Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага /ЮНЕСКО/-д Монгол Улс элссэний 55 жилийн ойг тохиолдуулан уран зураг сонирхогч хүүхэд багачуудын дунд “Соёлын өв бидний бахархал” сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа.
Соёлын болон соёлын биет бус өвийг хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвүүдийг сурталчлах зорилгоор уралдааныг 8-10 нас, 10-13 нас,13-16 насны ангиллаар зохион байгуулах юм.
ЮНЕСКО-д бүртгэгдсэн дараах Соёлын биет бус өв Монгол наадам, Шагайн харваа, Монгол тууль, Монгол уран бичлэг, Ботго авахуулах зан үйл, Монгол ардын уртын дуу, Монгол ардын бий биелгээ бүжиг, Монгол үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу шувуучлахуй, Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа зэргийг бүтээлдээ тусгасан байх шаардлагатай.
Бүтээлүүдээс эхний гурав болон тусгай байр тус бүр гурван оролцогч шалгаруулан өргөмжлөл, бэлэг дурсгал, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм. Шалгарсан бүтээлүүдийг ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын өвийг сурталчлах ном товхимолд хэвлэн нийтлүүлэх аж.
Уралдааны бүтээлийг ирэх сарын 01-нээс гуравдугаар сарын 20-ныг хүртэл НҮБ-ын байранд хүлээн авна.