны 2 сарын 01
https://chimedeee.wordpress.com/2017/01/20/%d0%b0%d0%b7-%d0%b6%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0%d0%bb%d1%8b%d0%bd-%d1%8d%d1%80%d1%8d%d0%bb%d0%b4/
-
2017 оны 1 сарын 31
Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага /ЮНЕСКО/-д Монгол Улс элссэний 55 жилийн ойг тохиолдуулан уран зураг сонирхогч хүүхэд багачуудын дунд “Соёлын өв бидний бахархал” сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа.
Соёлын болон соёлын биет бус өвийг хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвүүдийг сурталчлах зорилгоор уралдааныг 8-10 нас, 10-13 нас,13-16 насны ангиллаар зохион байгуулах юм.
ЮНЕСКО-д бүртгэгдсэн дараах Соёлын биет бус өв Монгол наадам, Шагайн харваа, Монгол тууль, Монгол уран бичлэг, Ботго авахуулах зан үйл, Монгол ардын уртын дуу, Монгол ардын бий биелгээ бүжиг, Монгол үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу шувуучлахуй, Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа зэргийг бүтээлдээ тусгасан байх шаардлагатай.
Бүтээлүүдээс эхний гурав болон тусгай байр тус бүр гурван оролцогч шалгаруулан өргөмжлөл, бэлэг дурсгал, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм. Шалгарсан бүтээлүүдийг ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын өвийг сурталчлах ном товхимолд хэвлэн нийтлүүлэх аж.
Уралдааны бүтээлийг ирэх сарын 01-нээс гуравдугаар сарын 20-ныг хүртэл НҮБ-ын байранд хүлээн авна.
-
2017 оны 1 сарын 31
Дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтанд оролцогчид хэлний мэдлэг, компьютер, мэргэжлийн ур чадвар, спортын анагаах ухаан гэсэн дөрвөн үзүүлэлтээр шалгуулдаг байна.
-
2017 оны 1 сарын 31
Казакстаны Алмата хотноо ”Универсиад 2017” наадам болж байна. Тус тэмцээнд оролцож буй манай цанын тамирчид сонгомол болон тэших техниктэй холимог уралдааны эрэгтэй 10км, эмэгтэй 5км-т уралдлаа. Эмэгтэйчүүдийн 5 км-ийн уралдаанд нийтд 62 тамирчин гараанд гарснаас,
Ч.Отгонцэцэг 18:40.3 секундийн амжилтаар 38 дугаар байр
А.Энхтуул 19:27.7 секундээр 46 дүгээр байр
Б.Дэлгэрмаа 22:13.1 секундийн амжилтаар 57 дугаар байрт тус тус шалгарчээ.
Эрэгтэйчүүдийн 10км-ийн зайн уралдаанд нийтд 81 тамирчин уралдсанаас
Б.Ачбадрах 32:59.6 секунд уралдаж 56 дугаар байр,
Б.Амарсанаа 36:34.1 амжилтаар 73 дүгээр байр,
У.Батжаргал 38:03.2 амжилтаар 76 дугаар байрт шалгарсан байна.
-
2017 оны 1 сарын 31
МУСТА, дуучин М.Бямбажавын “Түмэнтэйгээ” тоглолт хоёрдугаар сарын 4-нд 19.00 цагаас Улаанбаатар паласын концертийн их танхимд болно.
“Оройтсон бороо”, “Ээжийн нутаг”, “Насанд олдсон хайр” зэрэг хуучны дуунуудаас гадна залуу уран бүтээлч Т.Аминатай хамтарсан шинэ уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзана.
Тоглолтод урилгаар МУГЖ Н.Чулуунхүү, МУГЖ С.Ганзориг, СТА А.Мөнхбат, СТА Т.Амина нар оролцох бөгөөд ирэх сарын 8-наас хөдөө, орон нутгаар аялан тоглолт хийхээр төлөвлөжээ.
-
2017 оны 1 сарын 31
Егөөдөл
Нүглийн тухай ойлголт
Нүгэл гэж юу вэ? гэхээр орчин үеийн хүмүүс ихэд гайхан, ”гажигтай байх аа” гэх буюу ”хоцрогдсон новш” гэж ад үзэх нь мэдээж. Ганц нэг хүн: ”1930-аад оны үед сүм хийд шатахад л түүнтэй устсан байх. Одоо бол нүгэл байхгүй нүхэндээ орсон” гэж ярина. Энэ бол тун үнэнд ойртсон үг. Уг нь буяны эсрэг үйлдлийг нүгэл гэдэг байсан юм шиг санагддаг. Зах зээлийн нийгмийн хөгжлийн зүй тогтлоор буян нүгэл хоёрын ялгаа үндсэндээ арилсан хэрэг. Хүмүүсийн ихэнх нь: ”Хорвоод ариун юм гэж юу байгаа юм бэ? Нүгэл бол буян, баянд хүрэх зам байхгүй юу. Нүгэл хийлгүйгээр баян болсон буянтан ганц ч байхгүй. Битгий тэнэгтээд бай” гэж зүтгэж байна. Худлаа хэлэх, хулгай хийх, залилах зэргийг хүртэл нүгэлд оруулж байсан түүхэн баримт байдаг. Гэтэл өнөөдөр оюуны чадамж өндөр байгаагийн илэрхийлэл буюу капиталист овсгоо гэж үзэх боллоо.
Тэгэхээр нүгэл гэдэг нь өөрт байгаа боломжийг ялгалгүй ашиглаж, хөрөнгийн хуримтлал буй болгож нэр хүндийн өндөрлөгг хүрэх арга гэдэг нь тодорхой байна. ”Нүгэл нүхэндээ орсон” гээд байгаа нь тэр хүнд өөрт нь гүнзгий шингэж харагдахгүй болсон буюу харагдсан ч буяны хэлбэр маягтай үзэгдэж байгаатай холбоотой. Нүгэл мандтугай.
Нүглийн эзэн хэн бэ?
Нүгэл бол монголд хувьчлагдаагүй байгаа, хувьчлагдах ч боломжгүй оюуны үнэт зүйл мөн. Овсгоо самбаа зориг зүрх гаргах юм бол хэн ч түүнийг ашиглаж санасандаа хүрч болно. Социализмаас өмнөх үед лам нар хийгээд сүсэгтэй хүмүүс нүгэл үйлдэхийг эрс цээрлэж ”арван хар нүгэл” хэмээн үзэл номлол гаргаж байсан гэдэг. Гэтэл хүний эрх, эрх чөлөө хангагдсан өнөө үед лам нарын дунд хүртэл нүгэл үйлдэн ашиг олж, капиталист овсгоо гаргаж байгаа сийрэгхэн толгой олон бий. Аливаа ном буяны ажлыг шоу маягаар үйлдэж, дүвчин дүрийг худал эсгэн сүсэгтэн хүмүүсийг үнэн бишрүүлж байгаа нь буяны өмсгөлтэй нүгэл л дээ. Манай засаг төрийн дээдсүүд бол нүглийн ач буяныг хүртэж байгаа хуучнаар бол бузартсан, орчин үеийнхээр бол ариуссан бурхад мөн. Тэдний ихэнх нь хувьсгалын улаан шуурган дундаас нүглээр хөөрхөн хөрөнгийн үүсвэр атган гарч буян хураасны дээр сонгуулиар буянтны дүр эсгэн худал ярих урлагаар тодорч гарсан ардын элч, тэнгэрийн бошгууд л даа. Тэдний нүгэл бол дандаа буян болон бусдад тусаж байдаг ”цагаан” нүгэл. Хэд хэчнээн худлаа ярьж, хулгайн юмыг хүртсэн ч бузартах нигуур байхгүй. Ийм амьд бурхад чуулсан газар нүгэл байдаггүй бөгөөд ард түмэн хэзээ ч сайн нэр зүүдэггүй аж. Бурхантай газар бугтай гэж үнэн байх.
Нүглийг ”буянжуулах” урлаг
Нүглийн ”буянжуулах” нь манай нийгмийн бүх хүрээнд таран түгэж, хүмүүсийн ур ухааныг дайчилж байгаа үйл явц юм. Нүгэл нь олон талт үйл ажиллагаа учраас зарим нөхцөлд гэмт хэрэг хэмээх бүр эсрэг зүйлтэй холбогдох нь бий. Тийм учраас нүгэл нь үйлдэж байгаа хүнээсээ маш цэмцгэр няпг нямбай, бусдын нүдийг хуурах тийм нандин урлагийг шаарддаг. Зарим нүгэл бол нэлээд баян, мөнгөтэй хүн үйлдэхгүй бол шууд гэмт хэрэг болж шоронгийн хаалга татуулж болно. Мөнгөтэй, бэлтэй хүн бол үйлдсэн нүгэл нь гарцаагүй хүнд гэмт хэрэг болсон ч цагдаагийн болон шүүхийн ”бурханд” ахиухан өргөл өргөөд л буянтнаар тодорч дээдсийн суудалдаа суусан хэвээрээ үлдэх жишээтэй юм. Энд нүглийг ”буянжуулах” урлагийн онцгой нууц оршиж байх жишээтэй. Ер нь асар том нүглийг ”буянжуулах” үйл ажиллагаа нь дээдсийн хүрээнд л явагддаг юм. Тэтгэврийн хөгшид болон төсвийн мөнгө харсан амьтад бол хичнээн ч ”гоё” нүглийг буян болгон чимээгүй хүртэж чадахгүй. Харин тэд жижигхэн нүгэл үйлдсэнийхээ төлөө том эрсдэл амсахыг үгүй гэх арга байхгүй, тэгэхээр Монголд нүглийн чөлөөт бүс бий гэж ойлгох хэрэггэй. Тэнд ямар ч нүгэл нь гэмт хэрэгтэй холбогдохгүй. Холбогдлоо ч хууль үйлчлэхгүй. Тэнд нүглийг ”буянжуулах” нууцад нэвтрэх эрдэм билигт гаршсан хөрөнгө мөнгөтэй хүн л нэвтэрдэг юм. Та тайван бай.
Нүглийн ирээдүй
Нүгэл үйлдэх нь манай амьдралын хэв маяг болж улам олон чиглэлээр салбарлан хөгжих нь тодорхой байна. Зарим эдийн засагч манай ядуу эдийн засгийг хөгжүүлэхэд далд буюу ”нүглийн эдийн засаг” онцгой нөлөөтэй гэж үзэжбайхад, генетикчид”Монгол хүний цусанд нүглийн эс бүрэн бүрэлдэж цаашдаа ерөөсөө нүглийн амьтан болно” гэсэн таамаг дэвшүүлжбайна. Харин социологчид ”Нийгмийн ядуулаг хэсгийн хүрээнд бичил нүглийн тоо илүүтэй байгаа нь буяныг харх мэт идэж дуусгах магадлал өндөр байна” гэж дүгнэх аж. Энэ бүгдээс үзэхэд нүгэл хөгжих зам нь бүрэн чөлөөтэй болж улам бүр ”сонгодог” агуулгатай болох нь ойлгомжтой. Гэхдээ нүглийн хөгжилд төрийн оролцоо гарцаагүй хэрэгтэй. Өнөөдөр төр засаг үүнийг баттай ойлгожжижиг хулгай, танхай бяцхан залилан зэргийн тоог ялигүй
хязгаарлаж харин авилга, дээдсийн хүүхдийн хар тамхины наймаа, томоохон мөрийтэй тоглоом зэрэг нүглийг хөхүүлэн дэмжиж, хүрээ хязгаарыг нь тэлэх бодлогыг битүүхэндээ барьж байна. .. Ийм томоохон нүглийг баян чинээлэг, дээгүүр албан тушаалын хүмүүс хийдэг учраас дархлаа сайтай, вирусжуулах нөлөө нь илүү учир түлхүү хөгжүүлэх нь зүйн хэрэг. Зарим гадаадын иргэд манай орны нүглийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулжбуйг дурдахгүй өнгөрөх аргагүй. Шөнийн цэнгээний газар, эмсийн хүрээлэн, мөрийтэй тоглоомын газар зэрэг дэлхийд алдартай нүглүүдийг тэд л оруулж ирж Монголчууд бидний нүдийг нээж байна. Төр засаг маань тэднийг зөөлөн гараараа илбэн таалж байгаа нь ”нүглийн сүү”-гээр нь ард биднээ угжиж оюун санааг маань түргэн вирусжуулах ухаан гэхээс өөр аргагүй. Түүний цаана тэдний хаядаг авилгын ”хүнд эд” гэдэг нь салах юм биш. Жинхэнэ нүглийн ”хар халим” гэсэн үг. Тийм ”халим”-ны шөл уусандаа л төрзасгийн зарим эрхмүүд маань ядаргаанд орчихгүй ядуу орноо чирж явна. Ура! ”Хар халим”-ны шөл мандтугай!
Н.Даваадаш Тоншуул
-
2017 оны 1 сарын 31
САМСУНГ S7, S7 Edge-ийн хэрэглэгчид анхаарлаа хандуулаарай. Бид танд утсаа илүү ухаалгаар ашиглахад тань тус болох зөвлөмжүүдийг бэлтгэн хүргэж байна.
1. ШУУД БИЧЛЭГ ЦАЦАХ
Galaxy S7, S7 Edge-ийн камернаас Youtube суваг дээр Live Stream буюу шууд бичлэг цацах боломжтой. Шууд бичлэгийг олон нийтэд харагдахаар эсвэл цөөн тооны хүмүүст харагдахаар тохируулж болох бөгөөд үзэх холбоосыг нь бусадтай хуваалцах боломжтой.
Live Broadcast буюу шууд бичлэгийг идэвхжүүлэхийн тулд Camera > Modes > Live Broadcast руу орно.
2. ЦЭНЭГ ХЯНАХ ДЭЛГЭЦ
Цэнэг хянах дэлгэц буюу Battery Monitor-ийг ажиллуулснаар, таны 7 хоногийн хэрэглээний дунджаар тооцоолж гаргасан цэнэг дуусах хугацаа болон ямар аппликэйшнүүд таны утасны цэнэгийг илүү их хэрэглэж байгааг харуулдаг учраас тэдгээр аппликэйшнүүдийг унтрааж, утасныхаа цэнэгийг илүү удаан хадгалахад тусалдаг.
Идэвхжүүлэхийн тулд Settings > Battery > Battery Usage руу орно.
3. ИЛҮҮ БОЛОМЖТОЙ SCREENSHOT
Screenshot зөвхөн дэлгэцийн хэмжээгээр хязгаарлагддаг цаг ард хоцорсон. Та Samsung S7, S7 Edge-ийн Capture more тохиргоог ашиглан илүү урт Screenshot-ууд хийх боломжтой. Жишээ нь урт веб хуудсыг бүхэлд нь Screenshot хийх хэрэгтэй бол screenshot хийдгээрээ Home товчлуур болон Түгжээний товчлуурыг зэрэг дарна. Ингэснээр дэлгэцийн доод талд сонголтууд гарч ирнэ.
Өөрийн хүссэн хэсэг хүртлээ “Capture more”-ийг товшиж дэлгэцээ доош нь гүйлгэнэ. Авсан зургаа дараа нь Crop хийж хэрэгтэй хэсгээ тастаж авах боломжтой.
4. УХААЛАГ ТҮГЖЭЭ
Та өөрийн Galaxy S7-оо ямар нэг төхөөрөмжтэй Bluetooth-ээр холбоход, тухайн төхөөрөмжийг “Trusted Device” буюу “Итгэж болох төхөөрөмж”-өөр бүртгэх үү гэж асуудаг. Хэрвээ бүртгэж авсан бол таныг тухайн төхөөрөмжтэй холбогдсон үед (машинд эсвэл гэртээ г.м) утас автоматаар түгжээгээ тайлдаг. Ингэснээр та машин барьж байхдаа байн байн утасныхаа түгжээг тайлах шаардлагагүй болно. Таныг машинаасаа эсвэл гэрээсээ гармагц утас өөрөө түгжигдэнэ.
Тохиргоог идэвхжүүлэхийн тулд Settings > Lock Screen and Security > Secure Lock Settings > Smart Lock руу орно.
5. УТАСНААСАА ХЭВЛЭХ
Та Samsung S7, S7 Edge дээрээ Microsoft Office ашиглан бичиг баримт хэвлэх боломжтой. Хэвлэх тохиргоог идэвхжүүлэхийн тулд Setting > More Connection Settings > Printing > Download Plugin руу орно. Тэндээс та Google Play Store-ийн аппликэйшн татах хэсэг рүү чиглүүлэгдэх бөгөөд өөрийн принтерт таарах аппликэйшнийг татаад л болоо. Дараагийн удаа юм хэвлэх шаардлага гарвал, гар утсаа ашиглах боломжтой боллоо!
6. ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН МЕССЕЖ
Яаралтай тусламж хэрэгтэй болсон үед таны утас танд тусалж, таны сонгосон хүмүүст мэдээлэл хүргэхэд тусална.
Яаралтай тусламжийн мессежийг асаахын тулд Settings > Privacy and Safety > Send SOS Messages > Turn On руу орно. Энэ тохиргоог идэвхжүүлсэн үед Power товчлуурыг дараалуулан 3 удаа дарахад сонгосон контактууд руу тань автоматаар мессеж явна. Түүнчлэн та болж буй үйл явдлын зураг болон дуут бичлэгийг явуулах тохиргоо хийх боломжтой.
7. БҮҮ СААД БОЛ
Заримдаа утсаа унтраагаад, тайван байх хүсэл төрдөг ч, заавал авах шаардлагатай дуудлагуудаас болоод тэгж чаддаггүй. Тэгвэл Galaxy S7, S7 Edge –ийн “Do not disturb” тохиргоог ашиглан тодорхой нэр заасан хүнээс ирэх дуудлага, мессежнээс бусад бүх мессеж болон дуудлагыг хүлээж авахгүй болгож болно.
Do Not Disturb-ийг идэвхжүүлэхийн тулд Settings > Do Not Disturb Turn On Now-ийг дарна. Энэхүү тохиргоог өөрийн хүссэн цагаар идэвхжүүлж, сэрүүлэг тавьж, зарим төрлийн дуудлагуудыг хүлээн авахаар тохируулж болно.
8. НЭГ ГАРААРАА АШИГЛАХ ТОХИРГОО
5,5 инчийн дэлгэцтэй учраас S7 Edge-ийг нэг гараараа ашиглахад төвөгтэй байдаг. One Hand Operation энэ асуудлыг шийднэ. Settings > Advanced Features руу ороход One Handed Operation тохиргоо байгаа. Энэ тохиргоог асааснаар дэлгэц жижгэрч нэг гараар ашиглахад тохиромжтой болдог.
-
2017 оны 1 сарын 31
“Болор цом-34” яруу найргийн наадам өнгөрсөн бямба гарагт Дорнод аймгийн төв Чойбалсанд болсон билээ. Тус наадамд Б.Батсайхан түрүүлсэн бол аман хүзүүнд “Болор цом”-ын эзэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч А.Эрдэнэ-Очир шалгарсан юм. Харин удаах байруудыг Ч.Ууганбаяр, М.Уянсүх, Б.Гансүрэн нар эзэлсэн юм.
Ийнхүү яруу найрагч М.Уянсүхийн сүүлчийн даваанд уншсан шүлгийг уншигч танаа хүргэе.
Ирж буцахын зааг дээр бичсэн тонгорог ирт шүлэг
Тэнгэртэй төрсөн нь тэнгэр болдоггүй
Тэнгэрийн хуулийг тэнэгүүд сөрдөггүй
Ухаантай төрсөн нь ухаанаа гээдэггүй
Ухаантны зовлон тэнэгт байдаггүй
Инээд шиг эмгэнэл инээдэнд ханадаггүй
Нулимс шиг хагацал нулимсанд цаддаггүй
Хэдийдсэн хорвоо хэнээс ч айдаггүй
Хатуудсан тавилан хаадыг ч тойрдоггүй
Мэдрэлийн эмчийн надад зөвлөсөн
Мэдээжийн жорыг би уухгүй
Хор өгсөн ч асууж лавлахгүй
Хожмын үнэнийг бусдаас нуухгүй
Түймэр шиг шатсан нуранги орчлонг
Түйвээх самууныг би өдөөсөн
Өдөөсөн тэр л түймрийн галд
Өөрөө шатах хөгжүүн тавилантай
Үлэмжийн гунигт энэ л зовлонг
Үхлээр сольж…би хэнэггүй инээнэ
Үзэсгэлэнт охид нь эмгэд болоход
Үснийх нь ширхэгээр шүлэг бичнэ.
-
2017 оны 1 сарын 30
Эрээнцавын яруу найрагч Д.Нямсүрэнгийн мэндэлсэний 70 жилийн ойд зориулсан ”Болор цом” наадам өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотноо болж өндөрлөлөө. Наадмын эхний шатанд 170 гаруй найрагч бүтээлээ ирүүлснээс 30 найрагчид тэнцэж үлдсэн билээ.
Энэ жилийн “Болор цом” 34 яруу найрагч хоёрын даваанд өрсөлдснөөс цомын эзнээр Сүхбаатар аймгийн яруу найрагч Б.Батсайхан тодорсон байна. Харин хоёрдугаар байрт “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир, гутгаар байрт Ч.Ууганбаяр, дөрөв, тавд М.Уянсүх, Б.Гансүрэн нар шалгарчээ.
Сонирхуулахад тэргүүн байрт шалгарсан найрагч гурав, аман хүзүүдсэн нь нэг сая төгрөг гардсан бол удаах байрыг эзэлсэн нь тус бүр 500 мянган төгрөг, хурдан удмын даагаар шагнууллаа.
Ийнхүү тэргүүн байрт шалгарсан найрагчийн шүлгийг хүргэе.
Тэр эмэгтэй
Тэр эмэгтэйд би хайртай
Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай
Даарсаар очиход минь угтан авч
Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг
Гоо үзэсгэлэнт тэр хүнээс
Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэртээ холоос ч угтдаг нь дуртай
Халууцсаар очиход минь тоон авч
Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг
Гомдоож ердөө боломжгүй тэр хүнээс
Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ
Жирийн л нэг Монгол эмэгтэйгээс
Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ
Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг
ЭЭЖ гэдэг
-
2017 оны 1 сарын 30
УДААХ УРВАЛТ
Гэнэтхэн Юсуф султаны мянгатууд хамгаалж байх учиртай зүүн жигүүрийн наагуур хөмөглөн халхалсан намхан дэнж дээгүүр саран сүлд сэрэлзүүлсэн морьтнууд бүрхэн гарч ирэв. Ар араасаа эцэс төгсгөлгүй цутган хөвөрсөөр буй тэдгээр морьтнуудын манлайд гил хүрэн хүлэгтэй, өндөр мөрөвчтэй давтмал ялтсан хуяг агссан махигар эр илд хуруйлан эргүүлсээр шунган давхих нь лавтай өнөөх бахричуудын тэргүүн Бундуктар аж. Чухам монгол, түрэг цустнууд л тийнхүү илдээ хуруйлах билээ. Түүний ард шар дэвсгэрт арслан сүлд нь тодхон харагдана. Тэгэхээр энэ цутган асгах морьтнууд бол Юсуф султаны хамгаалалт сэтлэн гарч ирсэн цохилтын цомхон анги биш, харин цөс ихт бахричууд голлосон Кутузын баруун жигүүрийн түмт бүтнээр болох нь. Бундуктар өдрийн Яамух Буурын довтолгоонд яйртал цохиулсан Кутузын баруун жигүүрийг аваад арагш хол шидэгдэн, тулааны талбараас гарсан билээ. Гэтэл өнөө гэнэт зүүн жигүүрээр хамгаалалт үгүй хоосон цулгуй газаар ирж буй мэт ийн хормын зуурт давхин гарч ирэх нь юуны учир билээ.
Тулааны талбарыг ажиглан Назарын өндөрлөгт зогссон Хитбух ноёнтон болон түүний нөөцөнд үлдсэн хэдхэн зуутынхан үүнийг үзээд ихэд гайхан цочирдов.
Саран сүлдэтнүүдийг тийн гарч ирэхтэй зэрэгцэн дэнжийн хойт үзүүр нийлэх Голиом уулыг бэллэн мөн хоёр морьтон цувралдан гарч ирлээ. Цогин ядаж буйг нь үзвээс морьд нь ихэд сульджээ. Тийн атал тэдний араас хорь гучин морьтон сүүл даран нэхэн гарч ирэх нь тэр. Нэхэгчдийн морьд хурдан, нэн даруй гүйцэх янзтай. Өнөөх хоёрын түрүүнд яваа нь дуулгагүй халзан толгой гялалзуулан, мориныхоо дэлэнд наалдаад, хүзүүг тэврэн явах агаад нуруунд нь зоогдсон хоёр сум гозолзон үзэгдэв. Шархтайгаа хамгаалан дагах нөгөөгийнх нь дуулганы оройд улаан соновтор зурвас харагдах нь лавтай Хөх тугийн монгол зуутан болов. Дуулгатан гэнэтхэн эргэж сум тавьсанд дөхөж явсан өндөр цагаан чалматай түрэг дайчин эмээлээсээ ховх үсрэн тэртээ хойно чулуудагдав. Чухам аймшигт ац зэвээр аянга мэт тийн харваж чадах нь Юсуф султантай хамт зүүн жигүүрийг хамгаалан байсан тавьт цэргийн ахлаач Хүрэлхү хошууч л билээ.
Хитбух ноётны зүүн талд зогсох Үлэмж мэргэн зүүн гараа дохих төдий Ажираа аравтан тэднийг тосохоор ухасхийлээ. Гэвч тэднийг хүрэхээс өмнө Хүрэлхү хошуучын хүлэг хөл алдан таварцаглан унав. Араас нь нэхэгчид завсар чөлөөгүй сум тавьцгааж байсан тул суманд оногдоо биз ээ. Хүрэлхү таварцаглаж буй мориноосоо жолоо хаян хөл дээрээ гүйлгэн буухад улаан соновторт нуман хөмсөгт болд дуулга нь сайр чулуунд хангинан дуугарсаар тэртээ холд өнхрөв. Тэгээд илдээ сугалаад хоёр гартаа бат атган баруун мөрөн дээрээ бариад, араас нь хошууран ойртож буй бахричуудын өөдөөс бөгтийн гүйлээ. Түрүүчийн морьтон мориныхоо буруу тал руу налан цавчсанд Хүрэлхү ноёнтон гэнэтхэн татсан нумын хөвч мэт гэдэсхийн цавчилт өнгөрөөх зууртаа мориных нь хөлийг нарийн шилбээр нь хянгардаж орхив. Ийн морины хөл хянгардахыг монголчууд тун амь тулсан, гарцаагүй эрс хэцүү үед л хэрэглэх билээ. Залгаж ирсэн хоёр морьтон баруун зүүгээр нь зэрэгцэн орж, түүний араас бас нэгэн урт жад сунган ирэхэд Хүрэлхү ноёнтон баруун талынхаа морьтны цавчилтыг дотроос нь өлж цохин, зүүнээс буух илдний ир дор хаалт тавьж өнгөрөөгөөд тулж ирсэн жадан дээгүүр “жад өнхрүүлөх” мэхээр гарч, жадаа даган бөгтийж явсан лал жадтаны ил гарсан шанаа хүзүү дагуулан эгэм рүү нь илднийхээ тэхий дунд ортол бүлж орхилоо. Тэгээд түүний морины хондлойгоор нуруугаараа эргэн буух завсраа илдээ далайсан нэгэн морьтны улаан суга руу тийрсэнд, лал дайчин илдээ ч буулгаж амжилгүй эвхрэн хийсэж буй нь харагдлаа. Төдөлгүй хорь гучин морьтон Хүрэлхү ноёнтныг нөмрөн авч, илд жад гозолзон, тоос манараад, хэрхэн тэмцэлдэж буй нь үзэгдэхгүй болоод явчихсанд баатар зоригт эрийнхээ бахтай сайхан тулааныг бахархан харж, дуу алдан эмээл дээрээ өндөлзөж байсан өндөрлөгийнхөн нам чимээгүй болж, хэрхэхийг зүрх түгшин хүлээлээ.
Ажираа аравтнаас нэг нь салаад түрүүлж явсан шархтныг тосон цулбуурдан эргэхэд бусад нь шуудхан өнгөрч илдээ хуруйлан шуугин давхилдсанд бөөгнөн бужигнаж буй олон бахри лалууд орилолдон ум хумгүй зугтацгаалаа. Тэгэхүй саях бачим тулааны ор мөр ил гарч, лавтай долоо найман хүн гулдайн үлдээд, Бэсүдийн цоглог хөвүүн Хүрэлхү хошууч хөл дээрээ илдээ атган торойтол зогсож эс харагдсанд өндөрлөгт харан зогсогсод бүгдээр харуусан шүүрс алдаж, гашуудан гашуудан халаглацгаав.
Хитбух ноёнтны нүдэнд Хүрэлхүгийн сэргэлэн цовоо нүд, үргэлжийн хошигнож, ёжтойгоор мушилзан байдаг хүүхдэрхүү царай нь харагдах шиг болсонд зүрхээр нь ширхийтэл хатган, дотор нь харанхуйлав.
- Ай халаг, ай халаг гэж... Хүү минь, Хөх тугийн их цэрэг эр минь. Ай халаг гэж, мянган дайчнаар ч солимгүй сортоо төгс дайчин минь. Яруу алдраа гүйцээж чадсангүй еэ. Даанчиг залуухан чи минь хэмээн гаслан гаслан өгүүлэв.
Хүрэлхү хошууч хорь дөнгөж гарч буй ч Хошууч хэмээх эрхэм алдраа Хүлэг хаанаас өргөгдсөн, аюулт хорон Уулын өвгөний бэрх хэцүү ичээ Аламут цайзын араар хаших өндөр сүрлэг хадат хэрмийн дээрээс гурван залуу дайчны хамт 70 алд аргамж залган буугаад, гэнэтхэн араас нь довтолж сандарган, хадан хаалганых нь оньсыг мулт цохиж чадсан, Багдад балгадыг довтолход баруун дүүрэгт нь хамгаас түрүүнд хүрээд гал тавьж бужигнуулсан авхаалж самбаа, эр зориг төгс, хожмоо хол ойрд алдраа дуурсгах их баатар эр болох нь гарцаагүй элдэвтэй шалмаг идэр залуу баатар билээ.
Энэ зуур тэртээ дор дэнж дээр Бундуктар хүрэн халзан морио эргэцүүлэн, илдээ занган захирамжилж, цэрэг ангиа хоёр хуваан давшуулсанд их хэсэг нь болох нэгэн түмтийг Кутузын зүүн жигүүрийг хумин, төврүү нь сүрэг хонь хашаанд хаших мэт бөөгнүүлэн шахаж буй Байдар ноёны мянгатуудын араас ухасхийлдэв. Харин Бундуктар өөрөө нэгэн мянгат илүү цэрэг дагуулан, Хитбух ноёны хараа их Хөх туг намиран буй Назарын өндөрлөгийн зүүн бэл өөд эргэв.
Хитбух ноёнтон хөмсгөө нумруулан, хөмхийгөө зуугаад, дэргэдээ байсан Начин баатарыг Байдар ноёны араас довтолгон буй бахричуудын түмтийг хажуугаас нь таслан хирчүүлэхээр довтлуулав. Начин баатар илдээ сугалаад “Тэрсүүд муусайн боолуудыг тэнгэрийн хүчээр ниргэсүгэй” хэмээн барим бүдүүн дуугаар бархирч, тэмээн бөмбөр нижигнүүлэн гурван зуутаа аван баруун налуу уруудан пижигнүүлэн тоосруулан буулаа. Тэд мянга мянгаараа довтолгон буй дайсны сүргийн хажуу хавирганаас сүрэг хонинд довтолгох хөх чоно мэт хүзүү сунган, эрээн хавиргат ятуун сүрэгт довтолгох эдлэг шонхор мэт жигүүр хумбин шунган дайрцгаалаа.
***
Нуруундаа сум зоолгосон нүцгэн толгойт эрийн сульдсан морийг хөтөлсөөр Ажираа аравтан цэрэг цогиулан ирэхэд дөрвөн цэрэг явгалан тосож, шархдсан эрийг эвлэн өргөж мориноос нь буулгаад мөрөндөө өргөн Хитбух ноёны өмнө хүргэв. Тэр бол Хонгирадын Элдэрдээ баатар байлаа. Баруун гартаа бат атгасан илднийх нь үзүүр газар зуран чирэгдэнэ. Тэрбээр Юсуф султаны хамт зүүн жигүүрийн цэргийг засалцаж байсан хэрэг. Хитбух энэхүү энэ мулзан толгойт бахим чийрэг эртэй хар багаас ижилсэж, олон ч бахтай сайхан ялалт дагуулсан дайн тулаанд мөр зэрэгцэн явсансан. Хитбух ноён мориноосоо үсрэн бууж, дуу алдан толгойг нь түшин авсанд Элдэрдээ баатар нүдээ нээв.
- Хит...бух, анд минь .... чи .... юу? Үгээ зөөж ядан өгүүлнэ. Хэлэх бүр завжнаас нь нөжирсөн цус бялдан гарч байлаа...
- Элдэрдээ, Анд минь. Даанчиг яавдаа.
Харцнаас чинь
Харьтны илд
Халирч далийгаад
Хальт тусдаг биш үү?
Эрэмгий зоригоос чинь
Эрчлэн ирэх сум
Эмээн халираад
Эвхрэн нугарч
Эгц өмнө чинь унадаг биш үү? Юу болох нь энэ билээ?
- Хитбух, анд минь чи сонс, ... Адгийн муу урвагч ноход л араас хутга шаадаг шүү дээ. Түүнээс Элдэрдээ би өврөөсөө хэрхэн сум зоолгох билээ. Юсуф ... Юсуф муу адгийн шарваач жингэр юм. Түү... нийг султан гэж үүнээс хойш бүү дуудтугай. Урваач, шарваачид зөвхөн муу нохойн нэр, муу нохойн үхэл зохино. Юсуф муу нохой... Бундуктарт урваж, цэргээ аван биднийг эргэж бүчин дайрав. Бэсүдийн Хүрэлхү хөвүүн, Жалайрын Самух өрлөг, бас Жалайрын Бужиндай бид тэр муу нохойн толгойг тасдан, Хөх Тэнгэрийн шүүлэг хийсүгэй хэмээн довтолсон ч тооны олонд бүчүүлж эс чадав. Тэнд байсан Хөх тугийн тавин эрс бүгд эр баатрын ёсоор илдээ тавилгүй цавчилдаж, муу нохдын сүргээс лавтай таван зууг тонилгож, лалын орных нь тамд таатай сайхан илгээлээ. Тэдний яруу алдрыг тэнгэрт ямагт дуурсгаж явах болтугай. Гэвч муу нохос цавчиж үл дуусах бөлгөө. Өнөө Юсуф муу нохойн гөлөг гурван мянган өлөн жингэрээ дагуулаад Бундуктарын ар сүүдэрт очиж хоргодов гээд түр амсхийв.
Хитбух баривгар хуруутай бахим гараараа Элдэрдээ баатарын толигор нүцгэн духыг нь илбэнэ.
- Хитбух, чи сонс. Чам лугаа...., Хитбух хэмээх энэ ертөнцийн нэгэн их баатар эртэй мөр зэрэгцэн, ертөнцийн харанхуйг илдний ирээр ярсаар энэ алс Ливаны наран шингэх хязгаар хүртэл давхилдсандаа Хонгирадын Дүүрэн сэцэний хүү Элдэрдээ би хувь заяа, тэнгэр бурхандаа мянгантаа талархаж явдаг билээ. Түүнээ өнөө чамд амжиж хэлэх гэж ирэв. Сэтгэл минь тэр билээ...
Хоолойг нь нөжирсөн цус бөглөхөд хахаж цацан хэсэг гацав. Тэгээд гүн амьсгаа аваад,
- Хитбух, баатар дайчин анд минь. Өчүүхэн миний сүнс Монголын их тал нутагтаа эргэж төрөөд, эрх таваараа исгэрэн дуулж явах болтугай хэмээн чи намайг ерөөсүгэй. Чи санаж байна уу? Арван гуравтай хөвүүд бид Их Хянганы хяраас Улзын урд ухаа хүртэл мянга мянган хүлэг агтас туугаад их талын нүд алдам уудмыг туулан давхиулж, дарвиж шуугиж явсансан. Эргээд тэндээ уулзацгаая. Эрхэм сайхан анд минь. Сайхан даа, Их тал нутаг минь. Өнөө намар цаг нутагт минь ирж буй. Өвсний толгой нь шарангуйлж, өндөр хөх тэнгэрт нь сэмжин үүлс... гээд үгээ гүйцээж чадсангүй, Айн-Жалудын орог саарал тэнгэрт эх нутгийнхаа сүүн ээдэм шиг сэмжин цагаан үүлсийг эрэх мэт бүргэд хурц нүдээ тэнгэр өөд тас ширтсэн хэвээр Элдэрдээ баатарын амь гарч, нутгаа тэмүүлсэн сүнс нь хүсэн санасан хөх Монголын их талын зүг нисэн одоод, хүчит баатар бие нь хөсөр гулдайн сулрав.
Ээ, хайран мину
Эрийн чинээ эр билээ, чи мину
Эгэм мөрөндөө бядтан билээ
Эртний ихэсийн үлдэл билээ
Ээнэгшин дассан анд мину
Ээ, элэг зүрх мину,
Эрслэх олон дайсан үзээд
Эргэж буцахыг үл мэдэн,
Эрчлэн шуугиж ордог
Элдэрдээ баатар мину
Нулимс мину, анд мину
Нугарч ер эргэдэггүй учир
Нуруу юугаа үл хуягладагсан,
Дуурсан эрчлэх илдтэй учир
Дуулга ер духдуулдаггүйсэн
Хайран хайран анд мину
Харь муу дайсан дунд
Харах нүдээ үл цавчин
Хатгалдан шунгаж ордог
Хатуу зоригт баатар мину,
Ай хайран анд мину,
Араандаа атаатнаа зуун төрсөн
Арслангийн зулзага юмсан, чи мину
Ар газар тоглож өссөн
Ажнай сайн хүлэг юмсан чи мину
Ай, анд мину, намайгаа юунд өнчрүүлэв хэмээн Хитбух ноёнтон Элдэрдээ баатарын зузаан хуйхтай мулзан толгойг элгэндээ тэврээд тэнгэр өөд дуудан дуудан ухилав. Тэгээд “Их Монголын Хөх тугийн дайчин цэрэг эр, Хонгирадын Дүүрэн сэцэний хөвүүн Элдэрдээ баатарын ариун сүнс нь Хөх Монголынхоо их тал нутагт саадгүй түргэн нисэн очтугай” хэмээн ерөөн загалмайлсанд бүчин зогссон олон баатар эрс түрэн нирхийлгэлээ.
Элдэрдээ баатар Тогучар хүргэний түмтэд багтан анхны алс аянд мордоод, Сартуулыг ихэд даралцаж, Тогучарыг буруудсаны хойно Зэв ноётны өмөгт очиж, Мухамед Шагийн зугтаж явахдаа чадлаараа хавчиж асан сүүлнийх нь үзүүрт гал асаалцаж явжээ. Түүнээс Муган, Курын алдар цуутай их тулаануудыг үзэж, хадан цохиот, мөсөн халилт их Кавказыг мориныхоо туруунд үхрийн шир углаж, шилбийг нь хөөврөөр хулдан байж даваад, арагш нь хаврын цасны уруй шиг нүргэлэн бууж, алан, куман тэргүүт зургаан үндэстний их цэргийг бут ниргээд, цаашлан Оросын их вангуудын тоолж үл барам их цэргийг Калк голын хөвөөнөөс Днеприйн дээд хүзүүвч хүртэл цувуулан хяргаж явсансан. Түүнээс нааш энэхүү Айн-Жалуд хэмээх армаг толгодын хөвөөг дагах бяцхан голд иртэл Элдэрдэй баатарын туулсан зам, тулсан дайсныг тоолж үл барнам.
Оросын вангууд, Булгар, Хивчагууд, Хар малгайтнуудын их хүчин Днепр мөрнийг уруудан давшихад мөрний гатлага хамгаалан үлдсэн Харачар мэргэний мянгатад үлдэж, гол хүчнээ алс зувчин ухрах цаг гаргахын тулд Орос, Хивчагийн нийлсэн есөн түмэн цэргийг нь гурав хоног тогтоон бариад, эцэст нь хүчин мөхөсдөж, бүгд тэр мөрний хөвөөнд өчүүхэн ч харамсахгүйгээр ясаа тавьцгаахад чухам долоон голтой догшин зээх мэт гуравхан цэрэг амьд үлдсэний нэг нь Элдэрдээ баатар юм. Тэд амьд тэсэн үлдээд зогсохгүй Эрэмгий Мистиславын цэргийн хүнсийг голд живүүлэн, хамгаалж явсан Оросын алдарт Иполит баатар, Хотян хааны дүү Исмалит нарыг баривчлан гар хөлийг нь хоньчлон дангинатал хүлээд, өвчүүн завины голд шидэж, Днепр мөрөн уруудан хоёр талдаа харвалдан зугтсаар, мэнд мултарч, Зэв ноёндоо ирж нийлсэн, ер элдэв хэцүү бэрх дайн тулаан, аян бүхнээс исгэх шарх ч үгүй гардаг тул хуяг дуулгыг үл тоох баатар нэрийг бардан байж авсан эрэмгий дайчин билээ. Энэ мэт түүний адал явдал, алдар гавьяаг нь тоолж үл барах бөгөөд хожмын өдөр Хөх монголын хөрслөг хөвүүд нь эрхэм сайн баатар эрсийнхээ эрэлхэг сайхан энэ мэт түүхийг үлгэр домог болгон өгүүлэн хэлэлцээд, бахдан баясан суух буй за хэмээмүй.
Ер тэр цагаас эхлэн Хөх тугийн их хүрээн дунд Элдэрдээ баатар хэмээн нэр түгэж эхэлжээ.
***
Ажираан аравтнууд эрэлхэг сэргэлэн сүнс нь хэдийнэ орхин одсон Хүрэлхү хошуучын арвантаа жадлуулж, хоринтоо сийчүүлсэн цогцсыг эгнээ жадан дээр тавьж, мөрлөсөөр хүрч ирэхэд Хитбух ноёнтон тосон очиж, цэлмэг тунгалаг харцаар ширтсээр буй сайхан хар нүдийг нь аниулан, зовхийг нь илээд, духан дээр нь үрээ үнэрлэх мэт хайрлан үнэрлэв. Цэл залуу Хүрэлхү хошуучын уруул завжинд өнөөх уужим ёжтой мушийлт нь тэр хэвээр царцаж үлджээ.
Адтай сэргэлэн дүү минь
Ариун сайхан сүнс чинь
Ар Ононгынхоо хөвөөнд
Ахин төрөх болтугай хэмээн Хитбух ноён мөн ерөөл өргөөд, Элдэрдээ баатарын хамт илдийг нь хоёрт гарт нь бариулан, элгэн дээр нь авхуулаад зэрэгцүүлэн алс Ливаны уулсын баруун үзүүрт агч Назар өндөрлөгийн оройд оршоов.
Энэ зуур Бундуктар цэргээ дахин засаж, Байдар ноёны араас ороон тойрохоор довтолж буй түмтээсээ нэгэн шилдэг мянгатыг салган Начин баатарын гань галзуу түрэлтийг саатуулан зогсоохоор тосуулсанд, хавцал өндөр хөндийн хоёр талаас шуугин орж ирээд мөргөлдөх уруйн их үер мэт хоёр цэрэг хоёр талаас шуугин хашгиралдсаар нижигнүүлэн тулав. Бундуктар өөрөө мянгатаа дагуулан Назар өндөрлөгийн урд бэл өгсүүлэн дөхөж буйг үзсэн Хитбух ноёнтон дэргэдээ үлдсэн хоёрхон зуутныг Үлэмж мэргэнээр манлайлуулан Бундуктарын мянгатын өөдөөс “Өвчүүг нь яртугай. Бид Бундуктарын зүрхийг сугална” хэмээн тосуулав.
Одоо Хитбух ноёнд Хөх тугаа хамгаалан хажууд нь үлдсэн Арсланхүлэгт баатарын тавин турхагаас өөр нөөц үлдсэнгүй, Кутузыг бүрмөсөн нуга дарахын тулд тэр бүх хүчээ шавхаад байсан билээ. Хэрвээ Юсуф султаны мянгатууд энэхүү зүүн жигүүрийг дахиад гурван мөчийн төдий тогтоон барьж чадсансан бол Кутузын гол хүчин болсон хоёр түмтийг Байдар ноёны мянгатууд зүүнээс нь ороон хашиж, Долдохур догшины мянгатуудын илдэн дор шахан оруулж байгаад үйртэл нь цохиж, цайтал нь цавчилж орхих байсансан. Тэгсний ард энэ Бундуктарын бахричууд юу ч болох билээ.
Үлэмж мэргэн үзүүр гарган довтолгох Бундуктарын мянгатын өөдөөс өөдөөс эгцлэн очсоноо давхил дундаа харвасаар зуут зуутаараа хоёр тийш ярагдан бүхийд Хитбух тавин турхагаа аван, өндөр Хөх тугаа жавхлантайгаар намируулсаар голд нь гарсан сиймхийгээр Бундуктарын “Зүрх сугалах”-аар ухасхийн дайран орлоо.
.
/Хэсэглэн авав/
Б.Номинчимэд
Тайлбар:
1. Айн-Жалуд хэмээх нэртэй өнөөгийн Израилийн өмнөд хэсэг, Иерусалимаас төдий холгүй газарт болсон тулаан нь 1260 оны 9 сарын 3-нд болсон юм. Уг тулаанд Монголчууд 10-15 орчим мянга, Мисирийн буюу Египэдийн Киарийн мамлюк тэргүүтэй лалын нэгдсэн хүч 30 гаруй мянган цэрэгтэйгээр тулсан бөгөөд Монголчуудын нэгэн жарны тасралтгүй ялалтын цувраа энд тасарч, 10 мянга гаруй монгол дайчид тэр элсэрхэг нугад ясаа тавьсан байна.
2. Хитбух - Хүлэг хааны тугийн жанжин, Найман овгийн, загалмайн нестор урсгалыг шүтэгч хүн. Сирийн захирагчаар томилогдон, Мисир хүртэл дайлах аянд бэлдэж байсан.
3. Юсуф султан - Сирийн султан, Монголчуудад дагаар орон, цэргээ авч, Хитбух ноёны нэг жигүүр болон Айн-Жалудад очсон ч маш эгзэгтэй мөчид урваж, тулааны хувь заяаг өөрчилөх нэгэн сэжүүр үүтгэсэн..
4. Бундуктар султан - Бибарс султаны нэр. Түрэг, хивчаг угсааны хүн.
5. Кутуз - Киарын анхны мамлюк султаны Айбегийн дотнын хүн байгаад, эзнээ алж төрийн эргэлт хийгээд Султан болсон хүн. Өөрийгөө Сартуулын Хорезм шах Мухамедийн угсааны хүн гэдэг байжээ.
6. Мөч - Монголчууд цагны дөрөвний нэгийг буюу 15 минутыг мөч гэж нэрлэдэг. Гурван мөч гэдэг нь дөчин таван минут болно. Мөн минутыг Хувь, секундыг Хурам гэх.
7. ”Зүрх сугалах” - Монгол цэргийн байлдааны нэгэн тактик.
-
2017 оны 1 сарын 30
Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн ХХҮIII дахь удаагаа ОХУ-ын Красноярск хотын ”Футбол-Арена Енисей” спортын ордонд 3 өдөр үргэлжилж дууслаа.
-
2017 оны 1 сарын 30
2017 онд Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд удирдаач СТА Д.Нямдаш нь дэлхийн XX зууны шилдэг хөгжмийн бүтээлүүдээс үзэгч түмэндээ хүргэх гэж байна.
Түүний анхны тоглолт болох “Сонгодог хөгжмийн концерт” тоглолтонд Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховенийн есөн симфонийн нэг болох V симфони, Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын дорно дахиныг хөгжмөөр амилуулсан ”Щехеразада” симфони чуулбар улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач СТА Д.Нямдаш-ын удирдсанаар үзэгч, сонсогчдын хүртээл болсон.
Тоглолтын талаар удирдаач СТА Д.Нямдаштай цөөхөн хором ярилцлаа.
-Тоглолтын онцлогоос сонирхуулаач?
- Людвиг ван Бетховенийн есөн симфонийн нэг V симфони. Бетховен бол Германы суут хөгжмийн зохиолч, нэрт төлөөлөгч. Энэ бүтээл нь түүний уран бүтээлийн урын санд маш дээгүүр байр эзэлдэг. Мөн Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын дорно дахиныг хөгжмөөр амилуулсан ”Щехеразада” симфони чуулбар тоглогдлоо. Арабын ертөнцөд үлгэр домгийн шинжтэй мянга нэгэн шөнийн үлгэрээс сэдэвлэж бичсэн зохиол. Нэг нь Герман, нөгөөх нь Оросын сонгодог бүтээлүүд нэгэн тайзнаа тоглогдлоо.
-Энэ жил Филармонийн 60 жилийн ой тохиож байгаа юм билээ. Ойн хүрээнд ямар уран бүтээлүүд тоглогдох бэ?
- Манай Симфони найрал хөгжим 60 жилийнхээ ойн хүрээнд өөрсдийнхөө тоглож байсан, өмнө нь тоглогдож байсан бүтээлүүдийг сэргээж тоглох төлөвлөгөөтэй байгаа. Оркестрын бичиж байсан хөгжмүүдээс сорчилж аваад тоглоно.
-Герман, Оросын хоёр өөр сонгодог бүтээлийг нэгэн зэрэг нэг тайзан дээр тоглосон нь ямар онцлогтой бэ?
-Өмнө нь манайх лекц концерт явуулдаг байсан. Харин одоо олон төрлийн урсгал чиглэл байдаг юм байна гэдгийг үзэгчид ерөнхийд нь мэддэг болсон учраас өөр, өөр чиглэлийн сонгодог хөгжмийг сонирхууллаа. Мөн цаашид XX зууны бүтээлүүдээс тоглоно.
- XX зууны бүтээлүүдийн онцлог ямар байдаг бэ?
- XX зуунд урлагт том тэсрэлт болсон үе гэж үздэг. Үүнээс хойш дэлхий дахины айдас хүйтсээс ангижирч энх тайвныг хүсэж мөрөөдсөн урлагийг бүтээдэг болсон. Мөн хүмүүсийн сэтгэлгээний мөрөөдлийг гаргадаг болсон зэрэг олон онцгой тэсрэлттэй үе байснаар их онцлог уран бүтээлүүд төрсөн байдаг юм.
-
2017 оны 1 сарын 29
Эрээнцавын яруу найрагч Д.Нямсүрэнгийн мэндэлсэний 70 жилийн ойд зориулсан ”Болор цом” наадам өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотноо болж байна.
Наадмын эхний шатанд 170 гаруй найрагч бүтээлээ ирүүлснээс дараах найрагчид тэнцэж үлдсэн.
”БОЛОР ЦОМ-34” наадмын эхний шатанд тэнцсэн найрагчид:
-
2017 оны 1 сарын 28
1. Хүүхдүүдээ хангалттай хэмжээнд унтаж амарч чадаж байгааг эсэхийг нь хянаарай.
Жил бүр зохион байгуулагддаг Associated Professional Sleep Societies (APSS)-ийн уулзалтанд дээр 2010 онд хийгдсэн нэгэн судалгааны үр дүнд танилцуулжээ. Уг судалгаагаар өдөрт хамгийн багадаа 11 цаг унтдаг сургуулийн өмнөх насны хүүхдүүд оюуны хөгжлийг шалгах тестэд хамгийн өндөр оноонуудыг авсан байна.
·Английн National Sleep Foundation-ээс тогтмол хангалттай хэмжээнд унтаж амрах нь тархины хөгжилд эерэгээр нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг
·АНУ-ын Bradley эмнэлэгийн хронобиологийн судалгааны захирал , Brown их сургуулийн сэтгэл судлал-сэтгэцийн тэнхимийн профессор Mary Carskadon “ унтах үед тархинд тархины өсөлт хөгжилд нөлөөтэй чухал шинэ циклүүд явагддаг учраас хангалттай унтаж амрах нь маш чухал” гэж тэмдэглэжээ.
2. Тогтмол дасгал хийлгэ.
Дасгал хөдөлгөөн нь тархины хоол гэж хэлж болох бөгөөд тархины үйл ажиллагаа, ялангуяа ой тогтоолт, бодох сэтгэх үйлд нэн сайн нөлөөтэй. Дасгал хөдөлгөөн гэдэг бол цусны эргэлтийг сайжруулдаг, улмаар биеээр эргэлдэх цусны хэмжээг ихэсгэж, чухал эд эрхтэнүүдэд хүрэх цусны хэмжээ ихэснэ. Цусан хангамж сайжрана гэдэг нь хүчилтөрөгчийн хангамж ихэснэ гэсэн үг, тиймээс тархины эд эсийн түвшинд тэжээл сайжирч, тархиний эсийн үйл сайжирна. Түүнчлэн дасгал хийх явцад тархины эдүүдэд нейротрофик фактор (BDNF) болох өвөрмөц уураг ялгардаг. Энэхүү уураг нь тархины эсүүдийн өсөлт, хоорондын харилцан хамаарал, холбоог идэвхижүүлж өгдөг.
3. Бэлэн хүнс хүнсний бүтээгдэхүүнээс татгалз
·Английн нэгэн судалгаагаар бага насны хүүхдүүд бэлэн хүнсний бүтээгдэхүүн ихээр идэх нь тэдний IQ-г бууруулж байгааг тогтоожээ.
-Английн томоохон их сургуулиудын нэг болоах Bristol их сургуулийн судлаач, судалгааны удирдагч Kate Northstone амид дэм, ш,им тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн нь хүүхдийн IQ-д мэдэгдэхүйц хэмжээний нөлөөг үзүүлж байгааг цохон тэмдэглэсэн
4. Тэдэнтэйгээ ойр дотно байх.
Канадын Монтрейл их сургуулийн судалгаагаар хүүхдийн сурах чадвар нь аав ээжтэйгээ хэр ойр дотно байсантай холбоотой байгааг тогтоожээ. Эрдэмтэд хүүхдийг тэвэрч, хамт тоглож, ойр дотно байх нь тэдний биед окситоцин хэмээн бодис ялгаралтыг ихэсгэнэ. Энэхүү дааврын үйлдэл маш өргөн хүрээтэй бөгөөд тэдний нэг нь хүүхдийн сурах чадварыг нэмэгдүүлдэг байна. Мөн окситоцин нь хүүхдийн оюуны хөгжил, шийдвэр гаргах чадвар, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг болох нь батлагдсан.
5. Хүүхдүүдээ бичгийн хэвээ сайжруулахад нь тусал, дэмж.
Хүүхдийнхээ бичих чадварыг сайжруулах нь таны хувьд цагийг дэмий үрж байгаа хэрэг биш юм. Бичих явцад хүүхэд булчингийн үйлээ хянаж, бичиж буй зүйлийнхээ талаар бодож сэтгэж байдаг учраас бичгийн дадлага сайн хийх нь хүүхдийн тархи, оюуны хөгжил, танин мэдэхүйг сайжруулна.
6. Тэдэнд компьютер болон видео тоглоом тоглохыг нь зөвшөөр
Тиймээ. Та яг зөв уншсан. Магадгүй та нэлээд гайхаж байгаа байх. Бодох, сэтгэх, төлөвлөх шинж чанартай тоглоомын төрлүүд нь хүүхдэд тархины нэгэн төрлийн дасгал болно. Гэхдээ мэдээж хэрэг тэдэнд тоглох тодорхой цагийн хуваарь гаргаж, түүнийгээ дагаж мөрдөх нь чухал. Компьютер, видео тоглоом нь гар болон нүдний хоорондын хамтын үйл ажиллагаа, хурдан ойлгох, хурдан сэтгэх, болон нүдний баримжааг сайжруулдаг.
7. Хүүхдүүдтэйгээ хамтдаа тогло.
Хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөх нь тэдэнд зугаатай байхаас гадна, тэдний тархины хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Судлаачдын хэлснээр та хүүхдээ ухаантай болгохын тулд үнэтэй тоглоом худалдан авч эсвэл чадвартай багш нарыг хөлслөх шаардлагагүй. Хамгийн гол нь та хүүхдүүдтэйгээ л хамт тоглох. Судалгаагаар аав ээжтэйгээ хамт тоглодог байсан сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурлагын ерөнхий түвшин бусад хүүхдүүдийнхээс харьцангуй өндөр байсан байна.
8. Ном, сэтгүүл, үлгэр уншиж өгөх
Та аль болох бага наснаас нь хүүхэддээ ном, сэтгүүл, үлгэр уншиж өгөх нь тэдний үгийн баялаг, ерөнхий мэдлэг, ярих чадвар, аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгч, шалтгааныг илрүүлэх чадварыг хөгжүүлдэг.
-
2017 оны 1 сарын 28
Улсын Филармонийн Морин хуурын чуулгынхан Цагаан сарын баярыг угтаж, ”Торгоны хээ” ардын дууны тоглолт зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Тэгвэл энэ удаагийн тоглолт ирэх сарын 17-нд болох бөгөөд “Үхэрт хүйтэн хоёр”, “Гарын арван хуруу”, “Гоож Нанаа”, “Лоолой” зэрэг монгол ардын дуунаас эгшиглүүлэх тоглолтын удирдаачаар Д.Түвшинсайхан ажиллана.
Тоглолтонд уртын дуучин Б.Мөнхбаатар, “Шуранхай хамтлагийн Б.Номин-Эрдэнэ нар оролцох аж.
-
2017 оны 1 сарын 28
өмсний хучмал (4 хүний порц)
Орц:
- Машиндсан мах-500гр
- Төмс-800гр
- Өндөг-4ш
- Гурил- 3 а/х
- Сонгино-1ш
- Ногоон сонгино-бага зэрэг
- Лууван -бага зэрэг
- Масло-1 а/х
- Сүү-50гр
- Хар перец
- Давс
-
2017 оны 1 сарын 28
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиодог яруу найргийн ”Болор цом” наадам өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотноо болно. Энэ удаагийн наадам Эрээнцавын яруу найрагч Д.Нямсүрэнгийн мэндэлсэний 70 жилийн ойд зориулсан гэдгээрээ онцлог юм.
Наадмын эхний шатанд 170 гаруй найрагч бүтээлээ ирүүлснээс дараах найрагчид тэнцэж үлдсэн байна.
”БОЛОР ЦОМ-34” наадмын эхний шатанд тэнцсэн найрагчид:
1. Б.Алтанхуяг
2. А.Амгаланбаатар
3. Дү.Батжаргал
4. Б.Батсайхан
5. Ж.Батцэцэг
6. Б.Баттулга
7. Я.Баяраа
8. Б.Буянбадрах
9. У.Баярсайхан
10. Д.Гансүрэн
11. Ц.Жамбалгарав
12. Н.Минжинсайхан
13. Н.Мөнхбаяр
14. Г.Мөнхбаатар
15. Ц.Мөнх-Очир
16. С.Начин
17. Х.Нямхишиг
18. Л.Торой
19. Б.Төгсжаргал
20. Ай.Төмөр-Очир
21. М.Уянсүх
22. Ч.Ууганбаяр
23. Ө.Үлэмжтөгс
24. Б.Цогбадрах
25. Д.Цогбадрах
26. О.Цэнд-Аюуш
27. О.Элбэгтөгс
28. Б.Энхжаргал
29. А.Эрдэнэ-Очир
30. Д.Эргэнэзулай